Манай улс өнгөрсөн аравдугаар сарын 21-27-нд 7005 автомашин, 1649 чингэлэг гээд нийт 971.3 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас мэдээлэв. Тэгвэл энэ он гарснаас хойш нийт 22.5 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2021 оныхтой харьцуулахад 65 хувиар илүү дүн болжээ. Мөн 1.18 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх жилийнхээс дөрвөн хувиар нэмэгдсэн дүн аж. Харин 3.82 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 2021 оныхоос 40 хувиар багассан гэсэн үг. Төвбанк энэ оны эхнээс өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 16.89 тонн алт худалдан авсан байна. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 125.3, зэсийн баяжмалынх 98, алтных 84.5, газрын тосных 49, цайрынх 118, хайлуур жоншных 43.6 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн Б.Сонор