Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн (ГТБҮ) Анхдагч технологийн болон дагалдах байгууламж, мөн Цахилгаан станцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын (EPC 2 ба 3) гэрээ байгуулсныг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажилд хуваан хэрэгжүүлж буй. EPC 1 багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид ажилтнуудад зориулсан есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган шоо метр багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си прожектс Индиа” компани 2021 оноос эхлүүлсэн. Уг ажлыг ирэх оны дунд үед гүйцэтгэж дуусах аж. Тэгвэл EPC 2 багц буюу Анхдагч процессын болон дагалдах байгууламжид атмосферийн болон вакум нэрлэгийн, хий ялгах байгууламж, түүхий тос, завсрын, эцсийн бүтээгдэхүүний агуулах 42 сав, резервуар, төмөр, авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжийн нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил багтаж буй. EPC 3 багц ажлын хүрээнд 35 МВт-ын хүчин чадалтай, уурын хоёр турбин бүхий цахилгаан станцын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэх юм.
EPC 2, 3 багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерүүдийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Энэтхэгийн талтай хамтран зохион байгуулсан. Тендерт хамгийн бага дүнтэй үнийн санал ирүүлсэн, Энэтхэгийн “Megha engineering & infrastructure” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилгын угсралтын гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу гэрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Megha engineering & infrastructure” компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гарын үсэг зурав. “Megha engineer¬ing & infrastructure” нь EPC 2, 3 багц ажлыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтыг дуусгах үүрэг хүлээжээ. Тус компани нь дэлхийн 20 гаруй оронд салбартай, дэд бүтэц, газрын тос, байгалийн хий, эрчим хүч, ус хангамж, дамжуулах хоолойн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг, хэд хэдэн улсад тоног төхөөрөмжийн үйлдвэртэй, 30 гаруй жилийн туршлагатай гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор