Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 3.8 орчим хувьд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Тэгвэл уг хэсгээс олборлосон бүтээгдэхүүний борлуулалт болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны татвар, хураамжаас төсвийн орлогынхоо дийлэнхийг бүрдүүлж, эдийн засгаа дэмждэг. Өөрөөр хэлбэл, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, хөгжиж буй улс. Энэ ч утгаараа эл салбараа хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тухайн орон нутгийнхан төдийгүй нийт иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэйгээр салбарыг хөгжүүлэх талаар санаа тавьж, талууд зөвшилцөн, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх зорилгоор “Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн даваа гаргаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюутолгой” компани хамтран эхлүүлснийг бид мэдээлсэн. Эл арга хэмжээний гурав дахь өдөр буюу өчигдөр “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” гэсэн үндсэн дөрвөн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Манай улсын голлох ашигт малтмалын ил аргаар олборлох хэмжээ нь багасан, далд уурхай хэлбэрээр ашиглах шаардлага үүссэнийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Далд уурхайн симпозиум” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дурдав. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс, Төмөртэйн ордын төмрийг гүнээс олборлох юм байна. Үүний хүрээнд шаардлагатай ажлуудыг хийж байгаа бөгөөд далд уурхай ашиглах сайн жишгийг “Оюутолгой” компани нэвтрүүлсэн нь үлгэр болж буйг тэрбээр онцоллоо. Түүнчлэн Монголын далд уурхайн холбоог байгуулж, мэргэжилтнүүд туршлагаа солилцон, хамтран ажиллаж байгаа гэнэ.
Гүний уурхай ашиглах дэлхийн стандартыг нэвтрүүлж, жишиг болж буй компани бол мэдээж “Оюутолгой”. Үүнтэй холбоотойгоор “Оюутолгой”: Дэлхийд өрсөлдөх гүний уурхайг цогцлоох нь” илтгэлийг тус компанийн техник болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр тавьсан. Тэрбээр “Оюутолгойн гүний уурхайн олборлолт хэвийн үргэлжилж буй. Зарим ажлаа төлөвлөснөөс хурдан гүйцэтгэж байгаа. Тухайлбал, хүдэр буулгах тэсэлгээний ажил тун ахицтай явж байна. Бид ийнхүү ахиц дэвшилтэйгээр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг өндөр түвшинд ханган ажиллахад “Рио тинто” группийн туршлага, мэргэжилтнүүдийнх нь мэдлэг чадвар тус болж буйг дурдах нь зүйтэй. “Рио тинто” бол гүний уурхай ашиглах чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тиймээс бид “Оюутолгой” дэлхийд өрсөлдөх гүний уурхайг цогцлооно гэж итгэлтэй хэлж байгаа хэрэг” хэмээсэн юм. Тэгвэл “Рио тинто”-гийн Техникийн группийн захирал Крейг Стегман “Оюутолгой” компанид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж байгаа. Бид сүүлийн 25 жил блокчлон олборлох технологийг амжилттай хөгжүүлж, үүнийгээ Оюутолгойн гүний уурхайн хүдэр олборлоход ашиглаж буйгаа дурдахад таатай байна” гэв.
“Далд уурхайн симпозиум” зохион байгуулсан нь цаашид уул уурхайн чиглэлээр олон улсын томоохон хурлыг Монголд хийх нэг алхам боллоо хэмээн Индонезийн Грасбергийн зэсийн уурхайн туршлагын талаар илтгэл танилцуулсан “Припорт МакМоран” компанийн Инженерийн газрын менежер Дэвид Шо дурдав. “Грасберг” нь “Рио тинто” болон Индонезийн Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл бөгөөд зэс, алт, мөнгөний дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх ордод түшиглэн үйл ажиллагаа явуулдаг юм. Далд уурхай ашиглахад эрсдэл учрах магадлал хэзээд байдаг агаад үйл ажиллагаагаа уян хатан явуулж, шаардлагатай тохиолдолд олборлолтын төлөвлөгөөгөө өөрчлөх хувилбар боловсруулж, эн тэргүүнд аюулгүй ажиллагааг чухалчлан, аажим бөгөөд зогсолтгүй ажиллах хэрэгтэйг дээрх симпозиумд оролцогчид онцолж байлаа. Үүнээс гадна “Оюутолгой” компанийн санхүүжилтээр ШУТИС-д уул уурхайн геотехнологийн лаборатори байгуулж буй гэнэ. Уг лабораторид шаардлагатай, дэлхийн стандартад нийцсэн 60 гаруй тоног төхөөрөмжийг суурилуулах ажил дуусаж буй бөгөөд ирэх сард нээх нь. Ингэснээр тус сургуулийн, ялангуяа уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнууд, багш нарын судалгаа, шинжилгээний ажлын чанар сайжирч, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын лабораторитой ижил тэгш орчинд ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой.
ЗУРГААН ТӨРЛИЙН ЭРДСИЙГ ҮҮСМЭЛ ОРДООС АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
Үүсмэл орд гэдгийг энгийнээр хэлбэл ашигт малтмалыг нь авсан, хаягдал шороо, чулуулгийн овоолго, хөрсийг дахин боловсруулж, бүтээгдэхүүн олборлох гэж болох юм. Манай орны хувьд алт, хүдэр, зэс, молибден, гянтболд, төмөр, цагаан тугалга, түгээмэл тархацтай ашигт малтмал зэрэг зургаан төрлийн эрдсийг үүсмэл ордоос олборлох боломжтой аж. Үүсмэл ордоос ашигт малтмал олборлон, бүтээгдэхүүн болгон экспортолж буй компанийн нэг нь “Ачит ихт” юм. Тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн “ядуу” агуулгатай хүдрийн холимог овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Лондоны металлын биржийн А зэрэглэлийн 99.9 хувийн сорьцтой цэвэр катодын зэс үйлдвэрлэдгээрээ онцлогтой. 2021 оны байдлаар боловсруулах үйлдвэрийн бүтээмж нь манай улсын ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн экспортын голлох түүхий эдийн нэг катодын зэсийн 80 гаруй хувийг “Ачит ихт” нийлүүлснийг “Үүсмэл ордын ашиглалт” илтгэл, хэлэлцүүлгийн үеэр тус компанийн Катодын Зэсийн үйлдвэрийн судалгаа, шинжилгээний албаны дарга П.Очирбат танилцууллаа.
Одоогоор манайд үүсмэл ордод хайгуул хийх зөвшөөрлийг 20 компани эзэмшиж буй аж. Цаашид ашиглалтын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд “ядуу” хүдэр, бага агуулгатай борт, баяжуулалтын хаягдал зэргээ хөрсөнд булж, үүсмэл орд үүсэх боломжийг хязгаарлахгүй байх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нөхөрлөлүүд нь үүсмэл ордуудыг дур мэдэн эзэмшин, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Түүнчлэн уг ордыг ашиглахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэйг ч “Ачит ихт” компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг хэлэв. Тэрбээр “Ямар ч уурхайд заавал хаягдал гардаг бөгөөд овоолго, эсвэл цөөрөм хэлбэртэй байна. Түүнд нь үнэт металл агуулагдаж болно. Гол нь тэр нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, технологийн хувьд ашиглаж болох уу гэдэг нь чухал. Дэвшилтэт технологи ашиглан, уурхайн хаягдлыг боловсруулж, орлого олж болно гэж дүгнэвэл зөвшөөрөл олгодог хууль, эрх зүйн зохицуулалт олон улсад бий. Манайх ч эл жишгийг даган, үүсмэл ордын ашиглалт, өгөөжийг сайжруулахад санаа тавьж буй нь олзуурхууштай. Гэхдээ асуудал их байна. Тиймээс хуулийн хүрээнд бүх зүйлийг тодорхой болох хэрэгтэй” гэсэн юм.
“Аж үйлдвэржилт” сэдэвт хэлэлцүүлэгт “Нүүрс, эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөө” илтгэлийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол, дээрх компани энэ жил ДНБ-ий зургаан хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн борлуулсан бол 2025 онд эл дүнг 16-д хүргэнэ гэв. Түүнчлэн ирэх гурван жилд ажлын байрны тоогоо 10 000-аас давуулж энэ оныхоос хоёр дахин өсгөхийн зэрэгцээ 1072 ширхэг хувьцааны нэг нэгжид ногдох ашгийг 680 000 (өдгөө 86 000) төгрөгт хүргэх боломжтой талаарх бизнес төлөвлөгөөг танилцуулсан.
Ташрамд дурдахад, уул уурхайн салбарын ашиглалт, олборлолт нь нөхөн сэргээлттэй салшгүй уялдаж байдаг. Аливаа уурхайг ашиглахын хэрээр нөхөн сэргээлтийг тогтмол хийн, байгаль орчны нөхцөлийг доройтуулахгүй байх үүрэг төр, хувийн хэвшлийнхэнд бий. Нөхөн сэргээлтийн ажлын явц, тоон мэдээллийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад “Одоогоос гурав орчим жилийн өмнө улсын хэмжээнд 30 000 га талбай сүйдсэн гэсэн дүн гарсан. Үүнээс 2020-2024 онд Засгийн газраас 8000 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөсөн юм. Одоогоор 4000 га орчмыг нь нөхөн сэргээн, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Уул уурхайн чиглэлийн компаниудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ирэх сард салбарын яамнаас шалган, нэгдсэн мэдээлэл танилцуулна. Нөхөн сэргээлтээ чанартай хийдэг, үүрэг амлалтаа цаг тухайд нь сайн биелүүлдэг компанийн тоонд “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэргийг нэрлэж болно. Нэг үеийг бодвол аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн ажлаа чанаржуулж, ашигласан хөрс, талбайгаа сайн арчилдаг болсон” гэв.