Монголбанк өнгөрсөн сарын 30-нд эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ХААН, “Хас”, “Богд”, “Капитрон”, Төрийн болон Тээвэр, хөгжлийн банканд олгосноо мэдэгдлээ. Тус санхүүжилтийг Монголбанкны ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 25-нд гаргасан тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт эрхлэгч аж ахуйн нэгжийн төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр олгоход зориулах гэнэ. Төвбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн есдүгээр сард уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор хоёр жилийн хугацаатай репо арилжааг зарлах шийдвэр гаргасан. Улмаар энэ улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр шалгуур хангаж буй жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт эрхлэгч аж ахуйн нэгж харилцагч банкандаа хүсэлт гарган, жилийн 10.5 хувиас ихгүй хүүтэй зээл авах, өмнөх зээлээ дахин санхүүжүүлэх, үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаанд чөлөөлүүлэх боломж бүрджээ.