“Ард даатгал” компанийн хөрөнгө оруулагчдын багцад өнгөрсөн долоо хоногт анхаарал татахуйц өөрчлөлт гарчээ. Тодруулбал, тус компанийн нэр нь тодорхой бус байдаг том хөрөнгө оруулагч буюу хувьцааны таваас дээш хувийг эзэмшигч үнэт цаасаа биржийн бусаар арилжсан бололтой. Ингэснээр “Ард даатгал” компанийн үнэт цаасны 66.62 хувийг эзэмшдэг “Ард санхүүгийн нэгдэл”, 5.77 хувийг эзэмшдэг “БиДиСек” нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр үлдэж байна. Ингэснээр эл компанийн хувьцааны таваас бага хувийг эзэмшигчдийн хувь хэмжээ 28.75 болж өссөн бол хөрөнгө оруулагчдын тоо 1925-д хүрсэн аж. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн охин компаниудынхаа хувьцааг хооронд нь шилжүүлж, өндөр дүнтэй арилжигддаг болгон харагдуулдаг гэж шүүмжилдэг.
“Ард санхүүгийн нэгдэл” компанийнхан бонд гарган нээлттэй хэлбэрээр арилжин, зах зээлээс хөрөнгө татахаар төлөвлөжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хаалттай хүрээнд гаргасан бондынхоо өрийг төлнө гэж мэдэгдсэнийг эх сурвалж дуулгав.