Г.Амартүвшин мэдэгдэл гаргалаа. Тэрбээр "Ганибалын Амартүвшин миний бие Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 29-р тойрог буюу Нийслэлийн Хан-Уул Дүүрэгт МОНГОЛ АРДЫН НАМ-аас нэр дэвшиж байгаа билээ.
Сонгуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчдыг төөрөгдүүлэх, Г.Амартүвшин миний нэр хүндийг гутаах зорилгоор намайг гадаадын иргэн, Нидерланд улсын иргэн гэх худал, мэдээ мэдээллийг сонгууль оролцож байгаа нам, эсвэл, нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид, хамт ажиллаж байсан нэр бүхий иргэнээс зохион байгуулалттайгаар, тодорхой зорилготойгоор тараасаар байна. Тухай бүрд Г.Амартүвшин миний бие төрийн эрх бүхий байгууллагуудад хандаж, баримттай няцаалт хийсээр байгаа ч дээрх этгээдүүд гүтгэх, хар пи ар хийх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
2020 оны 6-р сарын 24-ний өдөр буюу сонгуулийн санал авах өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэртэй, гарын үсэг байхгүй, хуурамч тамга, тэмдэг бүхий Г.Амартүвшин намайг Монгол Улсын харьяатаас хасах утга бүхий зарлигийг хуурамчаар хийж, хэвлэл мэдээлэл, цахим орчинд тарааж байгаа нь Хан-Уул Дүүргийн иргэд, сонгогчдыг төөрөгдүүлэх, сонгох эрхээ эдлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа, худал гүтгэлэг юм.
Ганибалын Амартүвшин миний бие Монгол Улсынхаа иргэншлээс хэзээ ч татгалзаж, гарч байгаагүй, дээрх Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр бүхий зарлиг нь хуурамч, худал гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сонгуулийн санал авах үйл ажиллагаа, иргэдийн сонгох эрхэнд халдах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар хийж, гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцуулахаар Тагнуулын Ерөнхий Газар, Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хандсан болно.
Хуулийн байгууллага зохион байгуулалттай гүтгэлэг тараасан этгээдүүдийг илрүүлэн хариуцлага хүлээлгэж, дээрх гүтгэлгүүд няцаагдах нь цаг хугацааны асуудал учир иргэд, сонгогчид та бүхэн худал гүтгэлэгт авталгүй сонгох эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж байна. ХҮНДЭТГЭСЭН Г.АМАРТҮВШИН" гэсэн байна.