Үүсгэн байгуулсных нь 60 жилийн ой ирэх есдүгээр сард тохиох ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) 2020 он гарснаас хойш хүнд нөхцөлтэй тулгарсаар байна. Тус байгууллагын томоохон экспортлогч Саудын Араб болон ОХУ-ын хооронд “үнийн дайн” өрнөж, намжсан. Гэхдээ тэд нэг нэгэндээ “бууж өгөхийг” хүсэхгүй хэвээр байгаа гэхэд болно. ОХУ өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээр Саудын Арабыг давсан үзүүлэлт гарсныг өчигдөр танилцуулсан учраас ийн хэлсэн хэрэг. Тодруулбал, хойд хөрш энэ хугацаанд 7.2 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өдөрт 1.75 сая баррельтай тэнцсэн гэсэн үг. Өмнөх жилийн дөрөвдүгээр сард дээрх тоо 1.49 сая байсантай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм. Тэгвэл өнгөрсөн сард Саудын Араб өмнөд хөршид өдөрт 1.26 сая баррелийг нийлүүлсэн нь 2019 оны мөн үед 1.53 сая байснаас буурсан дүн болжээ. Ташрамд дурдахад, БНХАУ өнгөрсөн сард өдөрт 9.84 сая баррель түүхий тос импортолсон нь гуравдугаар сард дээрх дүн 9.68 сая байснаас илүү юм. Харин өмнөх жилд дээрх тоо 10.64 сая баррель байсантай харьцуулахад багассан аж. “Refinitiv” компанийнхны тооцож буйгаар БНХАУ-ын импорт энэ сард түүхэн дээд хэмжээ буюу өдөрт 12.7 сая баррельд хүрсэн үзүүлэлт гарч магадгүй гэнэ.
“Ковид-19”-өөс шалтгаалж бөмбөрцгийн “хар алт”-ны хэрэглээ 30 гаруй хувиар багассан. Тэгвэл улс орнууд цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлсэн хориг арга хэмжээгээ аажмаар сулруулж байгаагаас шалтгаалж газрын тосны хэрэглээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд буй. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Эрэлттэй холбоотойгоор дэлхийн газрын тосны эрэлт, нийлүүлэлт ирэх зургаа, эсвэл долдугаар сараас тогтворжино. Одоогоор газрын тосны илүүдэл өдөрт 7-12 сая баррельд хүрч байгаа” гэж ярьжээ. Мөн тэрбээр “ОПЕК болон бусад үйлдвэрлэгч орон нийлүүлэлтээ өдөрт 14-15 сая баррелиар бууруулсан” хэмээн дурдсаныг “Reuters” дамжуулав. Эргэн сануулахад, дээрх байгууллага, ОХУ тэргүүтэй бусад голлох үйлдвэрлэгч гарцаа өдөрт бараг 10 сая баррелиар (нийт үйлдвэрлэлийн 10 орчим хувьтай тэнцэнэ) бууруулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тухайн үед тэд АНУ, Канад, Норвег зэрэг улсыг үйлдвэрлэлээ багасгана хэмээн найдаж буйгаа илэрхийлж байв. Хойд хөршийн Эрчим хүчний сайд “ОПЕК-ийн гишүүн бус орнууд гарцаа өдөрт 3.5-4 сая баррелиар бууруулсан” гэж нэгэн уулзалтын үеэр дурдсаныг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж тэмдэглэсэн хэмээн RIA агентлаг мэдээлээд, тус улсын газрын тосны нийлүүлэлт энэ болон ирэх сард өдөрт 8.5 сая баррельд хүрэх төлөвтэйг дурдав.
Александр Новак улсынхаа олборлолтын хэмжээний талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Дээр дурдсанчлан тэрбээр ирэх саруудад эрэлт, нийлүүлэлт тогтворжино хэмээн өөдрөгөөр харж буй бол Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бирол “Коронавирусээс шалтгаалж газрын тосны хэрэглээ өмнөх шигээ хэмжээнд хүрэх болоогүй. Дэлхийн газрын тосны хэрэглээ энэ онд өдөрт 91 орчим сая баррель болж буурч магадгүй” гэжээ. Гэхдээ “Bloomberg”-т ярилцлага өгөх үеэрээ тэрбээр “Хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа нь газрын тосны хэрэглээнд нөлөөлөх нь тодорхой. Гэвч тэд аялахдаа нийтийн тээврээр бус өөрсдийн машинаар зорчихыг илүүд үзэх болов уу. Нөгөөтээгүүр, үйлдвэрээс бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд том оврын автомашинаар тээвэрлэн хүргэнэ шүү дээ” хэмээн өгүүлжээ. Тус агентлагаас өмнөх онд гаргасан тайланд “Дараагийн 20 жилд цахилгаан автомашины худалдаа нэмэгдэнэ. Өдөрт ийм дөрөв орчим сая автомашин борлуулах магадлалтай” гэж байв. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн худалдан авах чадвар цахилгаан автомашины эрэлт буурахад нөлөөлж болзошгүй аж.
Цар тахал тархсанд АНУ урд хөршийг буруутгаж буйгаас үүдэн худалдааны маргаан улам даамжирч болзошгүй нь уг таваарын ханшид сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн зарим шинжээч онцолж буйг энд тэмдэглэх хэрэгтэй. АНУ, БНХАУ нь газрын тосны хамгийн том хэрэглэгч билээ. ОПЕК-ийн дараагийн уулзалт ирэх сарын эхээр болох бөгөөд “хар алт”-ны үнийг өсгөхөөр ямар алхам хийх нь зах зээлд оролцогчдын анхаарлыг татаж буй. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ-ын харилцаа, ОПЕК-ийн шийдвэр, улс орнуудын үйлдвэрлэл хэр хурдан сэргэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөхөөр буй тул газрын тосны ханш хэрхэхийг төсөөлөхөд бэрхшээлтэйг эдийн засагчид онцолж байна.
Бэлтгэсэн: Ц.Ундрал