Баялгийн хараал баллах нь ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ өндөр настны тэтгэврийн зээлийг Салхитын мөнгөний ордоос олох орлогоор тэглэнэ гэж мэдэгдсэн нь 2020 оны эхний өдрүүдийн хамгийн их анхаарал татсан, маргаж мэтгэлцсэн сэдэв болж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинэ жилийн өмнө ийм шийдвэр гаргасан гэсэн. ҮАБЗ нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлдэг ч юм уу, үгүй юм үү, бүү мэд. Ингэж “жижгэрдэггүй” баймаар сан.
Эл шийдвэр нь баялгийн хараалын сонгодог жишээ. Салхитын мөнгөний орд байгаагүй бол улстөрчид ингэж оодорч чадахгүй. Байгаа тулдаа тэд тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж том ярьж буй юм.
Тэтгэврийн зээлийг тэглэх нь хэнд ашигтай вэ. Зээлтэй ахмадуудад ашигтай нь маргаангүй. Тэд өрийн дарамтаас гарна. Ээж, ааваараа зээл авхуулж, машин худалдаж авсан эрх хүүхэд, залхуу залуучуудад мөн ашигтай. Гэхдээ монгол хүн бүрийн ирээдүйд ямар ч ашиггүй. Энэ шийдвэр ажлын байр шинээр бий болгохгүй. Монголын эдийн засагт сохор зоосны ч нэмүү өртөг шингээхгүй. Бэлэнчлэх сэтгэлгээ, үр ашиггүй хэрэглээг дэвэргээд л өнгөрнө.
Тэтгэврийн зээлийг тэглэх нь эрх барьж буй улс төрийн хүчин, дахин сонгогдох хэтийн мөрөөдөлтэй Ерөнхийлөгчид л тустай. УИХ-ын ээлжит сонгууль зургаан сарын дараа болно. Эрх баригчид сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Бид тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ард олныхоо нуруунаас ачааг нь хөнгөлсөн” гэж цээж дэлдэн ярих нь тодорхой биз. Тэдэнд чамгүй оноо ч авчрах байх. “Засгийн газрын туйлын зорилго улсаа хөгжүүлэх байдаггүй. Харин дахин сонгогдоход л байдаг” гэсэн үг бий. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь энэ үгийн тайлал юм. Эдийн засгийн хувьд асар урхагтай шийдвэр гэдгийг улстөрчид мэдэж байгаа. Гэвч тэдний эхний зорилго нь эдийн засгаа хөгжүүлэх биш билээ. Дахин сонгогдоход нь тэдэнд бодит байдал биш, популист санаачилга туслах нь дамжиггүй.
ҮАБЗ-ийг бүрдүүлдэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэтгэврийн зээлийг тэглэх талаар элдэв тайлбар хийгээгүй байна. Харин нэг гишүүн нь болох УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийлээ. Тэрбээр “Эрдэнэт, Дархан хот, 18 аймгийн төвийг бүтээн босгосон ахмадуудад ач санаж байна”, “Авлигачид улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Ийм байхад яагаад ахмадуудад 776 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж болдоггүй юм”, “Энэ бол байгалийн баялгаа ашиглаж зорилтот бүлгээ ядуурлаас гаргах оновчтой санаачилга”, “Тэтгэврийн зээл тэглэх бонд гаргахад хамгийн муугаар бодоход инфляц нэг хувиар өсөж магадгүй” гэх мэт тайлбар хийжээ. Авлигачидтай тэмцэхийн оронд тэдэнтэй харьцуулдаг нь юу ч билээ дээ. Тэтгэврийг нь тэглэчихээр ахмадууд ядуурлаас гарчих юм гэнэ. Өдгөө ахмадуудын олонх нь сард 350 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийг нь амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангаж чадахаар хэмжээнд хүргэж байж тэд ядуурлаас гарна. Нэг удаа зээлийг нь тэглээд тэдний амьдрал дээшлэхгүй. Хангалттай хэмжээний тэтгэвэр авах тогтолцоог нь бүрдүүлэхэд л улстөрчид бодлого боловсруулах ёстой баймаар.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилт босгохоор бодож олсон схемээ цухас дурджээ. Үүнийг илүү тодруулахыг хичээе. “Эрдэнэс Монгол” компанийн доор “Эрдэнэс силвер ресурс”-ийг байгуулсан. Уг компани Салхит болон Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байгуулсан аж ахуйн нэгж. Тэгэхээр “Эрдэнэс силвер ресурс” компани 776 тэрбум төгрөгийн бонд гаргах нь. Үүнд нь Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргана. Уг бондыг зургаан хувийн хүүтэй гаргах гэнэ. Бондыг тэтгэврийн зээл гаргасан арилжааны банкууд худалдаж авна. ХААН, Төрийн банк нийт тэтгэврийн зээлийн 90 гаруй хувийг олгодог. Тэгэхээр эдгээр банк “Эрдэнэс силвер ресурс”-ийн бондыг голлон эзэмших нь. Бондыг худалдаж авснаар банкууд тэтгэвэрт олгосон зээлээ тэглэнэ. Тэгээд тэтгэврийн зээлд олгосон мөнгөө “Эрдэнэс силвер ресурс” компаниас зургаан хувийн хүү тооцон эргүүлэн авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийн өрийг бонд руу хөрвүүлэх үйл явц өрнөх нь. Энэ бол Г.Занданшатар даргын ярьж буй санхүүжилтийн схем гэдгийг тодотгоё. Хөгжлийн банк үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх хуультай. Тэгэхээр зээлийн өрийг барагдуулахад баталгаа гаргах, эсэх нь эргэлзээтэй юм.
Яагаад 776 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байгаа юм бол гэж та гайхаж магад. Манай улсын 309 мянган өндөр настан тэтгэвэр авдаг. Тэдний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй. Ахмадуудын зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцэст 776 тэрбум төгрөгт хүрчээ. Тэтгэврийн зээл олгохыг Монголбанкнаас хориглосон учраас энэ тоо нэмэгдэхгүй. Тиймээс ийм хэмжээний бонд гаргахад өрийг нь барагдуулах боломжтой. Нэг иргэн дунджаар 3.3 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Тэгэхээр 233 мянган иргэн тус бүр дээрх хэмжээний “халамж” хүртэх нь. Яагаад бондын хүү зургаан хувь байна гэж тооцсон юм бол гэж сонирхож магадгүй. Арилжааны банкууд зээл олгоод дунджаар зургаан хувийн ашиг хүртдэг. Бондыг ийм хүүтэй гаргах гэж буй нь банкуудыг хохиролгүй үлдээх гэсэн санаа бололтой.
Салхитын мөнгөний ордын эдийн засгийн үр ашгийн тооцоог хийжээ. Нэг тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй энэ ордыг ашигласнаар 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох гэнэ. Үүнээс 1.1 их наяд төгрөгийн татварын өмнөх ашиг гарах аж. Татвараа төлөөд үлдсэн мөнгөөр нь тэтгэврийн зээлийг тэглэсэн бондын өрийг төлнө. Ашигт малтмалын ханш дэлхийн зах зээлд байнга хэлбэлздэг. Мөнгөний үнэ ирээдүйд хэрхэхийг өдгөө тааварлахад бэрх. Энэ бол хамгийн том эрсдэл. Дэлхийн зах зээлд мөнгөний үнэ унавал “Эрдэнэс силвер ресурс” компани бондын өрөө төлж чадахгүй. Иймээс банкууд бондыг худалдаж авахаас татгалзаж магадгүй юм. Үүнийг тооцоолсон дарга нар бонддоо Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах гэж байгаа бололтой. Баталгаа гаргасан тохиолдолд компани бондоо төлж чадахгүй бол Хөгжлийн банк хариуцна. Ингэвэл банкууд бондыг худалдаж авахаас татгалзахгүй болов уу. Эрх баригчид алаагүй баавгайн арьсыг ийн хуваагаад эхэлчихлээ. Баавгайгаа алж чадахгүй ч юм бил үү.
ҮАБЗ-өөс гаргасан эл шийдвэр 2012 оны сонгуулийн өмнөх үеийг эрхгүй санагдуулж байна. Тухайн үед эрх барьж байсан МАН “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйд олборлох нүүрсийг нь барьцаалан Хятадын “Чалко” компаниас 300 сая ам.долларын зээл авхуулж байв. Мөн Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөг зээлүүлсэн. Үүгээрээ ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тарааж байлаа. Энэ шийдвэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөгжлийг 10 жилээр хойш нь татсан. Хэрэв ийм шийдвэр гаргаагүй бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид аль хэдийн үр ашгийг нь хүртээд эхлэх байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Байгалийн баялагт дулдуйдан нийгмийн нэг хэсэгт тал зассан шийдвэр гаргах ийм урхагтай. Эрх мэдэлтэй байхын төлөө бүх иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах нь алсдаа нүүрлэх хамгийн том аюул.
Манай улсын хөгжлийг эдийн засгийн хийгээд нийгмийн дэд бүтэц сул байгаа нь гацаадаг гэж тулхтай судлаачид олон жил ярилаа. Тэтгэврийн зээлийг тэглэх буюу далд агуулгаараа мөнгө тараах шийдвэр гаргасан хүмүүс ч үүнийг хөндөн ярихыг олон удаа сонсож байв. Монгол Улс эрчим хүчний хямралд орсон. Хуучин цахилгаан станцуудаа өргөтгөх замаар хямралаа аргацааж буй. Мөнгө тарааж өөрсдийн карьераа өсгөх болохоор аргыг нь олоод байдаг. Тэгвэл эрчим хүчний томоохон цахилгаан станц барих талаар зоригтой шийдвэр яагаад гаргаж болдоггүй юм бэ. Бүх ард түмний хөгжил дэвшилд тустай, халаасанд нь нөлөөлөх ийм шийдвэрийг яагаад гаргаж чаддаггүй юм бол. Өндөр хүчин чадлын цахилгаан станц барих шийдвэр гаргавал жилд 2-3 сая тонн хүрэн нүүрс эдийн засгийн эргэлтэд орж, гадагшаа урсах валютыг багасгаж, нэмүү өртөг бий болгоно. Улаанбаатарын бяцхан үрсэд цэцэрлэг хүрэлцдэггүйн улмаас гэртээ түгжүүлж байгаа. Өрсөлдөх чадвартай, улс орноо өөд нь татах мэдлэг чадвартай иргэдийг бүтээх гэж буй бол бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэхийн оронд боловсролд хөрөнгө оруулж яагаад болдоггүй юм бэ. Ингэвэл баялгийн ерөөл болно.
УИХ-ын дарга хууль баталж, цаашид тэтгэврийн зээл олгохыг хориглоно гэж ярьжээ. Үүнийг дэмжих хэрэгтэй. Энэ бол ахмадуудыгаа нийгмийн баталгааг эрмэлзсэн шийдвэр яах аргагүй мөн. Бодит байдалд ахмадууд зээлсэн мөнгөө өөрсдөдөө зарцуулдаггүй нь тодорхой. Үр хүүхдүүдээ эрхлүүлээд өнгөрдгийг дээр дурдсан. Тэтгэврийн таван төгрөгөө өөрсдөө нааж байвал тэдэнд л хэрэгтэй. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхгүйгээр дахин олгохыг хориглох нь зөв байлаа. Баялагт дулдуйдан мөнгө тараах нь эдийн засгаа хорлосон хэрэг гэдгийг хэчнээн жил ярьж байгаа билээ. Даан ч бид амиа хоохойлохоос илүү шидгүй улстөрчидтэй. Иргэдийнхээ бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэж, эдийн засгаа хорлоод сайныг үзсэн улс нэг ч байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болно. Цалингийн зээл авсан хүмүүсийн өрийг тэглэнэ гэж баллах вий.