Өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчлан таниулах, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилготой “Шилмэл мал-2019” үзэсгэлэн, худалдааг Төв аймгийн Зуунмод хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол Улсад бие дааж баталгаажсан 50 үүлдэр, омгийн малыг үржүүлжээ. Үүний зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 10 гаруй цэвэр үүлдрийн малыг Монгол Улсад нутагшуулан үржүүлж буй гэнэ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэх бодлогыг салбарынхан баримталж байгаа аж. “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдааны агуулга, хэлбэр, хамрах хүрээ үүнд чиглэж, “Айрагны баяр”, “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа”, “Мал аж ахуйн тоног хэрэгсэл”, “Малын эм бэлдмэл” зэрэг салбар арга хэмжээ зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлээс шалгарсан, гойд ашиг шимт мал нутагшуулан үржүүлж буй иргэн, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг оролцуулж, олон нийтэд танилцуулсан юм.