“Ийм том алдаа гаргасан энэ залуу одоо яана даа. Амиа хорлохоос наагуур юм болно доо” гэж яс хавталзаж байлаа” хэмээн хөлбөмбөг талбайрлагч Э.Балжиннямыг дуу алдуулсан тамирчин бол Норжмоогийн Цэдэнбал юм. Өнгөрсөн долоо хоногт Монголд анх удаа болсон Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээний сүүлчийн тойрогт манай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Гуамын хөлбөмбөгчидтэй өрсөлдсөн. Тоглолтын 89 дэх минутад Н.Цэдэнбалын дамжуулалт эсрэг багийн довтлогч Д.Мэнпиолад очин, энэ алдааг нь гуам эр өршөөгөөгүй.
Тийм хүнд үед тэрбээр тэвдэж, сэтгэлээр уналгүй, дайчин өрсөлдсөөр тоглолт дуусахаас хэдхэн секундийн өмнө солгой хөлийнхөө ганган цохилтоор гоол оруулж, багаа аврахад нь Э.Балжинням тайлбарлагч тэгж дуу алдсан билээ. Э.Цэдэнбал тус тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан юм. “Улаанбаатар сити” клубийн ахлагч, хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр үндэсний шигшээ багт 2009 оноос хойш хүчин зүтгэж байна. Эх орныхоо төлөө 21 тоглолтод оролцон, хоёр гоол оруулсных нь нэг нь Монголын хөлбөмбөгчдийг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд хөтөлсөн юм. Солгой хөлийнхөө цохилтоор гайхагддаг түүнтэй ярилцлаа.
Н.Цэдэнбалд зориулан хөлбөмбөгийн нэгэн хорхойтон
“Солгой хөлийн хүчит цохилтоор
Сайхан ялалтуудад багаа хөтөлж
Жигүүр сольсон алсын дамжуулалтаараа
Жинтэй довтолгоог гялалзтал эхлүүлсэн
Цэдэнбалын цэцтэй цохилтыг
Цэнгэлдэх даяараа шагширч байсан
Хурсан олны омогших сэтгэлд
Хүндлэл бардамналыг мөнхөлж чадсан
Шилдгүүдийн эгнээнд данстай
Шигшээ багийн минь нэгэн бахархал” хэмээн шүлэглэсэн байдаг.
-Шигшээ багийнхныхаа хамт түүхэн амжилтын эзэн болж, шилдэг тамирчнаар шалгарсанд баяр хүргэе. Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-За, баярлалаа. Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Багаараа олон цаг бэлтгэл хийн, уйгагүй хөдөлмөрлөж, чамгүй зүйл золиосолсны үр дүнд энэ амжилтад хүрлээ. Түүхэн амжилтын эзэн болсон багийнхнаараа бахархаж байна. Бид тэмцээнд оролцохын тулд сарын өмнө цугларч, бэлтгэлээ нэг газарт байрлаж хийсэн.
-Манайхан ганц ч хожигдолгүйгээр дараагийн шатанд шалгарсан нь бахархахгүй байхын аргагүй амжилт. Ер нь ингэж тоглоно гэж төсөөлсөн үү?
-Хоёрдугаар шатанд оролцох зорилготой байсан. Түүндээ хүрсэндээ баяртай байна.
-Гуамын багтай хийсэн тоглолтын эцсийн мөчид гоол оруулан, багаа хожилд хөтөлсөн. Өрсөлдөгч багийнхан гоол оруулсны дараа хэр бухимдав. Сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгасан бэ?
-Бухимдахаас илүү тоглолтыг тэнцүүлсэн гоолыг оруулах хүртлээ “Багийнхнаа хөөдчихлөө” гэж харамссан. Аль болох бухимдахгүй, урагш довтолж тоглохыг хичээлээ. Цаг дуусах дөхөх тусам улам түгшээд л. Гоол оруулсны дараа л сэтгэл онгойн, тайвширсан шүү. Багийнхнаа болон монгол түмнээ баярлахыг харах сайхан байлаа. Өдий хүртэл өрсөлдсөн тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн нь Зүүн Азийн АШТ-ий эхний шат яах аргагүй мөн.
-Монголын шигшээ багийнхан дараа шатны бэлтгэлээ хэрхэн базаах вэ. Тоглолтын арга барил, хамгаалалт, довтолгооныхоо тактикт өөрчлөлт оруулах шаардлага бий юү. Үүнд ахлах дасгалжуулагч ямар бодолтой байгаа бол?
-Энэ талаар тодорхой мэдэх юм алга. Ахлах дасгалжуулагч л мэднэ. Ер нь өөрчлөлт бараг хийхгүй болов уу. Одоо дотоодын лигийн тэмцээн ид үргэлжилж байна. Лиг ирэх сарын 7-нд дуусангуут маргааш нь бид Сингапурыг зорино. 12-нд тус улсын шигшээ багтай, Лаосыг 16-нд зорин, нөхөрсөг тоглолт хийнэ. Тэгээд эх орондоо буцаж ирэн, бэлтгэлээ базааж байгаад арваннэгдүгээр сард Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд оролцох төлөвлөгөөтэй.
-Багаасаа хөлбөмбөг тоглосон юм билээ. Эл спорттой амьдралаа холбоход юу нөлөөлөв?
-Тийм, ийм зүйл нөлөөлсөн гэж тодотгомоор юм байхгүй ээ. Дуртай зүйлээ хийсээр байгаад л хөлбөмбөгчин болсон хүн дээ, би. Олон хүүхдийн адил дэлхийн шилдгүүдийн тоглолтыг зурагтаар үзэн, ур чадварыг нь биширч, хаа сайгүй хөлбөмбөг тоглосоор байгаад л эл спорттой амьдралаа холбосон. 1998 оноос хойш хөлбөмбөг тоглож байна.
-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-Үндэсний лигт 2009 онд түрүүлж, өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Мөн Холбооны цомын аварга. Монголд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-ий эхний шатны шилдэг тамирчин болсон гэх мэт амжилт зөндөө бий.
-Үндэсний шигшээ багт 2009 оноос хойш тоглож байгаа. Анх ямар тэмцээнд өрсөлдөж байв?
-Тухайн үед өөртөө итгэж ядаж билээ. Улсынхаа шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд Монголынхоо төлөө анх удаа хүчин зүтгэж байлаа.
-Тоглолтын тань онцлог, гол давуу тал юу вэ?
-Зүүн жигүүрт тоглодог гэхээс илүү гүйлтийн тэсвэр, довтолгоо юм болов уу.
-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв. Лав Монголд болсон футзалын Азийн АШТ-д Хонконгийн эсрэг дөрвөн гоол оруулсныг тань санаж байна.
-Тэрнээс өөр олон гоол оруулснаа тодорхой санахгүй байна.
-Та футзалын хөлбөмбөгөөр Монголдоо шилдэг нь. Ер нь талбайн болон футзалын хөлбөмбөгийн аль нь таны тоглолтод илүү тохирдог вэ?
-Үүнийг дасгалжуулагч л мэдэх байх. Би дасгалжуулагчийнхаа зааж, зөвлөсний дагуу тоглохыг хичээдэг.
-Гадаадын багт тоглох бодол бий юү. Ер нь танд санал ирдэг үү?
-Энэ талаар ёстой бодож үзээгүй. Залуу тамирчдад гадаадын лигт тоглох хүсэл байдаг. Тэгэхээр тэдний бодох учиртай зүйл байх (инээв).
-Монголын хөлбөмбөгчдөөс хэнийг үнэлж, үлгэрлэж явдаг вэ?
-Тэр, энэ гэж онцлоод яах вэ. Ер нь шигшээ багийн өөрөөсөө ах бүх хөлбөмбөгчнийг хүндэлж, үлгэрлэдэг.
-Монголд хөлбөмбөг тоглоод амьдралаа авч явах боломж хомс. Та хэрхэн зохицуулдаг вэ?
-Нэг үеэ бодоход хөлбөмбөг тоглоод амьдрах боломж, бололцоо бага багаар нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Би өмнө нь ажил хийхийнхээ хажуугаар хөлбөмбөг тоглодог байлаа. Их ядардаг, заримдаа шантардаг байв. “Улаанбаатар сити” клубт нэгдсэнээс хойш тэгэхээ больсоон. Манай клубийн хамт олон зөвхөн хөлбөмбөг тоглох боломж надад олгосон. Клубээсээ авдаг цалин амьдралаа хангалттай хэмжээнд биш ч дажгүй авч явахад хүрдэг. Би хөлбөмбөг тоглохынхоо хажуугаар хувийн бизнес эрхэлдэг. Бага ч гэсэн өнөөгийн амжилт минь “Улаанбаатар сити”-гийн хамт олонтой салшгүй холбоотой. Клубийнхээ захирал Г.Дашням, багийнхаа хамт олонд баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?
-Ээж, найз охинтойгоо хамт амьдардаг.
-Ямар клуб, тоглогчийг дэмждэг вэ. Олонх хүн Месси, Роналдуг онцолдог шүү дээ.
-Мэдээж тэд агуу тамирчин гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор болов уу. Тэднийг дэмжихээс илүүгээр тоглолтыг нь үзэж, ур чадвараас нь суралцахыг хичээдэг. Би В.Марсело, Кевин Де Брьюний тоглолтод дуртай, үргэлж үздэг.