Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хулен Лопетегийг халсанаа Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес өчигдөр мэдээлсэн. Түүний ажлыг авах хүнээр “Барселона” клубт ажиллаж байсан Луис Энрике яригдаж байсан ч хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг түмэн ажилд их хугацаа зарцуулах тул Испанийн хөлбөмбөгийн холбоо хамгийн ойр байгаа хүнийг дасгалжуулагчаар сонгов. Тэр хүн нь Фернандо Иерро. Тэрбээр Испанийн хөлбөмбөгийн холбооны спортын захирлаар ажиллаж буй тул шигшээ багийн уур амьсгал, арга барилыг бүрэн мэднэ хэмээн Рубиалес үзжээ. Йерро шигшээ багийн төвийн хамгаалагчаар олон жил тоглож байв.
Рубиалес ДАШТ эхлэхээс нэг хоногийн өмнө дасгалжуулагчаа халсаныг хөлбөмбөгийн ертөнц гайхан хүлээж авсан. Тухайлбал, ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино “Энэ бол стандарт бус шийдвэр байлаа” хэмээн тодотгосон бол Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лёв “Энэ мэдээллийг сонсоод цочирдсон” гэлээ. Харин Испанийн хөлбөмбөгчид нааштай талаас нь уг асуудалд хандаж байна. Рауль, Шави, Рамос нарын одод “Юу ч боллоо гэсэн бид ялахын төлөө тэмүүлнэ” хэмээн мэдэгдэв.