Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрчим хүчний салбарт хууль, журам зөрчин, ажиллагсдын эрх ашгийг үл тоон, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг нь улам дордуулах томилгоонууд хийсээр байгаа талаар шүүмжилж, дараах шаардлагыг тавилаа. Тус холбооныхон “Төрийн байгууллагуудын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх нэрийн дор хяналтын, бүтээмжийн менежер гэх албан тушаалтнуудыг томилсон. Эрчим хүчний салбарт гэхэд л 27 аж ахуйн нэгж бүрд холбогдох хууль, дүрмийг зөрчин томилгоо хийсэн нь ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаанд зөрчил үүсгэж байна” гэв. Иймд эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй гэж тэд үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль бусад хуультай зөрчилдсөөр удаж буй бөгөөд салбарын ажилчид нэмэгдэл цалин, тэтгэмжээ авч чадахгүй олон жил болсон тул хяналт, бүтээмжийн менежер зэрэг хэнд ч хэрэггүй, үрэлгэн албан тушаалуудаа нэн даруй цуцлахыг шаардлаа.
О.Оргилох