Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Шинэ мөрөн” худалдааны төвд уржигдар 21.34 цагт гал гарч, барилга бүхэлдээ шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 00.35 цагт зогсоож, 02.21 цагт бүрэн унтраажээ.
Гал их талбайг хамарсан тул тус аймгийн цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус суваг” ХХК, Байгаль орчны газрын алба хаагчид хүч нэмж ажилласан гэнэ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсэг байгуулжээ. Тус худалдааны төвийг 2017 онд барьсан бөгөөд 73x43 метр, төмөр карказтай, хоёр давхар сендвичин барилга аж. Дуудлага авснаас хойш алба хаагчид нэг минутын хугацаанд хоёр км орчим зам туулж тухайн газарт очсон талаар аймгийн онцгой байдлын байгууллагынхан хэлсэн юм. Гэвч алба хаагчдыг очиход барилгын хоёрдугаар давхрын дээвэр нурж, цөмөрсөн байжээ.
Галыг унтраахаар Гал түймэр, унтраах ангийн 52 алба хаагч, зургаан тээврийн хэрэгсэлтэй ажилласан аж. “Шинэ мөрөн” худалдааны төвд 260 орчим түрээслэгч ажилладаг бөгөөд хүнс, бараа, гэр ахуйн тавилгаас гадна оёдол, хоолны газар зэрэг олон байгууллага үйл ажиллагаа явуулж байжээ. Нэгдүгээр давхрын хэсгээс түрээслэгчдийн зарим эд хөрөнгийг гаргаж, аюулгүй газарт байршуулсан аж. Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр дуудлагын дагуу 72 алба хаагч шуурхай цугларч, гал гарсан бүсийг хамгаалалтад авчээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр эхлүүлсэн байна. Галын улмаас хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй юм. Нэгдүгээр давхрын хэсгээс гаргасан иргэдийн эд хөрөнгийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд бүртгэлжүүлсний дараа түрээслэгч нарт хүлээлгэн өгөх гэнэ.
ЦАХИЛГААНЫ УТАСНААС ГАЛ ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Нутгийн иргэд барилга шатаж байгаа талаар бичлэг хийж, олон нийтэд түгээжээ. Ингэхдээ галын машины ус дууссан гэж шүүмжлэх хүн цөөнгүй байв. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоос нөхцөл байдлын талаар тодруулахад “Гал унтраах ангийнхныг очиход хоёр давхар тэр чигтээ шатсан байсан. Гал болон ус ороогүй хэсгийн 8-9 өрөөнд байсан эд хөрөнгийг хамгаалж, аюулгүй газарт гаргаж чадсан. Гал унтраах болон аврах ажиллагааг давхар явуулсан гэсэн үг. Ус, хөөс дууссан зүйл байхгүй. Таван тоннын багтаамжтай автомашины ус дууссан даруйд нь сэлгэж ажилласан” гэв. Шуурхай ажлын хэсгийнхэн худалдааны төвийн түрээслэгч нартай өчигдөр уулзаж, мэдээлэл өгсөн байна. Түрээслэгчдийн ярьж буйгаар гал гарах өдөр барилгын гэрэл анивчиж, зарим нэг камер нь шатсан гэнэ. Цахилгааны утасны гэмтлийн улмаас гал гарсан байж болзошгүйг албан бус эх сурвалжууд хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлоогүй бөгөөд хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийж, галын шалтгаан, нөхцөлийг тогтоох юм.
Ч.Туяа