Монголын түлш, шатахуун тээвэрлэгчид уржигдар Зам, тээврийн яамны үүдэнд жагсаж, тодорхой шаардлагууд хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр мөн нүүрс тээврийнхэн жагсаж, албаныханд тулгамдаад буй асуудлуудаа уламжиллаа. Тэд олноорооийнхүү нэгэн зэрэг жагссан нь ачаа тээврийн хоригтой холбоотой юм. “Монголын түлш тээвэрлэгчдийн өлзийт зам холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл Зам, тээврийн яамныханд “Тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт ногдох жинг стандартад зааснаар 11.5 тонн, зургаан тэнхлэгт тээврийн хэрэгслийнх 66 тонн буюу зохих хэмжээндээ байгаа. Гэтэл стандартын бүх жинг хэтрүүлсэн хэмээн шалган нэвтрүүлэх товчоод үзэж, зогсоох болсон тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээсэн юм. Мөн тээвэрчдийн зүгээс авто замын даацын хяналтыг зохицуулдаг стандартыг өөрчлөхийг хүссэн албан шаардлага хүргүүлэв. Нүүрс тээврийнхэн ч мөн ачаа тээврийн С зөвшөөрөлтэй машинуудыг зогсоож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх түр шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэгвэл Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Манай улсад авто замын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дэх жинг 11, нийт жинг 44 тонн гэж тодорхойлсон байдаг. Энэхүү стандарт нь дан ганц манай улсынх бус, олон улсад ч дагаж мөрддөг” гэсэн юм.
Тээвэрчид ийнхүү өдөр бүр шахам жагсаж байгаатай холбогдуулан салбарын яамнаас өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоосон гэх шийдвэрээ дараах байдлаар тайлбарлав. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд “Урин дулааны улирал эхэлж газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдан, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт нь их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4, 10-11 дүгээр сард газар гэсэж, хөлддөг. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй стандартуудыг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих арга хэмжээг авдаг. Үүний хүрээнд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээврийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гаргасан юм. Улсын хэмжээн дэх нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байгаа. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоон, зөрчлийг арилгуулах, холбогдох мөнгөн хураамжийг авдаг” гэв.
Яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд “Газар гэсэж, хөлдөх үеэр даац хэтрүүлэн тээвэр хийснээр авто замын зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр гардаг. Үүнээс үүдэн иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гаргах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдах, эвдрэх эрсдэлтэй. Ер нь ачаа тээврийн машинууд даац хэтрүүлэх нь авто замын эвдрэл гэмтэлд хамгийн их нөлөөлдөг. Бид шатахуун тээвэрлэгчидтэй уржигдар уулзаж, ойлголцсон. Манай улсад авто замын даацын хяналтын нийт жинг 66 биш, 44 тонноор тодорхойлсон байдаг. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд шууд торгодоггүй л дээ. Эхлээд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дараа нь албан шаардлага хүргүүлдэг. Эцэст нь л торгуулийн арга хэмжээ авч байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар ачаа тээврийн 404 зөрчлийг илрүүлсэн. Үүний 380-д нь сануулах аргаа хэмжээ авч, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлж, нийт 4.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашид даац хэтрүүлсний улмаас авто зам, түүний байгууламжийг эвдэж гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн тээвэрчдээс гаргуулахаар төлөвлөж байна” гэж ярив.
О.Оргилох