Монгол, Франц улс хамтран ураны төсөл хэрэгжүүлэх болсон цагаас эхлэн эл элемент мал, амьтан, хүний эрүүл мэндэд элдэв сөрөг нөлөө учруулдаг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ийм тохиолдлууд бодитоор илэрсэн гэсэн мэдээлэл эрчимтэй тархсан. Тэгвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн тухайн мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаж, судалгаа, шинжилгээ хийсэн талаараа өчигдөр танилцууллаа.
Эл ажлын хэсгийн гишүүн, Усны газрын дарга З.Батбаяр “Улаанбадрах сумын нийт таван цэгээс дээж авч шинжлэхэд хүн, малын эрүүл мэнд, аминд аюул учруулах зүйл илрээгүй. Цаашдаа ч тухайн цэгүүдээс дээж авч, ямар өөрчлөлт гарч байгааг тогтмол судална” гэв. Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Болдбаатар “Тухайн сумд дутуу төрсөн гэх ихэр хээл, ургийн гажигтай хурганаас дээж авч шинжлэхэд цацраг идэвхт бодис, хэвийн хэмжээнээс давсан хүнд металл илрээгүй. Тиймээс эдгээрийг химийн бодисоос болсон гэж үзэх боломжгүй. Ургийн гажигтай мал төрөх нь бий, газар газарт тоо нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Баян-Өлгий аймагт энэ жил толгой нь нийлсэн ихэр төл дутуу төрсөн” гэв.
Н.Ган