Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д өчигдөр Робот мэс заслын сургалтын төв нээлээ. Ийм төв байгуулснаар робот мэс заслын эмчилгээг манай улсад нэвтрүүлэх суурийг тавьж буй аж. Тодруулбал, эмч, мэргэжилтнүүд уг сургалтын төвд 40-50 цагийн хичээл судалж, дадлагажих гэнэ. Үүний дараа робот мэс засалчийг удирдан хагалгаа хийлгэх эрхтэй болох нь. Робот мэс засалчийг яаж ашиглах, хагалгааг хэрхэн удирдахтай холбоотой анхны дадлагыг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр хийсэн байна. Эхний ээлжийн эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулж дууссаны дараа буюу ирэх оноос уг роботыг эмчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Робот нь нээлттэй мэс засал хийхгүйгээр хэвлийн хананд маш бага зүсдэг, өвчтөнд өвдөлт, зовуурь багатай аргаар эмчилдгээрээ давуу талтай гэнэ. Ингэхдээ мэс засал хийх хэсгийг маш тодорхой, өндөр нарийвчлалттай, өсгөж харах чадвартай. Өөрөөр хэлбэл, ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү өндөр нарийвчлалтайгаараа ялгардаг аж. Мөн эмчээс хамааралтай алдаа гаргах эрсдэлийг бууруулахаараа робот мэс засалч давуу талтай. Энэхүү роботыг 30 орчим төрлийн мэс засалд ашиглах боломжтой юм байна.
Ташрамд дурдахад, олон улсад 10 гаруй жилийн өмнөөс хиймэл оюун ухаан, тэр дундаа робот мэс заслыг нэвтрүүлжээ.