Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна. Мөн хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан болон бусад хүний нөөцийг чадавхжуулж, мэдлэг, чадвар, ёс зүйг нь сайжруулах шаардлагатай гэжээ. Үүнээс гадна хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгож, салбарын статистикийг нэгтгэн, мэдээллийн сан бүрдүүлэх үүргийг дээрх зөвлөлийнхөнд өгсөн аж.
Ташрамд дурдахад, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Ерөнхий сайд тэргүүлдэг. Тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй.