Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ үеэрээрээ “Манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд, УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв.
Тэрбээр “Соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдсанаас хойших нэг жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний гурван айлчлалыг харилцан зохион байгууллаа.
Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлын талаарх хэд хэдэн хэлэлцээр хийсэн. Ирэх аравдугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье” хэмээсэн юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.