УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхын суудлыг авсан хэдий ч МАН-ынхан 43 төлөөлөлтэй болсон АН, найман гишүүнтэй ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулсан билээ. Хамтарсан эл Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өчигдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурав.
Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилыг үр дүнтэй шийдвэрлэх, бүрэн эрхийнхээ хугацаанд хурдтай, бүтээлч ажиллах, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хамтарсан Засгийн газар байгуулснаа МАН-ынхан тодотгож буй. Мөн хамтарсан Засгийн газрын гэрээнд гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тодорхой, голлох заалтыг тусгаж боловсруулсан аж. Үүнд суурилан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, 15 мега төслийг хэрэгжүүлэхээр болсноо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өмнө нь онцолсон юм.
Тэгвэл гурван намын дарга хамтарсан Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барилаа. Уг хөтөлбөрийн төсөл бүсчилсэн болон хүний хөгжил, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалтын, эдийн засгийн, бүтээмжтэй, цомхон төрийн бодлого гэсэн таван бүлэгтэй аж. МАН-аас авлигагүй, цомхон төр, цахим засаглал, “И-Монголиа” нэгдсэн системийг үргэлжлүүлж, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх чиглэл тусгасан бол АН-аас хувийн өмчийг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөө бий болгох, баялаг бүтээгчдийг дэмжих, ХҮН намынхан засаглалын бодлого, гадаад хөрөнгө оруулалт, худалдаа, боловсролын шинэчлэлийг удирдлага болгосон байна.