Улаанбаатар хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд зарлаж, оролцогчдын материалыг сарын хугацаанд хүлээн авахаар төлөвлөөд байв. Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт зохион байгуулж, ялагчийг тодруулах талаар тухайн үед ЗДТГ-аас мэдээлж байсан юм. Гэтэл түүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд сонгон шалгаруулалтын сураг алдарч, хотын ерөнхий архитекторын талаар хүмүүс бараг мартаад байтал нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Z үеийн төлөөлөл болсон Ч.Төгсдэлгэр хэмээх бүсгүйг өчигдөр гэнэт л “гаргаад ирэв”.
Тодруулбал, нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор Ч.Төгсдэлгэрийг томилж, олон нийтэд танилцууллаа. Хотын даргын танилцуулснаар Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” сургуулийг төгсөөд, Япон Улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд хот төлөвлөгч мэргэжил эзэмшсэн, нийтийн тээврийн чиглэлээр дагнан судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан юм байна. Мөн мэргэжлийнхээ дагуу тус улсад ажиллаж байгаад эх орондоо иржээ. Тэрбээр 2019-2021 онд Японы “Nikken sekkei civil engineering” компанид хот байгуулалтын туслах, 2021 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах стратегийн төлөвлөгөөний зөвлөхөөр ажилласан туршлагатай аж. 2021-2023 онд Япон Улсын “MaaS tech Japan” компанид судалгааны ажилтан, Дэлхийн банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.
Хотын дарга Х.Нямбаатар уг томилгооныхоо талаар “Ч.Төгсдэлгэр Дэлхийн банкны Токио дахь салбарт хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад бидний урилгыг хүлээн авч ирлээ. Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулах, түгжрэл, агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах, хүн амынх нь 50 хувь нийтийн тээврээр зорчдог хот болгох зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд гадаадад сурсан, ажилласан туршлагаа бидэнтэй хуваалцаач ээ гэсэн үүднээс хамтран ажиллах санал тавьсан. Бидний саналыг нэлээд олон сарын турш бодсоны эцэст зөвшөөрч, хамтран ажиллахаар болсонд баярлалаа” гэсэн юм.
Ч.Төгсдэлгэрийн хувьд хийх ажлынхаа талаар “Төрөлх хотынхоо алдааг засъя, өөрчилье гээд сурсан, мэдсэнээ зориулахаар ирлээ. Удирдах албан тушаалд залуу хүн ажиллаж байж өөрчлөлт гарна гэж иргэн хүнийхээ хувьд итгэдэг. Хот хүндээ, байгальд ээлтэй, гамшигт тэсвэртэй байх ёстой. Энэ бүгдийг нийтийн тээвэрт суурилж хэрэгжүүлэхээ илэрхийлье” хэмээв.
Өмнө дурдсанаар сонгон шалгаруулалт явуулаад байсан атал яагаад нийслэлийн Засаг дарга шууд томилгоо хийсэн бэ гэдэг нь анхаарал татна. Тиймээс сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар зохион байгуулагч Хот байгуулалт, хотын стандартын газрынхнаас тодруулахад “Сонгон шалгаруулалтад ганцхан аж ахуйн нэгж оролцсон. Гэвч шаардлага хангаагүй тул хүчингүй болсон” гэх хариулт өглөө.
Бэлтгэсэн М.Оч