Нээлтийн үйл ажиллагаа болох цам харайх ёслолын үеэр
“Даншиг наадам-Хүрээ цам-2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эл наадамд гадаадын жуулчид төдийгүй манай иргэд ч өргөнөөр оролцсон юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын шашин соёлын хамгийн том наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд жуулчдыг татах, тэдэнд зориулсан арга хэмжээний тоог нэмэх зорилготой. Өдгөө энэ зорилгодоо хүрчээ. Энэ удаагийн даншиг наадам баялаг хөтөлбөртэй” гэсэн юм. Эл наадмын үйл ажиллагааг сурвалжиллаа.
НЭЭЛТ ҮЗЭХЭЭР ЯАРСАН ОЛОН АВТОБУСАНД БАГТАЖ ЯДНА
МУБИС, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худгийн чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үйлчилсэн юм. Нэг шугамд таван автобус явах бөгөөд замаа туулах хугацаа нь 120-140 минут гэнэ. МУБИС-иас Хүй долоон худгийг зорих гэж буй наадамчид төөрч будилсаар зорьсон газартаа хүрлээ. Учир нь зарим хүн өөр автобусны буудал дээр хүлээх гэх мэтээр төөрөлдөж, бие биеэсээ тусламж хүсэж байв. Таксигаар зорьсон газартаа хүрье гэвч нэг хүний 25 000 төгрөг гэсэн тул автомашинд суух хүн байсангүй. “UB smart bus” аппликэйшнээс автобус хаана явааг хараад өгөөч гэж ахмадууд залуучуудаас асууна. Тухайн аппликэйшнд Хүй долоон худаг чиглэлийн автобус хаана яваа, хэзээ ирэх талаарх мэдээлэл байсангүй. Наадамчид нэг цаг орчмын хугацаанд хэзээ ирэх нь тодорхойгүй автобусыг хүлээлээ.
Автобус нь ирэхэд “тэмцэл” эхлэв. Бүгд л автобусанд суудалтай болохын тулд арын болон урд талын хаалгаар шахцалдан байж орлоо. МУБИС-иас хөдөлсөн автобус Таван шард ирэхэд хөл гишгэх зайгүй болов. Ийм байдалтайгаар иргэд наадмын талбайг зорьсон ч баярын нээлтийн арга хэмжээний тухай ярилцан инээлдэнэ. “Уг нь нээлт үзмээр байсан юм. Одоо амжих болов уу” зэргээр хоорондоо ярилцаж байлаа. Автобусанд ийнхүү багширалдсанаа өмнөх жилийнхээс бага байна гэх нь ч байв. 16.00 цагийн орчимд автобусанд суухаар Хүй долоо худагт хүлээсэн хүмүүс нийслэлээс ирсэн хэддээ буух сөхөө ч өгсөнгүй. Ийнхүү зүтгэж байгаад хаалганы урд орохоор хүлээж байсан хүүхдийг түлхээд унагачихлаа. Түүнд тээглэн хэд хэдэн хүн унав. Зохион байгуулагч нар тэднийг соёлтой үйлчлүүлэхийг анхааруулсан ч түүнийг нь хүлээн авах хүн тун цөөн байлаа.
АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫГ НААДМЫН ТАЛБАЙГААС ХОЛДУУЛЖЭЭ
Наадмын талбай үндсэн хоёр хэсэгтэй байв. Хурдан морьд барих хэсгийн цаад талд наадмын үндсэн үйл ажиллагаа буюу цам харайх ёслол боллоо. Харин наадмын дэнжийн зүүн талд урлаг соёлын тоглолт, үзвэр үйлчилгээг толилуулсан юм. Иргэд автомашинаа талбайн зүүн талд байрлуулах ёстой. Ингэснээр тээврийн хэрэгсэл наадмын талбайгаар явахгүй, харин ч цэгцтэй болжээ. Автомашины зогсоолоос талбай хүртэл иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Түүнд нь суух хүсэлтэй хүн ч цөөнгүй байлаа.
Зогсоолоос цааш хоолны үйлчилгээ эрхлэгчдийн асар бий. Тэнд солонгос болон монгол хоол худалдаж байв. Наадмын гол хоол болох хуушуур 2000-2500 төгрөгийн үнэтэй. Хоолны 100 орчим үйлчилгээ эрхлэгч байсан тул дугаарлан зогсож, хүлээх шаардлагагүй. Төв замын дагуу хонжворт сугалаа, хүүхдийн тоглоом зэргийг эгнүүлсэн харагдана.
Бөмбөрцөг театр дахь дүүргүүдийн соёлын өдөрлөгийн хүрээнд болж буй
тоглолтыг олон хүн сонирхож байлаа.
СОНИРХОЛ ТАТАХ БӨМБӨРЦӨГ ТЕАТР
Наадмын талбайг зорьсон хүмүүсийн хамгийн эхэнд сонирхож, зорьж буй газар нь Бөмбөрцөг театр байлаа. “Тэр юу вэ, ямар гоё хэлбэртэй юм бэ” гээд л хүмүүс дор бүрнээ тийш яарцгаана. Бөмбөрцөг театрыг даншиг наадамд зориулан бүтээсэн гэнэ. Дүүргүүдийн шилдэг уран бүтээлчдийн тоглолтыг тэнд толилуулсан юм. Театрын үүдэнд үлгэрийн баатрын хувцастай хүмүүс зогсож, тийш орж буй хүмүүстэй мэндчилэн, зургаа авхуулж байлаа. Театр нь арын болон гол гэсэн хоёр хаалгатай. Гол хаалга нь нэг метрийн өргөнтэй агаад түүгээр зөвхөн үзэгчид орж, гарна. Ард талын хаалга нь уран бүтээлч, зохион байгуулагч нарынх. Гэтэл түүгээр нь орохоор зүтгэх үзэгч цөөнгүй харагдана лээ.
Театрт ороход монгол ардын дуу хуур, бие биелгээ наадамчдыг угтав. Ардын язгуур хөгжмийн ая эгшиг, уртын дууны хослол бөмбөрцөг театрыг “дүүргэнэ”. Уран бүтээлчид өв соёлоо таниулах, сурталчлах зорилготой хөтөлбөрүүд бэлтгэжээ. Мөн угсаатан бүрийн онцлогийг шингээсэн дээл хувцсаар гоёсон нь энэ наадмын чимэг болов. Тэд хувцас хэрэгслээ жуулчид, ялангуяа хүүхдүүдэд нэгд нэгэнгүй тайлбарлаж, хамт зургаа авхуулж байлаа.
Эл театрын үйл ажиллагаа сонирхолтой хэдий ч зай талбай бага учраас төд удалгүй гарахаас өөр аргагүй. Учир нь театр 100 орчим хүний суудалтайгаас талыг нь уран бүтээлчид эзэлжээ.
Үүний зэрэгцээ дүүргүүдийн барьсан гэр театрын хойд талд нь бий. Тэнд дүүргүүдийн ардын авьяастнууд цуглажээ. Эднээс Налайх дүүргийн гэр нь анхаарал татсан бөгөөд сонирхох хүн ч олон байлаа. Тэд гэрээ казах маягаар тохижуулжээ. Гэрийн хойморт үнэгний арьс өлгөж, үүд хавьцаа цүнх, ширдэг зэргийг байрлуулж. Мөн казах хувцас өмсөж, зургаа авхуулах үйлчилгээ ч бий. Түүнчлэн зүү ороож оёсон цүнх, ширдэг зэргийг ч борлуулж байсан юм. Гэр бүрд л уран бүтээлчид театрт ямар тоглолт үзүүлэх талаараа ярилцаж байлаа.
Наадмын талбайн эргэн тойронд морьтой залуус давхилдана. Зарим нь морь унуулах үйлчилгээ үзүүлэх аж. Хүмүүс зургаа даруулах зорилгоор моринд мордоход 5000-10 000 төгрөг төлөх юм байна. Зарим хүн нь морь цоройж буй байдлаар зургаа авхуулахыг хүсэхэд тийм үйлчилгээ олдсонгүй. “Ингэж зургаа авхуулснаар гэмтэх эрсдэлтэй” гэж уяачид болгоомжилж байв.
Жил бүр шахам яригддаг ариун цэврийн өрөөний хүртээмж, хогийн савтай холбоотой асуудал энэ удаа гарсангүй. Хот тохижилтын үйлчилгээний ажилчид хогийг дор бүр нь цэвэрлэж байв. Мөн иргэд ч хогоо ил задгай хаясангүй. 100 метр тутамд нэг ариун цэврийн байгууламж байх тул дугаарлах ч шаардлагагүйгээр үнэ төлбөргүй үйлчлүүлж байв.
Наадмын үндсэн талбайн эргэн тойронд монгол дээл хувцас, уламжлалт наадгайтай холбоотой эд зүйл худалдаалах асрууд байрлуулжээ. Наадмын талбайд тааралдсан жуулчин бүр монгол дээл өмссөн харагдана. Эл наадмыг нийслэл хотыг байгуулсны 385 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тиймээс үүнтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Улаанбаатар хот 1900 наадам оноос хойш өдий хүртэл хэрхэн өнгө төрхөө олж, “бүрэлдсэн”-ийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулсан юм.
Бурхан шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтдаг цам нь даншиг наадмын гол онцлог. Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамч наадмын чимэг нь байв. Тэд уран нарийн хийцтэй гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоёж, биеийн хөдөлгөөнөөрөө дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар үзүүлж байлаа.
Үүнийг монгол болон англи хэлээр тайлбарласан юм. Жуулчдад зориулан ийнхүү тайлбарласан нь олзуурхууштай. Гэсэн ч англи хэлээр ярьж буй хөтлөгчийнх нь дуудлага ойлгоход төвөгтэй. Үүнийг сонсоод инээлдэх хүмүүс байхад “Харин ч энгийн тайлбар байна. Хэт чамирхсан зүйлгүй, бүгдэд тэгш хүртээмжтэй” гэж сайшаах нэгэн ч байлаа. 2000-3000 жуулчин оролцдог, бас Монголын нэгэн томоохон наадам хэмээн нэрлэдгийн хувьд цаашдын даншгуудад энэ мэт асуудлыг анхаарах нь зүйтэй болов уу. Ташрамд дурдахад, жуулчдад мэдээлэл өгөх, туслах, тэднийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд 50 орчим оюутан цагдаа ажиллажээ.
“ХАГАРАЛДААНТАЙ” МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН
Морьт харваанд өрсөлдөхөөр 50 гаруй харваач бүртгүүлжээ. Энэ удаагийн наадмын морьт харвааг Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо, Монголын морьт харваачдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буйгаар онцлог гэнэ. Учир нь эдгээр холбооныхон хагаралдаантай өдий хүрчээ. Нэгнийхээ зохион байгуулсан тэмцээнд оролцохгүй үе ч бий гэнэ. Морьт харвааг сонирхохоор ирсэн наадамчид олон байсан ч тэмцээн эхлэлгүй нэлээд удав. Учир нь тэмцээний замыг өгсүүр тавьснаас харваачид муудалцсан гэнэ. Морьт харвааны стандартаар бол тамирчид тэгшхэн замд өрсөлдөх ёстой аж. Гэтэл энэ удаа өгсүүр газар буюу морь барианы хэсгийг сонгосон нь харваачдын дургүйцлийг төрүүлжээ. Наадамчид морьт харвааг сонирхон үзэх нь их байдаг тул суудал элбэгтэй талбайг сонгосон аж. Үүнээс болж, зарим клубийн тамирчид тэмцээнийг орхисон юм. Наадмын үеэр ийнхүү маргалдаж, тэмцээнээ сунжруулж буйд үзэгчид бухимдсанаа илэрхийлж байлаа.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн