Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
Мedle.mn цахим сургуулиас зохион байгуулж буй сургалтад хамрагдсан багш нар сонгон судлах хичээлийг тухай бүрд нь онлайнаар заах аж. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн хэдэн сурагч ямар хичээлийг сонгон судлахаар бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн танхим болон цахим сургалтын аль нэгийг нь хэрэгжүүлэх гэнэ. Тухайлбал, хичээлийг Улаанбаатар хотын сургуульд 20, аймгийн төвд 12, сумд 10 хүүхэд сонгосон тохиолдолд танхимаар заах гэнэ. Харин тухайн сонгон судлах хичээлд дээрх тооноос цөөн хүүхэд хамрагдах бол цахимаар орох юм байна. 10-12 ангийн сурагчид 3-4 хичээлийг сонгон судлах боломжтой.