Чингэлтэй дүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 08.00 цагт
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар харьяалах төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Үүнийг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан 07.00 цагт ажлаа эхлүүлж, 16.00 цагт тарж байхаар болсон юм. Уг захирамжийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл мөрдөнө. Тухайлбал, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, дүүргийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газруудыг үүнд хамааруулахаар тусгав. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ынхан “Энэхүү шийдвэр зөвхөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хамаарч байгаа. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бүх байгууллага үүнийг мөрдөнө” гэлээ.
Төрийн албаныхны ажил эрт эхлэх нь иргэдэд ашигтай сонголт яах аргагүй мөн. Тухайлбал, манайд ажил 09.00 цагт эхлэхэд замын түгжрэл дагаад ихэсдэг. Мөн ажлаас гадна хийх зүйл их бий ч орхигддог байв. Харин төрийн албан хаагчдын ажлын цагт өөрчлөлт оруулснаар иргэд ажилдаа явахаасаа өмнө өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэж буй билээ. Тиймээс бид энэхүү зохицуулалт хэрэгжиж буй, эсэх болон иргэд үүнд хэрхэн хандаж байгааг сурвалжиллаа.
АЖЛЫН ЦАГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ИХЭВЧЛЭН 20-35 НАСНЫХАН ДЭМЖИЖ БАЙНА
Нэг цэгийн үйлчилгээ бол иргэдийн цаг завыг хэмнэсэн шийдэл. Өмнө нь 09.00 цагт ажил эхэлдэг байхад иргэд хэрэгцээтэй үйлчилгээгээ төдийлөн хүртээмжтэй авч чаддаггүй байсныг онцлох иргэн ч байна. Харин одоо илүү хүртээмжтэй болж, ажилтай хүмүүс төдийгүй гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд ч төгс шийдэл болсныг хэлэх хүн цөөнгүй тааралдлаа.
Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвийг өглөө 07.10 цагийн үед зорив. Ингэхэд Улсын бүртгэлийн хэлтэс гэх хаягтай шилэн цонхоор тусгаарласан ширээнээ дөрвөн ажилтан сууж байв. Тэдний нэгийнх нь өмнө л үйлчлүүлэгч суусан харагдана. 30 орчим минут хүлээхэд тавхан хүн л үйлчлүүлсэн юм. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн “Нийслэлийн төр, захиргааны байгууллагынхны ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 07.00 цагт эхэлдэг болсныг иргэд сайн мэдээгүй юм шиг байна. Ийм зохицуулалтад ороод 20 хонож буй. Гэтэл иргэд урьдын адил цайны цагаараа ирэх түгээмэл. Олонх нь 11.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлдэг. Гэтэл бид 11.00 цагт цайндаа ордог. Үүнээс үүдэн ажлын байраа орхиж, цайндаа орлоо гэх мэтээр бухимдах иргэн цөөнгүй. Харин энэ зохицуулалтыг залуус голчлон дэмжиж бас хэрэгжүүлж байна. Манайхаар өглөө эрт үйлчлүүлж буй хүмүүсийн олонх нь 20-35 насныхан. Тэд ажилдаа явахаасаа өмнө хэрэгцээтэй үйлчилгээгээ авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа сануулдаг” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр ч бас орлоо. Ингэхдээ байршлыг нь олох гэж нааш, цааш хэдэнтээ холхив. Эцэстээ ТҮК-ийн ажилчнаас лавлахад “Хуучин барилгыг нь нураачихсан. Тиймээс “Драгон” төвийн тавдугаар давхарт ажиллаж байгаа” гэсэн юм. Нэг цэгийн үйлчилгээ хаашаа нүүснийг иргэд нэлээд асуудгийг тэрбээр онцолж байв. Тус төв бууриа сэлгэж, илүү тав тухтай орчинд үйл ажиллагаа эрхэлдэг болжээ. Зай талбайн хувьд ч өмнөхөөсөө харьцангуй сэлүүхэн аж. Энд иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий, хооронд нь жижиг шилэн хаалгаар тусгаарласан таван хэсэг бий. Бүгд өөр өөрийн үүрэгтэй.
Чингэлтэй дүүргийнхтэй харьцуулахад энд үйлчлүүлэгч олон байлаа. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Отгон-Эрдэнэ “Миний хувьд ийм зохицуулалтыг эртнээс л хүсэж байсан. Өдөр уртассантай холбогдуулан давуу нь сул талаасаа их байна. Учир нь сурагчдын хичээл амарсан энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ унтаж байхад нь ажлаа амжуулах боломж бүрдэж байна шүүдээ. Мөн манай байгууллагын хувьд ажлын ачаалал ихтэй, голдуу уртасгасан цагаар ажилладаг. Манайх газар зүйн байршлаараа хотын захад, орон нутагт чиглэсэн учир холоос зорьж ирэх иргэн ч олон бий. Ажлын цаг эрт эхэлдэг болсон учир зориод ирлээ гээд 06.30 цагт зогсож байх хүн ч байна. Тиймээс ажлыг 07.00 цагт эхлүүлэх шийдэл иргэдэд маш хэрэгтэй. Тэдний цаг, завыг хэмнэсэн шийдвэр юм. Манай ажилтнуудын дунд шинэ, залуу боловсон хүчин цөөнгүй. Ажлын ачааллаас үүдэн гэр бүл төлөвлөлтөд нь асуудал гарч байв. Залуу хүмүүс гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй байдаг. Гэтэл үргэлж 18.00 цагаас хойш ажил нь тарахаар амаргүй шүүдээ. Харин энэ зохицуулалтын ачаар гэр бүл, ойр дотнынхонтойгоо хамт байх цаг нь илүү нэмэгдлээ. Мөн бид авто замын оргил ачааллын үед тарахгүй учир түгжрэлд ч цагаа үрэхгүй зэрэг олон давуу талтай” хэмээв.
Дээрх байгууллагаас холгүйхэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо байрладаг. Тус хорооны үүдээр дөнгөж ороход иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэг гэх даруухан цэнхэр хаяг бий. Тулаад очвол гурван ажилтан үйлчилгээ үзүүлэх иргэдээ хүлээн сууна. Тэд бүгд л цагаа яг таг баримтлан ажилдаа иржээ. Гэвч өглөө бараг л үйлчлүүлэгчгүй байв. Тус хорооны ажилтан “Анх ажлын цагийн хуваарьт өөрчлөлт ороход өглөө босох нь их хүндрэлтэй санагдаж байлаа. Манай гэр ажлаас хол учир 06.00 цаг гэхэд гарахгүй бол амжихгүй. Тиймээс энэ шийдвэрийн дараа автобус явахгүй бол яаж ажилдаа амжиж ирэх билээ гэж их бодсон. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт ч мөн өөрчлөлт оруулсан байв. Өглөө 05.30 цагт эхний автобус явдаг болсон. Тиймээс ажилдаа ирэхэд хүндрэлгүй, түгжрэлгүй байна. Бас ажил эрт тарж буй учраас гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг чих болсон. Харин иргэд энэ шийдвэрийг төдийлөн сайн мэдээгүй юм болов уу. Жишээлбэл, манайхаар өглөө эрт бараг л хүн үйлчлүүлдэггүй. Харин цайны цаг, эсвэл тарах дөхөхөд үйлчилгээ авах хүн нэмэгддэг. Энэ нь хүндрэлтэй байгаа юм. Зориод ирсэн хүмүүсийг яв гэж хэлж чадахгүй шүүдээ. Тиймээс ажлын цаг дууссан ч ганц, хоёр хүнд үйлчлэх үе гардаг” гэсэн юм. Энэ шийдвэрт олзуурхах иргэн олон байв. Тухайлбал, иргэд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил эрт эхэлдэг болсон. Мөн хүүхэд, багачуудын хичээл амарсан учир авто замын ачаалал багассан. Үүнээс гадна өөрт хэрэгцээтэй, төрийн үйлчилгээг ажилдаа явахаасаа өмнө дугаарлаж зогсохгүй авна гэдэг сайхан. Өмнө нь ямар нэгэн тодорхойлолт авахад ажлын болон цайны цаг дээрх байгууллагуудынхтай давхацдаг байсан. Тиймээс заавал чөлөө авч, дугаарлах шаардлага тулгардаг байлаа” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын гаргасан энэхүү шийдвэрийг мэдэхээсээ мэдэхгүй иргэн олон байгааг харьяа байгууллагуудынх нь өглөө эрт хоосон байгаагаас харж болно. Ямар ч сайн шийдвэр, зохицуулалт байсан хүмүүстээ хүргэх нь чухал.
Сонгинохайрхан дүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 07.30 цагт
ИРГЭДЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ НЬ ЖОЛООЧ НАР БАГТСАНГҮЙ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьтай хамт нийтийн тээврийн үйлчлэх хуваарийг өөрчил сөн билээ. Энэ нь нийтийн тээврийн үйлчил гээнд явдаг жолооч дутагдалтай үед хүндхэн тусаж буй аж. “М1” буюу Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусны жолооч“Ийм зохицуулалттай болсноос хойш нийтийн тээврийн үйлчилгээний эхний автобус 05.40 цагт явж байна. Бид үйлчилгээнд гарахаасаа нэг цагийн өмнө ирж, автобусаа шалгаж, хүлээн авдаг. Харин энэ шийдвэрээс үүдэн бүр эрт ажилдаа ирэх хэрэгтэй боллоо. Баримжаагүй шийдвэрийнх нь балагт жолооч нар хохирч байна. Тухайлбал, манайх хол учир дор хаяж 03.00 цагт гэрээсээ гарах шаардлагатай. Тэгж байж яг цагтаа үйлчилгээнд явна гэсэн үг. Хамгийн гол нь бидний сүүлийн эргэлт ихэвчлэн 23.00 цагаас хойш байдаг. Гэтэл дээрх шийдвэрээс болж 23.00 цагт ажлаасаа буучхаад гэртээ ирсэн ч олигтой амарч амжихгүй буцаад гарах шаардлагатай болдог. Нийтийн тээврийн автобуснуудад жолооч нь хүрэлцээгүй. Тиймээс хүссэн үедээ орхиж болохгүй. Би ажлаа тасалбал наанадаж өглөө ажилтай хэдэн арван хүн дагаад хоцорно шүүдээ. Иргэд цалинг чинь нэмчхээд байхад хурдан яв, үйлчилгээгээ сайн үзүүл гэдэг. Гэвч жолооч нар ч адилхан улсдаа татвар төлж буй жирийн иргэн. Харин төрөөс гаргасан шийдвэр жолооч нарын эрх ашгийг зөрчиж байна. Бидний хувьд дээрх цагуудад төрийн үйлчилгээ авах боломжгүй. Учир нь ээлжлэх жолооч байхгүй. Тиймээс өдрийн туршид ажиллаж байна. Нэмэгдсэн цалингаа идэх, уух зүйлдээ зарцуулаад л таардаг” гэв.
Төр нь иргэдээ харж үзэх гэсэн оролдлогод нийтийн тээврийнхэн багтсангүй юүгэлтэй. Тэд эл зохицуулалтаас үүдэн амарч чадахгүйд хүрчээ. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын есөн цагтай байхаар заасан. Гэвч цагаан дээр хараар бичсэн энэ хуулийн заалт тэдэнд үйлчилсэнгүй. Цалинг нь нэмлээ гэх сургаар иргэдээс ирэх дарамт, шаардлага ч дагаад ихэссэн. Хүссэн хүн нь орж ирээд загначихдаг болж. Ийм хэвшилд нийтийн тээврийнхэн аль хэдийн дадсан бололтой. Харин хөгжингүй орнуудад ямарваа нэг шийдвэрийг боловсруулахдаа үргэлж иргэдээ боддог. Хэнийг нь ч орхигдуулахгүй байхаар төлөвлөдөг. Тухайлбал, БНСУ-д ажил 08.00 цагт эхэлдэг. Энэ хугацаанд иргэд нийтийн тээврийн автобус болон метро ашиглах нь түгээмэл. Мөн автобус, метро хэзээ, хаана ирэх нь ойлгомжтой, тодорхой байдаг.
Чингэлтэй дүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 07.10 цагт
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХАМААРАХГҮЙ
Ажлын өдөр 07.25 цаг орчмын үед “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төв хаалттай байв. Хаалттай хаалганы дэргэд нялх хүүхэд тэвэрсэн нэгэн эмэгтэй хүлээж суулаа. Тэрбээр “Төрийн байгууллагын ажил 07.00 цагт эхэлдэг гэж сонсоод ажилдаа явахаасаа өмнө хүүхдийнхээ вакциныг хийлгэе гэж бодсон юм. Гэтэл үүнд нь өрхийн эрүүл мэндийн төв хамаарахгүй бололтой” гэв. Тус төвийн үүдэнд хадсан мөнгөлөг төмөр самбарт ажлын цагийн хуваарь 08.00-17.00 гэж бичжээ. Тиймээс тэрбээр нээх цагийг нь хүлээж суугаа юм байна. Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Ажлын цагийн хуваарьт оруулсан өөрчлөлтөд өрхийн эрүүл мэндийн төв багтаагүй” гэв. Төрийн үйлчилгээ цахимд шилжиж, ажлын цагийн хуваарьт нь хүртэл өөрчлөлт орчихсон байхад өрхийн эрүүл мэндийн төвүүд нь урьдын адил 08.00 цагт нээж буй нь хачирхалтай. Угтаа бол эрүүл мэндийн үйлчилгээ нэгдүгээрт байх ёстой сон.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн