Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг багтаж буй. 10 мандаттай хоёр тойргийн нэг болох төвийн энэ бүсэд 16 нам, хоёр эвслийн болон бие даагч дөрөв, нийт 118 хүн өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог юм. Тэр хэрээр өрсөлдөөн нэлээд ширүүн байна гэсэн үг.
МАН-аас тавдугаар тойрогт Б.Жавхлан, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Ж.Батжаргал нарын УИХ-ын таван гишүүн нэр дэвшжээ. Мөн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгат, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, ахлах зөвлөх С.Лүндэг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл нар өрсөлдөж буй аж. Бүгд л тодорхой хэмжээнд танигдсан улс төрч гэсэн үг. Сангийн сайдаар давхар ажилладаг Б.Жавхлан хоёр дахь, бусад гишүүн нь эхний бүрэн эрхээ дуусгаж буйюм. Гэхдээ улираан сонгох хэмжээний, улс оронд хэрэгтэй, чадварлаг түшээ гэж тэднийг үнэлэх боломжгүй. Мөн бусад нэр дэвшигчийнх нь дунд ч “но”-той хүмүүс бий.
Улсын хэмжээний бодлого тодорхойлох хүмүүс эхлээд биеэ, дараа нь гэрээ засаж байж төрийн ажил үйлсэд оролцох учиртай хэмээн монголчууд үздэг. Гэвч төрсөн охиноо хүчирхийлдэг ээж яаж бусдын хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах билээ. Гэр бүлийн асуудлаа олон нийтэд дэлгэж, ямар ч ёс зүйгүй эмэгтэй гэдгээ харуулсан Ч.Ундрамыг МАН нэр дэвшүүлээгүй бол тэдэнд оноо болох байлаа. Тиймээс тавдугаар тойргийнхон энэ эмэгтэйд гэрээ засах боломж олгосон нь дээр биз ээ. Бизнесмен эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Д.Өнөрбаярыг хүүхдийн паркийн газраас хулгайлсан хэмээн шүүмжилдэг. Мөн 2020 оны сонгуулиараа тэрбээр холимог тулааны тамирчин З.Шинэчагтагыг төрсөн дүүгийнхээ дүрд тоглуулж, суртачилгаандаа оролцуулахдаа гадаад, дотоодын тоглолтынх нь зардлыг даана, байр авч өгнө хэмээн амласан аж. Гэвч үүндээ хүрэлгүй хуурсныг нь дээрх тамирчин хэдхэн өдрийн өмнө илчилж, хэсэг шуугиад авлаа. МАН-ынхан 10 нэр дэвшигч дотроо багтаасан хоёр эмэгтэйнх нь нэр хүнд нэг иймэрхүү. Ж.Батжаргалын хувьд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог даргалдаг, гэхдээ л сураг багатай гишүүн байсаар дөрвөн жилээ дуусгаж байна. Өмнө нь Төв аймгийн сум, аймгийн ИТХ-ын гишүүн байсан түүнийг энэ нутгийнхан нь л танина. “Шилэн” хочтой Б.Цогтгэрэлийг шантааж хийдэг, овлигогүй нэгэн гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Төрийн дансыг шилэн болгох ажилд хувь нэмрээ оруулсан хэмээн өөрөө үздэг учраас л ийм хочтой болсон биз. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярын хувьд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрчдийн нэг болсон учраас нам нь 2020 онд түүнд нэр дэвших мандат олголгүй өнжөөж байсан юм. Харин энэ удаа тэр асуудлыг нь “мартчихсан” бололтой.
Тэгэхээр тус намаас харьцангуй нэр цэвэр нь Б.Жавхлан, Г.Дамдинням, Н.Энхбаярын “цэрэг” Б.Тулгат нар л болж байна. Г.Дамдинням гишүүн Боловсролын тухай багц хуулийг батлуулж, англи хэлийг албан ёсных болгоход оролцсон хувь нэмрээрээ өөрөө их бахархдаг хүн. Тэрбээр 2020 онд залуусын төлөөлөл болж Дархан-Уул аймгаас сонгогдсон юм. Хэлгүй, дүлий мэт суусан зарим гишүүний хажууд бол хийсэн ажилтайд тооцогдоно. Харин С.Лүндэг нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зээ хүү юм билээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр улс төрд орж ирсэн хүмүүсийн нэг юм.
АН-ын 10 нэр дэвшигч өөрсдөдөө “Ардчиллын аравт” хэмээх нэр өгөөд, тун эв найртайгаар сурталчилгаагаа хийж явна лээ. Тус намаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, гишүүн асан Д.Эрдэнэбат, эрх зүйч Д.Батбаяр, С.Эрдэнэболд, Д.Доржпүрэв, инженер Р.Батжаргал, Л.Одбаяр, эмч Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд, улс төр судлаач, хуульч Д.Үүрийнтуяа нарыг нэр дэвшүүлжээ. Сүүлийн найман жил эрх мэдлээс хол явсан тус намаас төвийн бүсэд тун боломжийн хүмүүсээ сойсон харагдаж байна. Тэднээс олонд танигдсан хоёр л улс төрч байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Туваан. Тэрбээр тус намаас тавдугаар тойрогт нэр дэвшсэн гурван эмчийн нэг. Намынхаа генсек, дэд дарга байсан ч 2020 онд анх удаа УИХ-д сонгогдсон юм. Харин Д.Эрдэнэбат 2012, 2016 оны сонгуулиар Сэлэнгэ аймгаас парламентад хоёронтоо сонгогдсон, Аж үйлдвэрийн сайд байсан хүн. Мөн АН-ын генсекээр ажиллаж, 2008, 2012 оны сонгуульд намаа амжилттай оролцуулсан нэгэн. Улс төрийн хувьд илүү туршлагатай учраас тэрбээр багаа ахалж буй аж. Сайдын эл албыг хашиж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсдаа авчрах Засгийн газрын хамтын шийдвэрт гарын үсэг зурсан хэмээн тэрбээр буруудан ял авч, таван сарыг нь биеэр эдэлжээ. Улс өмчөө 100 хувь өөрийнх болгоход хувь нэмрээ оруулсных нь хариуд түүнийг ийнхүү шийтгэсэн юм. Дээд шүүхээс түүнд холбогдох хэргийн өмнөх шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийхээр буцаажээ. Иргэд аливааг ялгаж салгаж ойлгодог болсон учраас түүний хийсэн ажлын үр дүнг үнэлэх, мэдэх хүн цөөнгүй, тиймээс ч АН Д.Эрдэнэ батыг төвийн бүсэд багаа ахлуулан нэр дэвшүүлсэн байна.
“Ардчиллын аравт” дунд гурван эмэгтэй багтжээ. Тэднээс Д.Эрдэнэсувд, Н.Одонгуа нар эмч мэргэжилтэй. АН-д элсээд удаагүй ч үзэл бодол, тууштай тэмцлээрээ хэдийн ялгарч, багагүй танигдаад буй, анагаах ухааны доктор Н.Одонгуа төвийн бүсийнхний тун дажгүй сонголт болж мэднэ. Боловсролтой, үзэл бодлоо илэрхийлж буй арга барил нь ч соёлтой. Эдгээр эмэгтэй нийгэмд тулгамдаад буй эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхийн төлөө тууштай ажиллаж, дуу хоолой болж чадна гэж найдна. Мөн залуусын төлөөлөл С.Эрдэнэболдыг нэрлэж болно. Харвардын их сургуулийн төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан, эрх зүйч мэргэжилтэй энэ залуу АН-ын олонд гайгүй танигдсан, нэр цэвэр залуусын нэг. Тэрбээр 2020 ондмөнАН-ааснэрдэвшижбайсанбилээ. Тус намын 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ хүн гэдгийг дахин нэг сануулъя. Нэр дурдсан хүмүүсээс бусад нь тухайн бүс нутаг, салбартаа л танил, “шинэков” байна. “Ардчиллын аравт”-ын хамгийн залуу нь 1989 онд төрсөн Л.Одбаяр аж. Тэрбээр 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж туршлага хуримтлуулсан, залуу үеийн төлөөлөл юм байна.
Дээрх хоёр намаас гадна ХҮН, Иргэний хөдөлгөөний намаас тус бүр 10 хүн сойжээ. ХҮН намын 10 нэр дэвшигчийн дөрөв нь эмэгтэй. Нэр дэвшигчид нь голдуу инженер, эрх зүйч аж. Олны танил хүн тэдний дунд үгүй. Ш.Бархасвадь Сэлэнгэ, Ч.Цог-Эрдэнэ Төв, Ш.Галам Дархан-Уул аймгийн ХҮН намын дарга юм байна. Мөн Д.Бадамханд хэмээх эмэгтэй Бээжингийн их сургуулийн хууль зүйн докторант бол М.Соёл нь тус сургуульд энэ чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан аж.
Тэгвэл Үндэсний эвслээс газар тариалангийн бүс нутаг гэж болох уг тойрогт мэргэжлийн хүмүүс түлхүү нэр дэвшүүлснээрээ онцлог байна. Тэдний найман нэр дэвшигчийн дөрөв нь агрономич мэргэжилтэй байгаа юм. Тодруулбал, Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн Л.Баяртулга, Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн Б.Ундрах-Од, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Т.Насанжаргал, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн зохицуулагч Б.Эрдэнэ-Болор нар агрономич мэргэжилтэй. Мөн Хөдөө аж ахуйн хөгжил, хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээний “Оргил” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хүнсний технологич Д.Хишигжаргал, хөдөө аж ахуйн судлаач Л.Чой-Иш, хуульч Х.Болдмандал, уул уурхайн ашиглалтын инженер О.Болор-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлжээ. Л.Баяртулга нь ургамал судлалын шинжлэх ухааны доктор, 2016-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан юм.
Түүнчлэн Иргэний зориг ногоон нам, Монголын хүний төлөө нам тус бүр найм, Иргэдийн оролцооны нэгдэл намаас долоо, Ард түмний хүч намаас есөн хүн гэх мэтээр сойж буй юм байна. Харин Монгол консерватив намаас Б.Энхсайхан хэмээх ганц хүн нэр дэвшүүлжээ. Энэ тойрогт Ж.Ганбаатар, Д.Гантуул, М.Төртогтох, Л.Ганболд нарын дөрвөн бие даагч бий. Ийнхүү 118 хүн өрсөлдөж буй ч улсын хэмжээнд танигдсан нь МАН, АН-ын нэр дэвшигчид. МАН-ын хүмүүсийн 50 хувьд нь ёс зүйн хариуцлага тооцож, “амраах” хэрэгтэй харагдаж буй бол АН-ын арваас сонголт нэлээд байна. Мөн бусад нам, эвслээс олон нийтэд биш ч тухайн аймаг, бүс нутагтаа танигдсан, нэр хүндтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Тавдугаар тойрогт багтсан аймгуудаас Төв бол “улаан бүс”. Улаанбаатараас 40 гаруйхан км-ийн зайтай энэ аймгийнхан байнга МАН-ын төлөөллийг сонгосоор ирсэн. Гэвч өнгөрсөн 30 гаруй жилд хөгжиж гавьсангүй. Эл аймгаас сонгогдож байсан МАН-ын гишүүд нь тоймтой өөрчлөлт хийсэнгүй. Тиймээс одоо өнгөрсөн он жилүүдийн амьдралдаа Төв аймгийнхан дүгнэлт хийж, өнгөө сольж үзэхэд гэмгүй. 2020 онд гэхдээ тус аймгийн сонгогчид бага зэрэг өнгө хольж, МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, АН-аас Ц.Тувааныг сонгосон юм билээ. Ц.Туваан, Ж.Батжаргал нар сонгогдсон тойрогтоо дахин өрсөлдөж буй бол Н.Энхболд гишүүн БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон. Сэлэнгийнхний хувьд 2020 онд дан улаан сонголт хийж, гурван хүн сонгосноос Ж.Эрдэнэбат нь энэ удаа нэр дэвшээгүй. Харин 2016 онд Сэлэнгэ аймагт АН-аас Д.Эрдэнэбат сонгогдож байжээ. Дархан-Уул аймгаас сонгогдсон гурван хүнээс Б.Баттөмөр нь “алга”. Сүүлийн хоёр сонгууль дараалан голдуу улаан сонголт хийсэн төвийн бүсийнхэн энэ удаа өнгөө солих, эсэх нь тэдний хөгжих, өөрчлөгдөх, өргүй амьдрах чин хүслээс хамаарна.