Нийслэлийн Ерөнхий боловсролын Шинэ монгол сургуулийн ахлах ангийн сурагчид Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2024 оны зургадугаар сарын 11-ний өдөр танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргаан хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.
Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн сурагчдыг хүлээн авч уулзаж, “Шүүх эрх мэдэл” сэдвийн хүрээнд мэдээлэл хийхдээ шударгаар шүүлгэх эрх, хуулийн өмнө эрх тэгш байх, хараат бус шийдвэр гаргалт, ёс зүйн гурван тойргийн онолын талаар сурагчдад илтгэл оров.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн сурагчдыг хүлээн авч, ажлаа танилцуулж, шүүхийн чиг үүрэг, шүүгчийн ажил мэргэжил, Үндсэн хууль, хүний эрх, хууль дээдлэх зарчим хийгээд мэргэжил сонголтын талаар ярилцсан юм.
Сурагчдын зүгээс хууль хэрэглээний талаар, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, шүүх хуралдааны оролцогчид, үйл ажиллагаа, өсвөр үеийнхэнд холбогдох гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах тэргүүтэй хуулиар өөрийгөө хэрхэн хамгаалах талаар тодруулан асуулаа. Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сурагчид шүүх байгууллагын чиг үүргийг мэдэхээс гадна шүүхийн тогтолцоо, ажил мэргэжлийн онцлогийн хүрээнд мэдлэгээ бататгаж, мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа онцолсон юм.