Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Мөн хууль ёсны, үндэслэлтэй байх, судалгаанд үндэслэх зарчмыг баримтлан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн “үндэслэл” хэсгийг долоо хоногийн дотор эцэслэн боловсруулж, ёсчлох гэнэ. Үүнээс гадна нийт гишүүний хуралдааныг сард нэгээс доошгүй удаа хийхээр тогтсон байна.
Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 26.1 дэх хэсэгт түр саатуулах дээд хугацааг зургаан цаг байхаар заасан атлаа мөн хуулийн 26.2-т үүнийг тус байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, уг байранд хүргэх хугацааны хязгаарыг хуульчлаагүйн улмаас зургаан цагаас илүү буюу хэт урт хугацаанд түр саатуулах нөхцөл үүссэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг энэ сарын 12-нд дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр товложээ.
Бэлтгэсэн: Б.Уран