Олон улсын театрын өдөр энэ сарын 27-нд тохиож буй. Бусад улс оронд эл өдрийг тохиолдуулан “брэнд” болсон театрууддаа тоглолт хийдэг. Үүгээрээ тэд театрын урлагийнхаа хөгжил, цэцэглэлт ямар шатанд явааг олон нийтэд харуулж, бас гайхуулдаг гэхэд хилсдэхгүй. Харин манай улс Олон улсын театрын өдрийг хэзээ дуусаж, ашиглалтад оруулах, улмаар хэрхэн барих нь ч тодорхойгүй барилгуудтайгаар угтаад олон жил боллоо.
Үндэсний хэмжээний хэд хэдэн театр барих талаарх яриа 2017 оноос, магадгүй 10-аад жилийн өмнө ч гарч л байж. Тухайлбал, өдгөө олны бараг мартах дөхсөн Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэд, залуучуудын театрыг энд дурдаж болно. Үүнээс Улсын хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлыг хэдийн эхлүүлсэн бөгөөд ашиглалтад оруулах ч дөхсөн. Гэсэн ч хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй байсаар олон жилийг ардаа үдэв. Харин Үндэсний урлагийн их театрын барилгын сураг ч алга. Тэдгээр театрын барилгын ажлын явц, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хугацаа нь яагаад хойшилсоор байгааг сурвалжиллаа.
Үндэсний урлагийн их театрын барилга төлөвлөгөөнийхөө дагуу бол аль хэдийн ашиглалтад орчихсон байх ёстой. Гэтэл өдгөө барилгын шав ч алга. Үндэсний хэмжээний театр барих санаачилгыг 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. Тэрбээр Соёл урлагийн ажилтны улсын II чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ” хэмээсэн юм. Энэхүү үгийг нь тухайн үедээ 10 гаруй удаа нүүдэллээд байсан тус театрынхан ихэд баяртайгаар хүлээн авч байж. Улмаар театр барих ажлыг судлах ажлын хэсгийг тухайн онд томилжээ. Үүнд Барилга, хот байгуулалтын, Сангийн, Эрчим хүчний, Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны яамны төлөөлөл багтсан аж. Мөн Соёл урлагийн, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд багтсан байна. Ажлын хэсгийнхэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн дөрвөн га газарт уг театрыг барихаар төлөвлөсөн ч газар эзэмшигч нь шүүхэд хандсан гэнэ. Ингээд буурь сэлгэж, Сүхбаатар дүүргийн IX, XI хорооны газар нутагт барихаар тогтжээ. Газар чөлөөлөх ажлыг 2019 оноос эхлүүлж, айлуудтай нь тохиролцон нүүлгэн шилжүүлсэн аж. Театр барих газар нь 10 га талбайг хамарсан. Тухайн газарт байсан 160 айлтай тохиролцон, нүүлгэн шилжүүлсэн юм билээ.
Ажлын хэсгийнхний гаргасан зураг төслийн дагуу бол барилгыг 2019-2022 онд барьж, 2023 он гэхэд ашиглалтад оруулна хэмээн цагаан дээр хараар тэмдэглэн үлдээжээ. Харамсалтай нь, өдгөө эзэнгүй талбай л байна. Уг талбай нь Баянбүрдийн тойргоос хойш эргээд төв зам дагуу байрладаг. Тэнд газар чөлөөлж эхлэхээс ч өмнө нь амьдарч байсан гэх 10 гаруй айл нүүгээгүй үлджээ. Талбайн урд хэсэгт их хэмжээний шороо овоолсон харагдана. Хариуцах эзэнгүй энэ талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хогоо хаях, барилгын явцад гарсан шороогоо асгах нь олонтоо гэнэ. Учир нь талбайн эргэн тойронд хашаа байхгүй. Баруун талаас нь машинтайгаар шууд орох боломжтой. Харин зүүн талд нь үерийн хоёр далан байна.
Сүхбаатар дүүргийн IX хорооны Засаг даргын хэлснээр 2019 онд газар чөлөөлөх ажил нь 85 хувьд хүрээд л гацсан гэнэ. Түүнээс хойш тэрхүү талбайг хэн нэгэн анхаараагүй аж. Улмаар оройн цагаар эзэнгүй талбай архидалтын үүр болдог гэнэ. Машинтай хүмүүс хэд хэдээрээ очоод найрладаг болж. Тиймээс энэхүү газрыг ядаж хашаад өгөөч гэж холбогдох албаныхнаас хүссэн ч шийдэлд хүрээгүй өдий хүрснээ хорооны Засаг дарга хэллээ. Уг газар архидалтын “үүр” болоод буй нь IX хорооныхны хувьд толгойны өвчин бөгөөд тэнд байнга л хүмүүс цугларч, ойролцоо оршин суудаг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэнэ. Уг нь барилгын талбай нь хоёр хорооны нутгийг хамардаг. Гэсэн ч XI хорооны Засаг дарга “Манайхтай хамааралгүй. Зөвхөн IX хорооны нутаг дэвсгэрт л барилгын ажил явагдана” гээд тоодоггүй аж.
Хэдийн эзэнгүй орхигдсон эл газар Үндэсний урлагийн их театрын мэдэлд байдаг. 2020 онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайгийн зөвшөөрөлтэйгөөр Үндэсний урлагийн их театрын цогцолборын зориулалтаар эл газрыг 15 жилийн хугацаатай олгожээ. Театрын дарга Г.Цоггэрэлээс барилгын ажил эхлэхгүй байгаагийн шалтгааныг тодруулахад “Надад энэ талаар мэдээлэл хомс байна. Соёлын яамныхнаас тодруулбал нарийн мэдээлэл өгч чадна” гэлээ. Харин Соёлын яамныхан энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Мөн дээрх театрын ажилтан “Барилгын ажлыг эхлүүлэхээр яригдаж байсан. Гэхдээ газраа солихоор болсон юм билээ” гэв. Тэгэхээр барьж ч эхлээгүй байгаа Үндэсний урлагийн их театр дахин “нүүх” үү гэсэн хардлага ч төрлөө.
Төлөвлөгөө ёсоор эл театрыг барьсан бол 2500 үзэгчийн суудалтай, дэлхийн стандартын дагуу тоноглогдсон тайз бүхий танхимтай болох байж. Мөн тайзанд 120 хөгжимчин суух бололцоотой байхаар тохижуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна 1500 хүртэлх үзэгчийн суудалтай, дуулалт, бүжгэн жүжгийн танхим, 220 ам метр талбай бүхий хурлын танхимыг зураг төсөлдөө тусгасан байна. Тайз болон үзэгчдийн суудлыг ямар ч хэлбэрээр зохион байгуулж болох техник, технологийн шийдэл бүхий универсал танхим, нэг дор 200 хүн хүлээн авах хүчин чадалтай рестораныг ч төлөвлөсөн байж.
Эдгээрийг хийхийн тулд 2020 оны улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгаж байжээ. Мөн өнгөрсөн онд Үндэсний урлагийн их театрын барилгын эскиз зураг гаргах 50 сая төгрөгийн тендер зарлажээ. Үүнд нь “Сэцэн фешн” компани шалгарсан байна. Уг нь 2020 онд театрын зураг төслийг гаргаж, албаныхан нь баталжээ. Үүнийхээ дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгааг ч гаргасан гэнэ. Түүнчлэн 2020 онд зураг төслийн багийнхныг нь БНХАУ-ын Бээжин, Хөх хотод байрладаг театрын барилгаас туршлага судлуулахаар илгээжээ. Гэтэл яагаад дахин эскиз хийх болсныг ойлгоход ч бэрх.
Ийнхүү улсын төсвөөс багагүй хөрөнгө гаргуулсан атал тэр нь хаашаа ч юм алга болж, театр барих ёстой газарт шарилж, овоолсон шорооноос өөр юу ч алга. Ийнхүү бариа ч үгүй барилгыг зарим хүн хэдийн ашиглалтад оруулсан мэт болгож, газар зүйн баримжаа олгоод эхэлжээ. Тухайлбал, “Үндэсний урлагийн их театрын хойно байрлах орон сууцад 2-3 өрөө зарна” гэсэн зарыг нийгмийн сүлжээнээс олж харав. Уг зарандаа театрын эскиз зургийг хавсаргажээ. Иргэд ийнхүү төсөөлөлдөө театрыг сүндэрлүүлсэн бололтой. Гэсэн ч бодит байдалд театр барих, эсэх нь ч тодорхойгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театрыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дүнд техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах үүргийг урд хөршийн талаас Бээжингийн Архитектур дизайны хүрээлэнд хариуцуулжээ. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Соёлын сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзахдаа “Соёлын яам бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар танилцуулж, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон” хэмээж байж. Иймэрхүү мэдээллүүд л хэвлэлийн хуудаснаа үлдсэнийг эс тооцвол театр барих ажил үргэлжилсэн гэхэд хэцүү.
Үндэсний урлагийн их театр ийнхүү “чимээ” ч үгүй бол Улсын хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил харин дуусаж, ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн болж байгаа гэнэ. Уг барилга нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд байрладаг. Газар дээр нь очиход барилгын явцад гарсан хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байлаа. Гаднах талбайн тохижилт нь дуусах дөхөж, цэвэрлэгээний ажил үлдсэн бололтой. Барилгын ардхан талд нь том оврын ачааны машинд мод, чулуу зэргийг ачсан харагдана. Бүтээн байгуулалтын явцад гарсан хогноос гадна барилгын ойр орчимд шар айргийн хоосон лааз энд тэндгүй хөглөрнө. Дотоод засварын ажлыг “Аглут” ХХК-ийнхан хийж байлаа. Тус компанийнхан театрын барилгыг ч барьсан аж. Тиймээс ерөнхий менежерээс нь театр барих ажил яагаад сунжирч, ашиглалтад оруулахгүй байгааг нь лавлахад “Энэ долоо хоногийн баасан гарагт Хотын стандарт, хөгжлийн газрынхан ирж ажиллана. Барилга угсралтын ажил дууссан. Дотоод заслын ажлууд ч дуусаж байгаа тул ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна. Манайх зөвхөн барилга угсралт, тохижилтын ажлыг хариуцаж байгаа. Гадна талбай болон бусад ажлыг 10 гаруй компани гүйцэтгэж байгаа гэж сонссон. Манайх 2019 онд нийслэлийн ЗДТГ-тай гэрээ байгуулснаар ажлаа эхлүүлсэн. Анх дүүргийн спортын төвийн зориулалтаар барьсан ч 2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн юм. Үүнээс үүдэн өрөөний зохион байгуулалтыг дахин төлөвлөх шаардлага тулгарсан тул ажил нэг жил зогсонги байдалд орсон. Ингээд 2022 онд дахин зураг төслөө гаргаж, өрөөний зохион байгуулалтуудаа өөрчиллөө. Барилгын ажил явагдаагүй ч зураг төслийн ажлыг цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн. Бидний зүгээс “Ковид”-ын үед ч ажлаа тасалдуулалгүй гүйцэтгэж байлаа. Хугацаа алдсан нь манай компаниас шалтгаалаагүй. Өрөөнүүдэд өөрчлөлт хийж, барьсан зүйлсээ нураах шаардлага ч тулгарч байлаа. Зарим өрөөний ханыг нурааж, бүжгийн заал гэх мэтийг гаргасан. Мөн 1500 хүний суудал бүхий үзвэрийн танхимыг ч бий болгосон” гэлээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн