Монгол, Япон орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой “Jenesys-2023” солилцооны хөтөлбөрт хамрагдсан залуус соёл, спорт, шинжлэх ухааны гурван бүлгэмд хуваагдан Их наран улсад энэ сарын 4-11-нд аялсан талаар “Япончууд байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үлгэрлэж байна” хэмээх өмнөх нийтлэл (“Өнөөдөр” сонины гуравдугаар сарын 15-ны дугаарт гарсан)-дээ дэлгэрэнгүй дурдсан билээ. Ийм онцгой боломжийн эзэн болсон монгол залууст тэнгэр баганадсан өндөр барилгатай, бум бужигнасан их хотын амьдралтай танилцахын зэрэгцээ хөдөөгийн нам гүм, аглаг буйд ахуйг ч бодитоор мэдрэх эрх олгосон юм. Спортын бүлгэмд багтсан залуус Оита, соёлынх Гүнма, шинжлэх ухааныхан Нийгата мужийг зорьсон. Байгаль, цаг уур, газар зүйн байршил, аж байдал гээд олон зүйлээрээ хоорон доо эрс тэс ялгаатай газрууд руу залуусыг илгээсэн нь Японы соёл, уламжлал, ахуй амьдралын олон төрхийг харуулахыг зорьсных биз ээ.
Шинжлэх ухааны бүлгэмд хуваарилагдсан бид Япон Улсын тав дахь том муж болох Нийгатагийн Цүбамэ, Жоэцү хоттой танилцлаа. Орон нутагт өнгөрүүлсэн гурав хоногийн хугацаанд Цүбамэ хотын аж үйлдвэрийн түүхийн, “Ожия” газар хөдлөлтийн, “Гион” фестивалийн холбогдолтой үзмэрийн музей, “Тожиро” хутганы үйлдвэр зэрэг тухайн бүс нутгийн түүх соёл, эрхэлдэг аж ахуйтай холбоотой олон газарт зочилсон юм. Илүү удаан хугацаанд байж, дотночлон танилцсан болоод ч тэр үү, Жоэцү хот онцгой сэтгэгдэл төрүүлэв.
Нийгатагийн баруун өмнөд хэсэгт, хойгуураа Япон тэнгистэй, өмнө талаараа Нагано мужтай хиллэн оршдог энэ хот байгалийн үзэсгэлэнт төрх, өвөрмөц тогтцоороо алдартай. Сүрлэг уулс, түүний хормойг эмжин цавцайх цасны хоршил нь хэн бүхний сэтгэлийг татдаг аж. Жоэцү хэзээнээсээ цас элбэг ордог газар гэдгээрээ алдаршжээ. 1945 онд тухайн бүс нутагт нэг өдөрт 3.77 метр цас орж байсан, 1985, 1986 оны нэг улиралд 14.9 метрт хүрч дээд амжилт тогтоосон гэх хур тунадастай холбоотой сонирхолтой баримтууд байна. Хүнээс давсан, байшин, байгууламжийн цонх, хаалгыг халхлах хэмжээний хур тунадас орох нь энэ нутагт хэвийн үзэгдэл гэнэ. Гэсэн ч уур амьсгал нь чийглэг, зөөлөн аж. Бид үүнийг биеэр мэдрэв.
Жоэцү хот газар нутгийнхаа энэ онцлогийг давуу талаа болгон, хөгжүүлж чаджээ. Тус бүс нутгийн иргэд цасыг өвлийн аялал жуулчлалын онцгой бүтээгдэхүүн болгосон байна. Мөн үүнийг ашиглан газар тариалан эрхэлж, ахуй амьжиргаагаа тэтгэсээр, өв уламжлалаа хойч үедээ залгамжлуулсаар өнөөдрийг хүрсэн аж. Яг ийм байдлаар аж төрж буй япон айлуудад шинжлэх ухааны бүлгийн залуусыг (бусад багийнхан ч ялгаагүй) хуваарилан байрлуулж, түр хугацаанд амьдруулсан нь уг хөтөлбөрийн хамгийн сонирхолтой, адал явдалтай хэсэг байлаа.
Таван гишүүнээс бүрдсэн манай баг Мицүнори Үшида хэмээх залуу фермерийнд хуваарилагдсан юм. Токио хотоос найман жилийн өмнө ирж Жоэцүд нутагшсан энэ айл ам бүл дөрвүүлээ. Гурав болон нэг настай хоёр хүүхэдтэй. Нам гүм, амар тайван, аюулгүй орчинд амьдрах хүсэл нь тэднийг их хотын завгүй, стресстэй, бужигнаантай, өртөг зардал ихтэй ахуйгаас холдож, тосгонд ирэхэд нөлөөлжээ.
Эднийх будаа тариалдаг. “Ushidaya” хэмээх фермийнхээ нэрээр, “Koshihikari”, “Koganemochi” хэмээх нэрийн бүтээгдэхүүнээрээ (органик будаа) тосгондоо төдийгүй тухайн нутгийг зорин ирэгсдийн дунд хэдийн танигдсан юм байна. Тэрбээр “Бид 2016 онд энэ нутагт ирж, ахмад тариаланчдаас будаа тарих, тосгонд амьдрах ухаанд суралцсан. Нутгийн иргэдийнхээ дэмжлэгээр тариалангийн талбай бүхий фермтэй, зочид хүлээж авдаг байшинтай болж тусгаар тогтносон юм. Энэ сайхан байгаль, соёлыг хайрлан хамгаалж, хойч үедээ үлдээх нь бидний хувьд хамгийн чухал” хэмээн ярилаа.
НУТГИЙН ИРГЭДЭД ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙН ЖИШИГ
Цүбамэ хот дахь “Тожиро” хутганы үйлдвэрт очиход нэгэн мэргэжилтэн “Манай улс газар доорх баялаг, ашигт малтмалын нөөцөөр ядуу боловч үйлдвэрлэлийн нөөц, чадамжаар баян. Бид бүх зүйлийг өөрсдийн гараар бүтээхийг эрмэлздэг нь үүнтэй холбоотой” хэмээн ярьсан нь сэтгэлд үлджээ. Жоэцү хотын аж байдалтай танилцаж, фермерийн гэрт саатахад ч энэ үг эрхгүй санаанд бууж байв. Ерөөс япончууд байхгүйг бий болгох, байгаагаа үнэд хүргэх амьдралын холч ухаантай ард түмэн аж.
Биднийг хүлээж авсан энэ айл тариалан эрхлээд зогсохгүй жуулчин хүлээж авдаг. Жоэцүгийн өвлийг мэдэрч, их цас харах гэсэн, фермийн аж ахуйтай танилцаж, байгалийн сайхныг мэдрэн, үндэсний хоол (ялангуяа будаа) амтлах гэсэн хүмүүс Үшидагийнд зун, өвлийн хэдийд ч зорин очдог аж. Жилд ойролцоогоор 300-400 зочин хүлээж авдаг юм байна. Тосгоны буйд амьдралтай танилцах гэсэн нутаг нэгтнүүдээс нь гадна хятад, солонгос, япон зэрэг орноос ч зочид айлчилдаг гэнэ. Тэд өөрсдийн ахуй соёлын онцлог, нөөц боломжид тулгуурлан гаргасан (нугас тэжээх, хушин ойд алхах, цасаар тоглох, ууланд авирах, сүрлээр эд зүйл урлах, мисо шөл хийх гэхчлэн) тусгай хөтөлбөр бүхий үйлчилгээнүүдийг буудалд нь байрласан жуулчдад үнэ төлбөргүй санал болгодог. Нутгийн иргэдэд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлал гэж үүнийг л хэлэх болов уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун.
УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХОСЛУУЛАХ УХААН
Манай улс хуучин цагийн ул мөр болсон барилга, байгууламжуудад тун ээлгүй. Түүхэн гэгдэх дурсгалуудаа ч ашиглалтын шаардлага хангахаа больсон гээд “заазалчихдаг”. Тэгвэл япончууд хуучны, өвөг дээдэс, өмнөх үеийнхнийхээ бий болгосон бүхэнд хүндэтгэлтэй хандаж, хамгаалдаг аж. Аяллын эхний өдөр Токиод танилцсан “Санкэйэн” хэмээх эртний цэцэрлэгт хүрээлэнгээс энэ нь тод харагдаж байлаа. Жоэцүд ирсний дараа ч ингэж бодогдов. Бидний байрласан айл харьяалагддаг, Жоэцү хотын Оошима дүүргийн Тамүги тосгоны иргэдийн амьдардаг байшин, сууцууд ч эртний болон орчин үеийн хэв загварыг хослуулсан байв.
Бидний зочилсон айлын жуулчид хүлээж авдаг фермийн байшин гэхэд уламжлалт хэв загвартай. 100 гаруй жилийн настай, цас, бороонд тэсвэртэй энэхүү сууцыг тэд засаж сэлбэсэн ч хуучны дүр төрхийг нь хадгалан үлджээ. Байгаагаа үнэд хүргэх, үнэлэх ухаан гэж үүнийг л хэлэх байх. Харин доторх хэсгийг нь жуулчдад тав тухтай байдлаар тохижуулжээ. Номын сан бүхий уншлагын танхим, байшинг бүхэлд нь хамарсан интернэт сүлжээ, халаалтын систем, хот, суурин газрынхаас дутахгүй цэмцгэр ариун цэврийн байгууламж гээд зочдод хэрэгтэй бүхнийг цогцлоож чаджээ. Ерөөс Япон Улсад эрүүл ахуйн стандарт гэдэг зүйл хот, хөдөөгүй нэг түвшинд байдаг аж.
ЗАРЧИМЧ, ХӨДӨЛМӨРЧ АРАНШИН
Япончуудын ямар зан чанараас суралцаж, юуг нь нутагшуулахыг хүсэж байна вэ. Тус улсад хийсэн аяллынхаа төгсгөлд бид нэг нэгэндээ ийм асуулт тавьж, санал бодлоо хуваалцсан юм. Олон хүн “мэндлэх, хүндлэх ёс” хэмээн хариулж байлаа. Түүнчлэн япон хүний хариуцлагатай, зарчимч, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, найрсаг байдлыг нь онцолсон. Олон сая хүн амтай, өрсөлдөөн ихтэй зах зээлд цаг нартай уралдан шоргоолж шиг ажиллахаас ч яах билээ хэмээн Токиод өнгөрүүлсэн өдрүүдэд бодогдож байлаа. Тэгвэл алс буйд, ажин түжин тосгоны оршин суугчид ч өөрсдийн бий болгосон нарийн цагийн хуваариар ажил хөдөлмөр эрхэлж, хариуцлагатай, зарчимч байхыг эрмэлздэг юм байна. Фермер эр үүнийг батлав. Тэрбээр бидэнд зориулж, өдрийн цагийн хуваарь гаргасан байлаа. Бүх үйл ажиллагаа яг үүний дагуу болсон юм. Бид түүнтэй “болзсон” цагаасаа хоцрохгүйн тулд чадлынхаа хэрээр мэрийж, тэвдэж байхад тэр ямагт бэлэн болчихсон, инээмсэглэн зогсож байдаг юм. “Та хэдэн цагт унтдаг вэ. Энэ их ажлыг амжуулах гэж ядардаг уу” хэмээн түүнээс сониучирхан асуухад “Би шөнө дунд унтдаг” хэмээгээд инээмсэглэсэн сэн.