Нэг автобус 10 км зам туулахад ойролцоогоор 17.1 кг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Харин агааржуулагч кВт цаг тутамд дунджаар 23.8, тоос сорогч 0.8 кг нүүрсхүчлийн хий “үйлдвэрлэдэг” гэнэ. Бидний өдөр тутамдаа ашигладаг, айл гэр, аж ахуйн нэгж, байгууллага болгонд байдаг лед гэрэл, шарах шүүгээ, хөргөгч, угаалгын машин, сэнс зэрэг ахуйн цахилгаан хэрэгсэл ч мөн их, бага хэмжээгээр ийм хий ялгаруулдаг байна. Энэ нь дэлхийн дулаарлыг идэвхжүүлэн өдөөгч хүлэмжийн хий (нүүрсхүчлийн хий нь үүнийг бүрдүүлэгч гол бодисын нэг)-н хэмжээ ихсэхэд үлэмж нөлөө үзүүлдэг. Тиймээс улс орнууд нүүрсхүчлийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг тогтоон барих нэгдмэл зорилгод хүрэхийн тулд юуны түрүүнд шаардлагагүй хэрэглээгээ танахыг иргэдэд уриалж, байгалийн нөөцийг ариглан хэмнэх, нар, салхи, ус, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эргэлтэд оруулах чиглэлд гойд анхаарч буй. Тэгвэл Япон Улсын үндэсний томоохон компаниуд энэ чиглэлээр манлайлан ажиллаж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэн, дэлхий дахины нэгдмэл тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулах том зорилго, амбицтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Япон, Монгол орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, Их наран улсын нийгэм, соёл урлаг, түүх, шинжлэх ухаан, гадаад харилцааны талаарх мэдлэг, ойлголтыг дэлгэрүүлэх зорилготой “Jenesys-2023” хөтөлбөрийн хүрээнд спорт, соёл, шинжлэх ухааны гурван бүлэгт хуваагдан энэ сарын 4-11-нд тус оронд аялсан манай залуусын заримд нь “Панасоник холдинг”, “Мицүбиши” группийн төв болон музейд зочлох, бодлого, үйл ажиллагаатай нь танилцах боломж олдсон юм. Ахуйн цахилгаан бараа, автомашин үйлдвэрлэлээрээ дэлхий дахинд алдаршсан, монголчуудад ч энэ тодотголоороо эчнээ танил болсон эдгээр групп жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүнд машин механизм, робот, усан онгоц, пуужин зэргээр бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг баяжуулж байгаа ч хүрээлэн буй орчинд ээлтэй байх, байгалийн нөөцийг хэмнэх, шинэ эх үүсвэрээр орлуулах зорилгыг бодлогынхоо гол цөмд хадгалсаар иржээ.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ “ПАНАСОНИК ХОЛДИНГ”
Дээрх хоёр групп аль аль нь дэргэдээ музейтэй. Энэ нь нийгэмд, олон нийтэд компанийнхаа үүх түүх, бодлого, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьсал өөрчлөлтийг таниулах зорилготой. “Панасоник холдинг” гэхэд нэгдүгээр давхартаа байгаль орчны үзүүлэн бүхий хэсэгтэй. Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд хэдий хэр хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг, үүнийг хэрхэн хэмнэх боломжтой, тус компани энэ чиглэлээр ямар бодлого баримталж байгаа талаарх цогц, цэгцтэй мэдээллийг олон нийтэд өгөх зорилгоор үүнийг байгуулжээ. Нийтлэлийн эхэнд дурдсан автобус, агааржуулагч, тоос сорогчтой холбоотой сонирхолтой баримтуудыг ч тухайн хэсгээс олж мэдсэн юм.
“Jenesys-2023” хөтөлбөрийн шинжлэх ухааны бүлгэмд багтсан 34 залуус энэхүү байгаль орчны үзүүлэн бүхий хэсэгтэй танилцаж, олон төрлийн шинэ мэдээ, мэдээллээр тархиа цэнэглэлээ. Дараа нь бид тус группийн түүхэн хөгжил, технологийн дэвшлийг харуулсан танхимд зочилж, биет үзмэрүүдтэй танилцсан. “Панасоник холдинг”-ийн анхны бүтээгдэхүүн болох дэнлүү (гэрлийн чийдэн), Япондоо анхдагчид тооцогддог радио, угаалгын машин зэргээс гадна сүүлийн үед үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, хог хаягдал зөөх, хөгжлийн бэрхшээлтэй (тулгуур эрхтний) хүмүүс ашиглах зориулалтаар бүтээсэн роботуудтай танилцаж амжив.
“Панасоник холдинг” нь өдгөө дэлхий дахинд 31 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус групп 2050 он гэхэд дэлхий дахинаа нүүрсхүчлийн хийг 300 сая тонноор буюу нэг хувиар бууруулж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт дэвшүүлжээ. Үүнийгээ компаниасаа эхлүүлж, салбар нэгжүүдийнхээ үйл ажиллагааг байгальд ээлтэй болгож, үйлдвэрлэлээс үүдэлтэй нүүрсхүчлийн хийг 100 хувь бууруулж чаджээ.
ДЭЛХИЙ НИЙТИЙН ХҮЧИН ЧАРМАЙЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧ “МИЦҮБИШИ”
Машин үйлдвэрлэгч гэдгээрээ хэдийн танил болсон “Мицүбүши” групп (албан ёсны нэр нь “Мицүбиши хүнд үйлдвэр” буюу MHI group) бидний төсөөлснөөс ч илүү өргөн цар хүрээнд үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эднийх хүнд машин механизм, усан онгоц, байлдааны танк, пуужин зэрэг асар их ажиллагаатай, том овортой бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлдэг аж. Өдгөө тус групп 700-гаад нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг ажилтнууд нь онцлов.
Бид эл группийн дэргэдэх “Мицүбиши Минато мирай” технологийн музейд зочилсноор орчин цагийн Япон орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар ойлголт, мэдээлэл, чиг баримжаатай болов. Энэхүү музейг шинжлэх ухаан, технологийн дэвшлийг залуучуудад танилцуулж, хүсэл мөрөөдлөө тэлэх боломж олгох зорилгоор 1994 онд байгуулжээ. Энэ нь дотроо хуурай газар, далай, сансар огторгуй гэсэн гурван сэдэв бүхий үзмэрийн танхимтай аж. Далайн танхимын голд байрлуулсан “Shinkai 6500” хэмээх хайгуул, судалгааны шумбагч онгоц залуусын анхаарлыг ихэд татаж байсан нь илт анзаарагдав. Энэхүү “аварга амьтан” 6500 метрийн гүнд шумбах боломжтой бөгөөд 1700 удаа далайд “аялалд” гарчээ.
“Мицүбиши” групп мөн л байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх нөөц баялагт суурилсан судалгаа, хөгжүүлэлтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад туслах бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж, шинэ шийдэл, инновацаар дамжуулан дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах зорилт тавьжээ. Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, хангамжийг нь нүүрстөрөгчөөс ангижруулах чиглэлээр дунд хугацааны бодлого, бизнес төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй аж. Хүлэмжийн хийгүй “цэвэр” ирээдүйг бүтээхийн төлөө үйлчлүүлэгчид, түншүүд, эрдэм шинжилгээний төвүүд, үндэсний хэмжээний болон орон нутгийн холбогдох байгууллагууд гээд бүх талын оролцогчтой хамтран ажиллаж байгааг “Мицүбиши”-гийнхэн танилцуулсан юм.
УСТӨРӨГЧИЙГ “АЛДАРШУУЛАГЧ” МУЗЕЙ
“Jenesys-2023” хөтөлбөрийн шинжлэх ухааны группийнхний зочилсон өөр нэг онцлог газар нь “Suiso-miru” хэмээх нэртэй устөрөгчийн музей байв. Химийн үелэх системийн хамгийн эхэнд (H) байрладаг энэхүү элементээс энерги гарган ашигласнаар нүүрс, газрын тос зэрэг байгаль орчинд халтай, хор хөнөөлтэй, хязгаарлагдмал нөөцтэй эх үүсвэрүүдээс татгалзах боломжтой. Тиймээс дэлхий нийт үүнийг эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах түлхүүр хэмээн итгэл хүлээлгэж, энэ чиглэлээр өргөн хүрээний судалгаа шинжилгээ, туршилтууд хийж буй. Япон Улс ч энэ ажилд манлайлах үүрэгтэй оролцож байна. Устөрөгчийн үнэ цэн, ач холбогдол, хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах, ойлгуулах зорилгоор найман жилийн өмнө Токио хотод ийм музей байгуулсан нь үүний баталгаа юм.
Япон Улс өдгөө эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг нүүрс, нефть зэргээс хангаж буй гэнэ. Харин 2050 он гэхэд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг ногоон устөрөгчөөс хангах зорилт тавьсан бөгөөд үүнтэй холбоотой судалгаа, туршилтуудыг эрчимтэй хийж байгаа аж. Устөрөгчийг зарим салбарт өргөнөөр ашиглаж буй сайн туршлагууд ч байна. “Toёота моторс” корпорац устөрөгчөөр ажилладаг автомашиныг үйлдвэрлэлд хэдийн нэвтрүүлжээ. Токио хотын хэмжээнд одоогоор устөрөгчийн 170 орчим ШТС үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Нэг кг устөрөгч 1200 иен (28 000 орчим төгрөг)-ийн үнэтэй. Таван кг ийм түлшээр тээврийн хэрэгсэл 800-гаад км явдаг ажээ. Устөрөгчөөр хэрэглээг нь шийдсэн “Harumi flag” хэмээх хотхоныг Япон Улс 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй гэх. Энэ мэтчилэн дурдвал Их наран улсад байгалийн нөөцийг хэмнэх, эх үүсвэрийг нь солонгоруулахтай холбоотой үй олон ажил өрнөж байна. Сонирхуулахад, япончууд 2020 оны Токиогийн олимпын бамбарыг устөрөгчөөр асааж, спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байжээ.