Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өнгөрсөн сарын 11-нд аргасан Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид эзэнгүй буюу тэнэмэл нохой, муурыг түр асрах төв байгуулахаар тусгасан юм. Манай улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсны дагуу ийнхүү нийслэлийн хэмжээнд зургаан байршилд асрах төв байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрладаг, хуучнаар хар үнэгний аж ахуйн байранд ийм төв нээснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээд буй. Уг төвийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн, Мал эмнэлгийн газар болон Онцгой комисс зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Амьтдыг түр асрамжлах байранд хүргэх ажлыг өнгөрсөн сарын 22-ноос эхлүүлсэн байна. Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзнийх нь хүсэлтээр буцаан өгнө. Хэн нэгэн хүсэлт гаргахгүй бол түр асрах байранд хүргэх аж. Ажлын хэсгийнхэн олон нийтэд “Дулаан, тохитой орчинд амьтдыг асарч халамжлах болно. Түүнчлэн үржил хязгаарлах мэс ажиллавар, дархлаажуулалтад хамруулна” хэмээн мэдээлж байгаа. Гэвч бодит байдалд амьтдыг харах, хянах хүн алга.
ХӨЛДӨЖ ҮХЭХЭД ХҮРЭВ
Улаанбаатар хотын төвөөс 30 гаруй км-ийн зайд амьтан асрах төв байрладаг. Нохдыг насаар нь дөрөв ангилан, төмөр торонд хорьжээ. Ингэхдээ гөлөгнүүдийн хашааны цасыг арилгасан байв. Хашаа тус бүрд 4-5 нохой үхэж, хөлдөөд, газартай наалджээ. Тэдгээрийн ойролцоо ноход нөмөр бараадан бөөгнөрөн хэвтсэн байлаа. Хөлдүү, бүхэл цувдай 2-3-ыг нохдод хаяж өгчээ. Түүнийг нь гөлөгнүүд идэж чадахгүй дэмий л долоож харагдана. Тэдэнд ойртоход тусламж гуйх мэт гаслан, төмөр торныхоо цаанаас савраа гаргацгаах аж. Хашаанд орсон хүмүүсээс хоол горьдсондоо тойрон гүйлдэж, долоож байв. Нохдыг асрах, хянах хүн эл төвд алга. Амьтад өлсөөд хөлдөж үхэж байгаа нь нэг төрлийн “тамд” хоригдож буй мэт.
Амьтдыг асрах үндсэн байрыг өдгөө тохижуулж байгаа аж. Уг байр нь1480 ам метр талбайтай агаад удахгүй халаалтад холбох гэнэ. Халаалтын шугамыг холбох ажлыг өнгөрсөн сарын 27-ноос эхлүүлсэн бөгөөд өдгөө дуусах шатандаа орж, захиалсан зуухаа л хүлээж буй элээ. Тохижилтын ажлыг гүйцэтгэж буй Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах азрын ажилтан “Биднийг ирснээс хойш охдыг асарч байгаа хүн огт харагдсангүй. Бид л хөлдүү цувдайнаас хаяж өгдөг юм. Ноход хөлдүүгээр нь идэж чадахгүй болохоор сүхээр хуваадаг. Өдөр бүр л ноход хөлдөж үхэж байна. Өнгөрсөн (уржигдар) шөнө гэхэд хоёр гөлөг үхлээ” гэв. Тэд 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэж буй юм байна. Ингэхдээ тухайн газарт байрлан ажиллаж буй бөгөөд хашааны баруун хэсэгт барьсан жижиг гэрт хонодог аж. Тохижуулж буй байрных нь үүдэнд 50 гаруй цувдай овоолсон байлаа.
АЛБАНЫХНЫ ЯРЬСАН ЗҮЙЛС ХУДАЛ БОЛОХ НЬ БАТЛАГДСААР БАЙНА
Тэнэмэл нохой, муур асрамжлах байранд дүүрэг бүрээс авчирсан амьтад амьдрах ёстой. Биднийг очиход тэнд 100 гаруй нохой л байсан. Харин дүүргийн холбогдох албаныхан үүнээс харьцангуй олон амьтныг хүлээлгэн өгсөн гэж буй юм. Өнгөрсөн долоо хоногт эхэд Баянзүрх дүүргийнхэн 238 нохой, 15 муур барьж, түр асрах байранд хүргүүлсэн гэнэ. Эдгээр тоо яагаад зөрөөд буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Нийслэлийн Мал эмнэлгийн газраас өдөр бүр эмч очиж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа. Хөлдөж үхсэн гэхээс илүүтэй өвчтэй амьтад л үхсэн байх. Өнөөдөр (уржигдар) гэхэд эмч явсан. Баянзүрх дүүргийнхний хүргүүлсэн гээд байгаа амьтад нь барих үедээ устгалд оруулсныгаа ч багтаасан тоо юм” эсэн хариулт өгөв. Харин Баянзүрх дүүргийн Хот тохижилтын албаны дарга Н.Билэгсайхан “238 нохой, 15 муур бариад, 10 машинд ачуулаад, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд хүлээлгэн өгсөн юм. Амьд амьтдыг л явуулсан. Барих явцад хүн рүү дайрсан нохдыг л аюулгүй байдлаа хангахын тулд устгасан” эв. Баянзүрх дүүргийнхэн амьд амьтдыг ачаад явуулсан атал талаас илүү агаад алга болчихсоныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дахин лавлахад “Бид ийм олон амьтныг хүлээн авах боломжгүйгээс устгасан” гэлээ. Ингэж тус байгууллагынхан 10 минутын өмнөхөн ярьсан зүйлээ мартаж, санан, мэдэн будилав.
Захирагчийн ажлын албаныхны “манарсан” асуудал ганц энэ байгаагүй юм. Түр асрамжлах байранд авчирсан амьтдыг цаашид хэрхэх талаар тэднээс тодруулахад “Амьтдыг түр асрах байранд 14 хоног байлгана. Үүний дараа сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Тухайлбал, “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ынхантай хамтраад үрчлүүлэх ажлыг зохион байгуулна” гэсэн юм. Харин тус байгууллагын тэргүүн Ц.Зориглон “Манай байгууллагынхантай тийм зүйл огт яриагүй. Яасан аймаар хүмүүс вэ. Албаныхан судалгаа, шинжилгээнд үндэслэн энэ ажлаа зохион байгуулаагүй. Үүнийгээ засан сайжруулж, амьтдыг хохироохоо зогсоох шаардлагыг бид ажлын хэсгийнхэнд тавьсан. Гэтэл ийм сонин зүйл хийцгээж байна” хэмээлээ. Ийнхүү Захирагчийн ажлын албаныхны ярьсан зүйл дахиад л үгүйсгэгдэхэд “Цаасан дээр буулгасан зүйл байхгүй. Бид аман хэлэлцээрээр тохиролцсон” гэж гүрийлээ. Худал яриад буй нь удаа дараа илрээд байхад л тэд бууж өгсөнгүй.
АМЬТДЫГ ТАМЛАН УСТГАЖ БАЙГААГАА НУУХЫГ ОРОЛДОВ УУ
Захирагчийн ажлын албаныхан мөн “Түр асрах байрыг дөнгөж барьж эхэлж байхад сөрөг мэдээлэл бэлтгэж, олон нийтэд хүргэх хэрэггүй. Хэрвээ сөрөг мэдээлэл гарсаар байвал амьтдыг устгахаас өөр аргагүй” гэв. Худал ярихын зэрэгцээ бусдыг сүрдүүлээд ч амжсан нь энэ. Ажлаа хийж чадахгүй байж шүүмжлэл хүлээж авах дургүй. Тэгсэн хэрнээ амьтдыг асран халамжлах нэрийн дор тамлан устгаснаа нуун дарагдуулахыг санаархаж байгаа мар учиртай вэ.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь, эзэнгүй нохой, муурыг түр асрах байрыг тохижуулахад 800 гаруй ая төгрөг зарцуулж буй аж. Гэвч бодит байдалд энэ мөнгө “ахадсан” харагдана. Уг байранд 10 орчим вакум цонх хийж, ажилчдын өрөөг тохижуулан, охдыг байлгах төмөр торон хашаа татсанаас өөр “бүтээн байгуулалт” одоогоор алга. Цаашид асрах байрны халаалтыг шийдэж, малын эмчийн өрөө, ал тогоо зэргийг гаргах гэнэ. Тохижилтын ажил гүйцэтгэж буй хүмүүс халаалт холбох ажил дуусах шатандаа орсныг хэлсэн. Ингээд тэдний хийх ажил үндсэндээ дуусаж байгаа гэнэ. Харин албаныхан “Тохижилтын ажил дуусах болоогүй. Тэнд ажиллах эмч, асрагч зэрэг хүнийг олоогүй байна” эв. Эндээс харахад ямар ч бэлтгэл хангаагүй байж амьтан асрах төвтэй болсон мэтээр албаныхан “шоуджээ”. Эл байрыг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй, ядаж л амьтдад хоол х ч хүн алга. Амьтад төмөр торны цаана хашигдан үхэхээс өөр сонголтгүй бололтой.
“1000 НОХОЙ, 500 МУУРЫГ АСРАХ БАЙРТАЙ БОЛГОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ”
Эзэнгүй нохой, муурыг асардаг байгууллага Монголд цөөнгүй. Тэдэнд тулгардаг гол бэрхшээл нь газар. Нэг газарт асрах байр нээхээр ойр орчных хүмүүс нохдын дуу чимээнээс болж хөөх илбэг аж. Гэсэн ч тэд амьтдаа өөрсдийн хүүхэд мэт хайрладаг. Тэдэндээ зориулан байр барьж, хоолыг нь бэлддэг. Тэдгээрийн нэг “UB shelter” ТББ-ынхан гэхэд 100 гаруй нохойндоо зориулан дулаан байр бариад буй билээ. Тус байгууллагын үүсгэн байгуулагч М.Ариунсанаагаас эзэнгүй нохой, муур асрах ажлыг төрөөс хариуцуулбал юу хийх талаар нь тодруулахад “Амьтдыг ил задгай газарт буудахаа болиод, далд хэлбэрээр хоморголон алах гэж байна. Албаны хүмүүсийн яриад байгаа санхүүжилт бидэнд олдвол 1000 нохой, 500 муурыг асрах байртай болгох мөрөөдлөө биелүүлнэ. Тэр хэмжээний хөрөнгөөр үржил хязгаарлах мэс ажиллаврыг хямд хийх, сэтгэлтэй, сайн эмчтэй, эмнэлгийн машинтай болох эх мэт үр дүнтэй олон ажил амжуулах боломжтой. Хэрвээ хэрвээ гэсэн зөндөө бодол эргэлдэх юм. Бидэнтэй зэрэгцэн амьдардаг энэ өвдөлтэй амьтдыг олонх хүн ойлгох ухамсартай болчихвол жинхэнэ үр дүн гарна” гэлээ.
Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй “Монголын нохой судлалын холбоо”, “Азтай савар амьтанд хайртай залуус”, “Монгол банхар судлалын холбоо” болон “UB shelter” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл өнгөрсөн сарын 18-нд уулзсан байна. Амьтан асрах төв байгуулахдаа бэлтгэл ажлыг сайтар хангаж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахад анхаарах хүсэлтээ ТББ-уудын төлөөлөл тухайн үед уламжилжээ. Ажлын хэсгийнхний ярьсан зүйлс хүнлэг бус санагдсан тул зарим байгууллагын төлөөлөл уулзалтын танхимыг орхин гарсан гэнэ. Түүнчлэн “Азтай авар амьтанд хайртай залуус” ТББ-ын зүгээс эзэнгүй нохой, муур барьж, түр асрамжлах байранд байрлуулах ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдээс санал авч, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой эсэн хүсэлтээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлээд буй юм.
Захирагчийн ажлын албаныхан эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байр байгуулахдаа судалгаа, шинжилгээнд огт тулгуурлаагүй нь ийнхүү олон асуудлыг араасаа дагуулав. Өөрсдөө хийж чадахгүй бол амьтдын төлөө гэсэн зүтгэлтэй хүмүүсийн саналыг ажилдаа тусгаж болно. Харамсалтай нь, албаныхны сэтгэл, зүтгэлгүй шийдвэрээс болж олон амьтан үрэгдэхэд хүрлээ. Нэгэнт төрийн байгууллагынхан өөрсдөө хийж чадахгүй бол мэргэжлийн хүмүүст нь даатгаасай.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн