Эрүүл мэндийн салбарт “Эйбл” системийг хэрхэн ашигладаг талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү систем нь бүх төрлийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай ажил хэргийг цахимаар явуулах үйлчилгээ юм. Өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Эйбл Софт” компанийн системийг эрүүл мэндийн салбарынхан албан бичиг, тушаал зэрэгтээ таван жилийн өмнөөс ашиглажээ. Тус компани системдээ өнгөрсөн онд шинэчлэл хийж, эмнэлгийн үйлчилгээний асуудлыг цогцоор шийдэх ажлыг эхлүүлсэн байна.
“Эйбл Софт” ХХК гүйцэтгэх захирал Б.Даваадорж энэ талаар “Манай систем эмнэлгийн салбар дахь асуудлуудын шийдлийг бий болгоно. Жишээлбэл, эмч тайлан гаргахад олон цаг зарцуулдаг байсан бол “Эйбл” систем таван минутад шийдэх юм. Мэдээллийн технологи ил тод, хурдтай байдлыг бий болгодог” гэв.
“Эйбл” систем нэгдүгээр сарын 1-нээс ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж буй аж. Тодруулбал, эмч ажилчдын цагийн бүртгэл, хэдэн хүнд үйлчилсэн, ажлын туршлага, дундаж насжилт гэх мэт маш олон тооцооллуудаа “Эйбл” системд даатгадаг болжээ. Ингэснээр байгууллагын удирдлагын төвшинд ажил явуулахад шаардлагай баримтууд нэг системд цугларахаас гадна, ажилчдын ачаалал багасах олон давуу талтай. Жишээлбэл, дотрын эмч ачаалал ихтэй байвал энэ чиглэлийн эмчийн орон тоо шаардлагатай байгаа нь харагдана.
Эрүүл мэндийн салбарт “Ковид 19”-ийн үед аль эмнэлэгт ямар төхөөрөмж дутуу байгаа, эсэх нь тодорхойгүй асуудал үүссэн. Нэгдсэн бүртгэлгүйгээс болж ашиглахгүй төхөөрөмж олноор өгдөг. Мөн олон төрлийн брэндийн төхөөрөмж авснаар сэлбэг олдох нь хомс болдог байна. Тиймээс “Эйбл” системд төхөөрөмжийн хүрэлцээ, эвдрэл гэмтлийн бүртгэл үүсгэснээр шаардагатай төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн жагсаалт гарна. Энэ бүртгэлээс үүдэж аль брэндийн төхөөрөмж чанартай, ямар брэндийн төхөөрөмж чанаргүй талаар зөвлөмж хүргүүлэх юм байна.
Бэлтгэсэн: Н.Халиунаа