Улаанбаатар хотын төвийн сүүлчийн гэр хороолол нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын айл өрхүүд гэхэд болно. Энэхүү хэсгийн гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, дахин төлөвлөнө гэж холбогдох албаныхан сүүлийн 10 гаруй жил ярьсаар ирсэн ч өнөө хэр үр дүн гарсангүй. Гандан орчмын гэр хороолол харин ч улам навсайсаар байна. Дахин төлөвлөх гэхээр иргэд нь газраа өндрөөр үнэлдэг, тиймээс өөрсдөө ч нүүхгүй, хүнд ч зарахгүй өдий хүрчээ. Гандангийн дэнжийн гэр хорооллын өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
ХОГ ХАЯГДАЛДАА ДАРАГДСАН ГУДАМЖУУД
Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь Туул, Орхон гэсэн хэсэгт хуваагддаг аж. “Бөмбөгөр” худалдааны төвийн эсрэг талын гудамж нь Орхон. Харин Гандантэгчэнлин хийдийн баруун талын хэсэг нь Туулын гудамж. Эдгээр гудамжаар тус хийдийг зорих хүмүүсийн хөл тасрахгүй. Айлуудын хашааны үүдэнд архины шил элбэг. Гудамжаар явсан нэгэн юу ч болоогүй мэт бие засаад зогсож байх нь ч энүүхэнд. Хашаануудын гадна тавьсан хог нь гудамжаар таржээ. Улмаар зарим хэсэг нь цастай холилдон, хогон овоо үүссэн байв. Ихэнх хашаа эзгүй, төмөр, мод овоолоод орхисон байлаа. Тухайн хэсэгт долоо хоног бүрийн баасан гарагт хог ачдаг гэнэ. Гэтэл зарим иргэн хугацаандаа хогоо ачуулалгүй, өөр айлын хашаанд оруулаад тавьчихдаг аж. Хүрээлэн буй орчноо цэвэр байлгах нь иргэний үүрэг. Ялангуяа хотын төв хэсэгт амьдарч буй иргэдийн хувьд ухамсарлах наад захын үүрэг гэж болно.
Гудамж бүрийн гол хэсэгт траншейн нүх дайралдана. Тэдгээр нь таггүй учраас хэн нэгэн унаад бэртчих вий гэсэн болгоомжлол төрлөө. Өнгийж харвал ууттай хогоор дүүрэн байв. Үүнээс болж жолооч нар автомашиныхаа эд ангийг эвдэх тохиолдол олон гэнэ. Тус хорооны дарга Б.Мягмаржаваас траншейнуудыг яагаад тагладаггүйг лавлахад “Ачааны, том оврын тээврийн хэрэгсэл явахаар таг нь эвдэрчихдэг. Түүнчлэн траншейн тагийг хулгайлах тохиолдол элбэг” гэсэн юм.
Гудамж хоорондын зай нь гурван метр орчим. Түүгээр нь автомашин эргэж тойрно гэдэг хэцүү. Үүний зэрэгцээ оршин суугчид нь хашааныхаа гадна автомашинаа байрлуулжээ. Түүнийг тойрч явна гэдэг жолоочоос ёстой л ур ухаан шаардах зүйл шиг санагдав. Явган хүн эл замаар явахад хажуугаар машин зөрвөл бараг л хашаанд шахагдаж таардаг аж. Нэгэн иргэн “Гудамжны зай улам л нарийхан болж байна. Зарим айл хашаагаа урагш нь сунгахад эсрэг талынх нь өрх хойш татаж, зайгаа булаацалдах юм” хэмээсэн. Гудамжууд нь хэтэрхий нарийн учраас түймэр гарсан тохиолдолд гал унтраах машин орох боломжгүй хэсэг ч бий. Түүнчлэн хог ачих машин ч орж, гарахад хэцүү. Тус хороонд амьдардаг иргэн “Дахин төлөвлөх гэхээр манай хорооныхон хашаагаа өндөр үнээр үнэлдэг. Нэг айлын хашаа дунджаар 200 ам метр. Жижиг хашаагаа нэг тэрбум төгрөгөөр үнэлчхээд хаашаа ч хөдөлдөггүй. Тэрийг нь авах хүн ч байхгүй” гэв.
Эл хороонд нийтийн байр олон, түр оршин суугч ихтэй бөгөөд гэмт хэрэг цөөнгүй гардаг гэнэ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоогоор дүүргийнхээ хэмжээнд 4-5-д бичигддэг байна. Нийтийн зориулалттай байранд оршин сууж байсан иргэн “Олон хүн нэг дор амьдардаг. Тэд байрандаа өөриймсөг хандаж, цэвэрлэх нь ховор. Бүгд л хаягдлаа хогийн сав руу дөхүүлээд орхичихдог. Байр хариуцдаг хүн нь ихэнхдээ согтуу. Оршин суугчдадаа шаардлага тавьдаг ч үгүй. Ажил хийж, мөнгө цуглуулах гээд түрээсийн төлбөр багатай болохоор нь аргагүйн эрхэд тэнд амьдарч байлаа. Зуны улиралд зам нь тэр чигтээ шавхай болчихдог. Цахилгаан заримдаа тасалддаг. Байрны эзнээс асуухаар “Түрээслэгчид төлбөрөө өгөөгүйгээс арга хэмжээ авч чадахгүй” гэдэг байв. Жижиг зуухтай. Түүгээрээ байраа халаадаг. Ихэнх айл нь модон жорлонтой. Зуны улиралд үнэр нь маш хэцүү” хэмээн ярилаа. Үнэхээр ч нийтийн байранд амьдардаг хүмүүс гудамжинд хогоо хаях, шөнөөр үймээн тарих нь элбэг гэдгийг дээрх хорооныхон хэлсэн.
ДАРГА НАРЫН ҮГ ЗАМХАРСАН НЬ
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Орон сууц, дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон нарын холбогдох байгууллагуудын удирдлага2020 онд Гандангийн дэнжийн гэр хороололд ажиллажээ. Тэр үеэрээ “Гудамжуудын дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, энэ онд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Гандангийн дэнжийн гэр хорооллыг 100 хувь яндангүй, нүхэн жорлонгүй бүс болгох юм. Ариун цэврийн байгууламжийг нь төвийн системд холбоно” гэж байв. Харамсалтай нь, тэдгээр амлалтаас хэрэгжүүлсэн гэх зүйл өдгөө тун ховор. Хэрэгжүүлсэнд тооцож болохоор ганц ажил нь тус хорооны айлуудын 45 хувийг өнгөрсөн онд дулааны шугам сүлжээнд холбосон нь аж. Дэд бүтцийг сайжруулах эл ажлыг 2008 оноос бодлогын түвшинд ярьж эхэлжээ. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн ч үр дүн нь 50 хувьд ч хүрээгүй гэсэн үг юм. Хэрвээ тус хорооны айл өрхийг дулааны шугам сүлжээнд бүрэн холбочихвол амины орон сууцтай болох шаардлагыг иргэдэд тавихаа албаны хүмүүс хэлэв. Учир нь тухайн хэсгийн хөрс цэвдэгтэй учраас гурван давхраас өндөр барилга барих боломжгүй гэнэ. “Шаардаад эхлэхээр байшин барих боломжгүй айлууд нь газраа зараад, нүүх биз” хэмээн холбогдох мэргэжилтэн хэлэв. Одоогоор дулааны шугамд холбогдсон 43 айл амины орон сууцтай болжээ.
Харин “100 хувь яндангүй бүс болгоно” гэсэн дарга нарын амлалт одоо ч биелээгүй. Айлууд хашааныхаа гадна талд шахмал түлшийг хэд хэдэн шуудайгаар нь хураачихсан байна лээ. Мөн нийтийн байранд ч зуух галладаг байдал үргэлжилсээр. Айлуудын яндангаас гарах утаа ойролцоо явах нь хэний ч хоолойг хорсгоно.
“Нүхэн жорлонгүй бүс болгоно” гэсэн амлалт ч нэг ёсондоо үлгэр болсон гэлтэй. Зуны улиралд бохирын үнэр нь хэрээс хэтэрдэг тул үүгээр явах хүний тоо ч цөөрдөг байна. Жилд 1-2 удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг гэнэ. Айл бүрийн хашааны үүдэнд “Бохир соруулна” гэсэн бичиг хадсан байлаа. Эндээс харахад 2020 оноос хойш дөрвөн жил өнгөрөхөд дарга нар хэлсэн зүйлсээсээ биелүүлсэн нь маш ховор ажээ.
“СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л ЗАМ ТАВЬЖ, БИДНИЙГ ХУУРДАГ”
16 дугаар хорооны иргэдийн “чихэн дээр ургуулсан цэцэг” дээрхээс олон. 2017 онд энд “Гандан хүрээ гудамж” төсөл хэрэгжүүлэхээр дарга нар нээлт хүртэл хийсэн. Үүний хүрээнд уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан, дөрвөн давхар, 1500-1700 ам метр талбайтай үйлчилгээ, орон сууцын цогцолбор, шашны эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэргийг барина гэж байв. Мөн инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын, аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг орчин үеийн хэв шинжтэй хослуулан барина хэмээсэн билээ. Энэ талаар нэгэн иргэн “Сонгууль болохоор л гудамжинд зам тавьж биднийг хуурдаг. Дорвитой, зоригтойхон ажил хийж, сургууль, цэцэрлэгтэй орчин үеийн хотхон барьж болдоггүй юм уу. Хэдий хүртэл хотын төвдөө хогоо овоолж, навсайгаад суух вэ. Дахин төлөвлөлтөд оруулах сураг гараад л чимээгүй болдог. Эрх мэдэлтнүүд нь ажил хийе гэсэн сэтгэл гаргалгүй, хий дэмий амласаар олон жил боллоо. Гудамжаар угаадас, хог дүүрэн байна. Үүнийг хүн харахын аргагүй. Хоёрын хооронд ганц зам тавиад юу өөрчлөх гээд байгаа юм бэ. Улсын нийслэл, тэр тусмаа хотын төв гэж Гандан орчмыг нэрлэхэд ичмээр шүү дээ” гэлээ.
Мөн 2021 онд нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазар 16 дугаар хороонд амьдарч буй 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэсний 5500 суулгац өгөхөөр болжээ. Улмаар зарим айлд суулгац гардуулж байж. Тэрбээр “Гандангийн дэнжийн хөрсний бохирдол их байна. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүл лээ. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийн хээ амьдрах орчныг сайжруулах ёстой” хэмээж байж. Гэвч энэхүү амлалтаа маргаашаас нь л мартсан бололтой. Уг ажлыг түүнээс хойш үргэлжлүүлээгүй бөгөөд ийнхүү хэлсэн талаар нь мэдэх хүн өнөөдөр нийслэлийн холбогдох байгууллагынхан дотор лав алга.
Гандангийн гэр хорооллыг 2022-2024 онд аялал жуулчлалын бүс болгоход зориулан улсын төсвөөс 24 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүгээр хийсэн ажил нь өмнө хэлсэнчлэн айлуудын 45 хувийг дэд бүтцэд холбосон явдал аж. Холбогдох байгууллагын удирдлагуудаас нь асуухаар “Дэд бүтцийг нь шийдсэн жишиг гудамж байгуулна. Үүний хүрээнд гэр хорооллын гудамжинд чулуун зам тавьж, тохижуулж байгаа. Мөн айлуудын хашааг ижил загвартай болгосон” гэв. Харин бодит байдалд тийм зүйл байсангүй. Тохижуулсан гэх зам нь цас, мөсөнд дарагдаад юу нь ч мэдэгдэхгүй болжээ. Дулааны улирал болохоор замынх нь чулуунууд хүний хөлөөр хөглөрч байдгийг иргэд нь хэлсэн. Тус хорооны оршин суугч “Аялал жуулчлалын бүс болгоно гэж дарга нар ярьдаг. Гэсэн ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйл хийгээгүй. Зөвхөн цаасан дээр л гоё зүйл бичихээс хэтэрдэггүй” гэсэн юм.
Улаанбаатар хотынхоо төв хэсэгт байгаа, хашаа нь салж унах дөхсөн, хогондоо дарагдсан гудамжуудаа хэзээ цэгцлэх вэ. Сонгууль дөхөхөөр л “Аялал жуулчлалын бүс болгож, оршин суугчдыг үүгээр дамжуулан орлого олох боломжоор хангана” гэдэг. Үүнд нь итгэх хүн тус хороонд лав алга.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн