Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ цуцлах нь аль ч улс орны хувьд амаргүй сорилт байсан. Иргэдийнхээ эрүүл мэндийг бодох уу, эсвэл улсын эдийн засаг, хөгжлийг хязгаарласан саадыг үгүй хийх үү гэдэг асуулт олон оронд тулгарсан юм. Өөрөөр хэлбэл, 2020 оноос эхлэн дэлхий дахиныг сандаргасан “Ковид-19” цар тахал бүтэн хоёр жилийн турш эрүүл мэнд чухал уу, эсвэл эдийн засаг уу гэдэг асуултыг улс орон бүрийн өмнө тавьсан гэхэд буруудахгүй. Гэхдээ олон улсад эрүүл мэндээ, эдийн засгаа ч буюу аль алиныг нь “аврах” ёстой гэсэн бодлого баримталсан юм. Монгол ч тийм бодлого хэрэгжүүлсэн улсуудын нэг.
Ази, Номхон далайн бүсийн орнуудаас цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмээ цуцалсан эхний таван орны нэг нь Монгол. Цар тахлын улмаас бүтэн хоёр жилийн хугацаанд үргэлжлүүлсэн хөл хорио,хязгаарлалтын дэглэмийг цуцлах шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоол баталлаа. Монгол олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Манай улс хязгаарлалтын дэглэмээ сулруулах болсон үндэслэл нь “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулсантай холбоотой байв. Хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулснаар Монгол олон улсад үүдээ нээх боломж бүрдсэн гэсэн үг. Тодруулбал, цар тахлын эсрэг дархлаажуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн Ази тивийн эхний таван улсын нэг нь манай орон байлаа.
2021 оны хоёрдугаар сарын 23-нд манай улсад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг хийлгэж байсан билээ. Түүний тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаас хойш эхлүүлсэн анхны томоохон ажлуудын нэг нь энэ байв. Түүнээс хойш хязгаарлалтын дэглэмийг цуцлах хүртэлх хугацаанд коронавирусний эсрэг вакцины эхний хоёр тунг нийт хүн амын дийлэнх буюу 90 орчим хувь нь хийлгэсэн байлаа. Мөн нэмэлт 3-4 дүгээр тунд ч цөөнгүй хүн хамрагдсан юм. Бас “Вакцины нөөц хангалттай тул зөвхөн дотоодын иргэд гэлтгүй манайд аялах жуулчид, гадаадын иргэд ч хийлгэх боломжтой” хэмээн холбогдох байгууллагууд зарлаж байв.
Монгол Улс 2020 оны гуравдугаар сард цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм анх тогтоосон билээ. Эл шийдвэр нь салбар бүрд “сүүдрээ” тусгаж, айл өрхийн хэвийн амьжиргаа алдагдахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч доголдоход хүргэсэн. Эдгээрээс улбаатай бэрхшээлийг монголчууд биеэр туулж мэдэрч байв. Цар тахлын улмаас үүссэн энэ мэт хүндрэлийг даван туулахын тулд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа ч “аврах”-аар Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” баталж, хэрэгжүүлсэн юм.
Олон улсын туршлагад суурилсан эл төлөвлөгөөний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгон, энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжих боломж бүрдүүлсэн. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зээлд хоёр их наяд орчим төгрөг зарцуулсан нь цар тахлын улмаас үүдээ хаахад хүрээд байсан аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болжээ. Үүнд нийт 25 514 зээлдэгч хамрагдаж, улсын хэмжээнд 109 700 ажлын байрыг хадгалан үлдээж чадсан байна. Мөн манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй хөдөө аж ахуйн салбарын 20 607 зээлдэгчид дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг нь хадгалж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл .