Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Тэрбээр 2023 оны есдүгээр сард ажлаа хүлээн авчээ. Сангийн сайд Б.Жавхлан түүнтэй дэлхийн санхүүгийн салбарт шинээр хөгжиж буй ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн татвар, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, хөгжлийн санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Матилда Димовскагийн зүгээс Монгол Улс Үндэсний санхүүгийн нэгдсэн хүрээг боловсруулж байгааг сайшаагаад, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБХХ-ийн зүгээс бүх боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
НҮБХХ болон Сангийн яам хоорондын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.