БНХАУ, БНСУ, Сингапур, ХБНГУ, АНУ-д хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал маш үр дүнтэй болсон. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тус улсын дарга Си Зиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм. Мөн БНХАУ-ын төрийн өмчийн томоохон компаниудын удирдлагатай уулзан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон хөтөлбөр, төслүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулахыг уриалсан билээ. Ингэхдээ Ерөнхий сайд Тяньжин хотноо болсон “Зуны Давос”- ын нээлтийн ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулаад амжсан юм.
Хоёр орон найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн. Үүний сацуу АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк болон Европын Холбоо, зэрэг өрнө, дорнын улс орон, олон улсын байгууллагатай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд манай хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар Монгол, Америкийн хооронд шууд нислэг үйлдэх, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээгдэх, зорчигч болон карго тээврийг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх эрх зүйн үндэс бий болов. Цаашлаад эл хэлэлцээрийн хүрээнд АНУ-аас зохих дэмжлэг авч, нислэг үйлдэх чадвар, чадамжийг сайжруулах, аюулгүй байдал, хүний нөөцийн төлөвлөлт, олон улсын стандартад нийцсэн иргэний нисэхийн салбартай болох нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэ мэтээр Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмуудын ач холбогдол, үнэ цэн улам бүр нэмэгдэж, тодорч байна. Дэлхий дахиныг хамарсан томоохон сорилтуудтай нүүр тулсан, олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл, томоохон улс гүрнүүдийн талцал, хуваагдал гүнзгийрч буй энэ үед Гадаад бодлогын үзэл баримтлалынхаа “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” байх суурь зарчмыг тууштай мөрдөн ажиллаж буй. Үүнийгээ хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулж, тэдэнтэй тэнцвэртэй харилцан, НҮБ болон олон улсын бусад байгууллагын түвшинд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа билээ.
Өнгөрсөн 30 гаруй жилийн дунджаар жилд 2-3 томоохон айлчлал хийдэг байсан бол 2022, 2023 онд тус бүр 10 гаруй оронд айлчилсан нь манай энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого олон улсад өндрөөр үнэлэгдэж, анхаарлын төвд нь орсны илрэл гэлтэй. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч, Ромын папын айлчлал ч дэлхий нийтийн сонирхлыг татсан юм. НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийхдээ дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож байгаа цаг дор энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилсандаа баяртай буйгаа илэрхийлсэн билээ.
Бэлтгэсэн: Б.Оргил