Боловсролын ерөнхий газраас “Хүслийн хайрцаг” аяныг орон даяар өрнүүлж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүдийн санал, хүсэлтийг авах хайрцаг байрлуулжээ. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн өнөөгийн байдлыг илрүүлэх, тэдэнд тулгарч буй асуудлуудын суурь шалтгааныг тодруулах зорилготой аж. Хүүхдүүд нийгэм болон томчуудаас юу хүсэж буйгаа бичиж, уг хайрцагт хийх гэнэ. “Аав, ээж минь битгий маргалдаасай гэж хүсэж байна”, “Томчууд бидний юу хүсэж буйг асуудаг байгаасай”, “Найзынхаа хүүхдүүдтэй намайг битгий харьцуулаасай” гэх мэтээр голчлон ээж, аавдаа хандсан сэтгэгдлийг хүүхдүүд бичжээ.