Гэрийн тэжээвэр амьтны асрамжийн газар манай улсад тун цөөн. Энэ талаар сонсоогүй хүн ч байж мэдэх юм. Нөгөө талаар амьтдад яагаад асрамжийн газар хэрэгтэй болов гэдэг асуулт урган гардаг. Гудамжинд хөсөр хаягдсан, автомашины осолд өртөн нүдээ ч аньж чадахгүй тарчлах амьтад замын хажууд олон таардаг. Тэдгээр амьтныг хүлээн авч, асардаг газрууд хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа.
ЭМНЭЛЭГТ САРД 5-6 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ ГЭВ
Амьтны асрамжийн газар хэмээн иргэдэд хэдийн зөвшөөрөгдсөн байгууллага бол “Хөөрхөн зулзага”. Тус байгууллага нь үндсэн найман гишүүнтэй. Улаанбаатар хотын төвөөс 14 км-ийн зайд буюу “Найрамдал” зуслан явах замд, “Хааны зам” амралтын газрын хашаанд байрладаг. Биднийг очиход төмөр тороор хүрээлсэн, цэвэрхэн орчин угтан авлаа. Хашааных нь зүүн талын хэсэгт нохдын байр байв. Нохой бүр өөрийн гэсэн модон байртай. Зарим нь байрныхаа дээвэр дээр гарчихсан нарлаж буй бололтой.
Нохдыг 5-6 хүүхэд эрхлүүлж, тоглож байлаа. Тэд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар иржээ. Нохойны хашааг гэрэлтүүлгээр бүрэн хангажээ. 10 гаруй гэрлийг нь нарны эрчим хүчээр цэнэглэдэг. Тус байгууллагын нохой сургагч С.Мөнх-Эрдэнэ “Түрүү жилийн гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн. Нохойнууд хүн шиг л араншинтай. Өдөр тутам хийдэг сургалтын үеэр нохойнуудаа сул тавьдаг. Олон нохой нэг дор байдаг болохоор бүгдийг нь сургаж чадахгүй л байна. Учир нь тэд бие биеэ харж хөөрцгөөдөг. Нохойнууд маань багаасаа хамт байгаагүй, өөр өөр газраас ирсэн болохоор бие биедээ дасахад нь л голлон анхаарч байна. Эзэндээ хаягдсан нохойнууд аймхай болдог. Нохой сургахдаа айлгаж, эсвэл хэтэрхий их эрхлүүлж болохгүй. Байнга уядаг нохойнуудын ааш эвдэрдэг. Хоёроос дээш настай бол засрахад хэцүү. Нохойг таван сартайгаас хоёр настай хүртэл нь сургахад тохиромжтой. Миний хувьд өмнө нь онцгой байдлын албанд нохой хөтлөгчөөр суралцаад, ангийн бус түүхий эд илрүүлэхээр албаны эрэлч нохойтой ажилладаг байсан” гэсэн юм.
“Хөөрхөн зулзага” ТББ-ын гишүүн Б.Баянмөнх үйл ажиллагаагаа танилцууллаа. Тэрбээр тус байгууллагад ажиллаад нэг жил болж буй гэнэ. Өмнө нь завтай үедээ найзтайгаа хамт ирэн, амьтдыг асардаг байж. Цаашлаад сонирхлынхоо дагуу амьтан асрах газарт ажиллах болжээ. Өдрийг амьтдаа асрах, хоолыг нь бэлдэх зэргээр өнгөрөөдөг аж.
Хашааны баруун урд талын төмөр чингэлэгт 73 муур байрладаг. Тэд байрныхаа цонхоор дамжин нарлах хэсэг рүүгээ ордог юм байна. Амрах хэсэг нь төмөр торон хашлагатай, мууруудад зориулсан гурван давхар ортой. Ихэнх муур нэртэй. Жишээлбэл, анх ирсэн муурыг Нямдорж гэдэг. Зарим нь чамин хүзүүний зүүлт, хувцастай. Муурын байр нь дулаан. Гэсэн ч олон муур байдаг, бас агаар сэлгэлт тааруугаас эвгүй үнэртэй аж.
Гурван ханатай жижиг гэр хашааны голд байх бөгөөд энэ нь гал тогоо гэнэ. Гэрт ороход 20 литрийн багтаамжтай гурван тогоонд шөлтэй хоол буцалж байлаа. Нохойгоо өдөрт нэг хооллодог. Ингэхдээ зургаан тогоо хоолыг урьд өдөр нь бэлддэг байна. Хоолонд хэрэглэх материалаа худалдааны төвүүдээс авдаг гэнэ. Тухайлбал, малын цэвэрлэсэн дайвар бүтээгдэхүүн нэг өдөрт 50 кг-ыг авч, хоол хийхэд ашигладаг. Шуудайгаар нь авахад шар будаа 68 000, гурвалжин будаа 75 000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Ер нь асрамжийн газрын өдөр бүрийн үйл ажиллагааны зардалд ойролцоогоор 350 000 төгрөг шаарддаг. Үүнээс гадна цахилгааны төлбөрт сард гурван сая төгрөг төлдөг. Мөн “Их Монгол”, “Сity paws”, “Амар”, “Ub vet” амьтны эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд тэдгээрт сард 5-6 сая төгрөг зарцуулдаг гэнэ. Амьтны асрамжийн төвд санхүүжилт тааруу учраас эмнэлгүүдэд одоогоор 20 сая төгрөгийн өртэй гэнэ. Эл зардлыг багасгах үүднээс тус байгууллагынхан ирэх жилээс амьтны эмнэлэгтэй болохоор зорьж буй юм билээ. Энд байгаа нохой, муур нь эмчилгээ, дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан. Өвдөөд, эмчилгээнд хамрагдаж буй нохойндоо зориулан гэр барьж өгсөн байна.
Б.Баянмөнх “Манай байгууллагын гадаад харилцааг хариуцсан гишүүн Г.Роберт гадаадын улс орнууд руу нохой, муур үрчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Үрчлүүлсэн амьтдаа эргэж, сайн асарч байгаа, эсэхэд нь манайхаас хяналт тавьдаг юм. Үрчлэх хүсэлтэй хүн авахыг хүссэн амьтантайгаа гурван сарын хугацаанд байнга уулздаг. Байгууллагын гишүүд тухайн хүн амьтадтай хэрхэн харилцаж байгааг ажиглах шаардлагатай. Үрчилж авахдаа оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд хангалттай” гэлээ. Үрчлүүлсэн амьтан нь ямархуу нөхцөлд амьдарч байгааг ч тус байгууллагынхан тогтмол шалгадаг юм байна. Эзэн нь хайхрамжгүй хандсанаас буцааж авчирсан тохиолдол байхгүй гэнэ. “Амьтадтай байнга харилцах хэрэгтэй. Тэд яг л хүн шиг бүхнийг ойлгодог. Мөн үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгэх хэрэгтэй. Амьтан тэжээх нь цаг, зав их шаарддаг. Тиймээс түрхэн зуурын сонирхлоороо тэжээвэр амьтан авч болохгүй. Түүнчлэн улирал тутамд дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй” гэж Б.Баянмөнх хэллээ.
“Хөөрхөн зулзага”-ынхан “Анд” амьтны хэрэгслийн дэлгүүртэй. Тэжээвэр амьтдад хэрэгтэй бүхэн энд бий. Нохойны вакцин нэг тун нь 30 000, муурынх 25 000, туулга нь 15 000 төгрөгийн үнэтэй аж. Нохойг гөлөг байхад нь 21 хоногийн зайтай гурван тунгаар вакцин хийдэг, муурт ч мөн адил гэнэ.
“НОХОЙГОО ҮРЧЛҮҮЛЭХ ГЭХЭЭР ШААРДЛАГА ХАНГАХ ХҮН БАЙДАГГҮЙ”
Гудамжинд өнчирсөн амьтдыг өрөвдсөндөө гэртээ цуглуулж асарсаар Монгол Улсад анхны гэх тодотголтой амьтан асрах төвийг байгуулсан хүн бол М.Ариунсанаа юм. Асрамжийн төв нь “UB shelter” нэртэй, 2017 онд байгуулсан. Өдгөө 105 нохой, зургаан мууртай. Байгуулсан цагаасаа түрээсийн байр “хэссэн” тус төвийнхөн энэ жил ч нүүдэллэжээ. Өдгөө Налайх дүүрэгт байрладаг. Баянзүрх дүүрэгт байрладаг хуучин хашаагаа бүрэн хүлээлгэж өгч амжаагүйгээс хэдэн амьтан үлдсэн гэлээ. Үүсгэн байгуулагч М.Ариунсанаа компьютер график дизайнер мэргэжилтэй. Давхар ажил эрхлэх боломжгүйгээс тэрбээр мэргэжлээрээ ажиллахаа больжээ. Амьтны асрамжийн газарт нь хүн хүч дутмагаас эмчилгээ шаардлагатайг нь М.Ариунсанаа машиндаа аваад явах үе ч цөөнгүй аж.
Шинэ байранд нь дулаанаа удаан барих зуух, нэг ор байрлуулжээ. Гадаа 30 нохой байгаа ч идэр ес эхэлбэл дотогш нь оруулна гэв. Түрээслэх газар хайхдаа амьтан байрлаж болох муухан байшинтай, дараа нь сэлбэх боломжтойг бодолцож сонгодог гэнэ. Түрээсийн байр олох ажил 4-5 сар үргэлжилдэг аж. Байрны түрээсэнд сард 500 мянган төгрөг төлдөг. Тэд цахилгаан ашигладаггүй. Учир нь цахилгаан ашиглахад сард 70 000-80 000 төгрөг төлдөг бөгөөд энэ хэмжээний мөнгийг амьтдынхаа хоолонд зарцуулсан нь илүү үр дүнтэй гэж үздэг байна. Хамтарч ажилладаг эмнэлэг гэж байхгүй. Ханиад, томууг гэртээ эмчлэхийг зорьдог гэнэ. Тус төв зургаан гишүүнтэй ч М.Ариунсанаа голчлон өөрөө нохдоо асарч өнждөг. Тэрбээр “Түрээсийн байр дамжиж явахгүй, өөрсдийн гэсэн газартай болчихвол сайхан байна. Манай амьтад сайн нийгэмшсэн. Хүн рүү дайрч гэмтээсэн тохиолдол үгүй. Нохойгоо үрчлүүлэх гэхээр шаардлага хангах хүн олддоггүй.
Нохой үрчилж авчхаад буцаах, алга болгох, өөр хүнд өгсөн тохиолдлууд бий. Буцаж ирсэн 10-20 нохой бий. Үрчлүүлэхдээ тухайн хүний хандлагыг хардаг. Бага насны хүүхэдтэй айлд үрчлүүлдэггүй. Гэр бүлийн бүх гишүүн нохой амьдрахыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Ноход маань миний хүүхдүүд гэсэн үг. Эрхлүүлж байгаад хаячихаар сэтгэл зүй нь доголддог. Хөлдөж үхэх гэж байгаа, машинд дайруулсан амьтдыг өрөвдөөд асрамжийн газар байгуулсан. Манайх одоогоор амьтан нэмж хүлээж авах ямар ч боломжгүй. Гэсэн ч хүмүүс авчраад хаячихдаг. Тусалж дэмждэг хүмүүс, албан байгууллагууд бий. Сүүлийн нэг жилд АНУ-ын Элчин сайдын яамны сайн дурын багийнхан тусалж байна. Манайд хамгийн хэрэгцээт зүйл нь амьтдын хоол. Цахилгаангүй орчинд амьдардаг болохоор малын дайвар бүтээгдэхүүн авахаар хадгалах боломжгүй. Зарим нохой чанасан хоол идэж чадахгүй. Тиймээс зориулалтын хоол авдаг” гэлээ.
Манай улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болохоор төсөл боловсруулж, өдгөө УИХ-аар хэлэлцэж эхлээд буй. Тус хуулийн төслийг боловсруулахад амьтдын эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллийг оролцуулснаараа онцлогтой. Энэхүү хуулийн төслийг боловсруулагчид УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барихад “Ub shelter” ТББ-ын үүсгэн байгуулагч М.Ариунсанаа оролцжээ. Хуулийн төсөл боловсруулах багт оролцох саналыг ажлын хэсгийнхэн түүнд тавьсан байна. Гэсэн ч ажил нь амжаагүйгээс оролцож чадаагүй гэлээ. М.Ариунсанаа “Хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлээгүйгээс амьтад хүнээс болж ямар их зовж байгаа билээ. Хуультай болсноор эл асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна. Үрчилж авсан эзэн нь хариуцлагатай болно. Амьтан үржлүүлэх бизнес эрхлээд байгаа хүмүүсийн үйл ажиллагаа хумигдана. Гэхдээ Монголд хууль байгаад ч хэрэгждэггүй дээ” гэв.
“ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТ, МЭДЛЭГ, ТУУШТАЙ БАЙДАЛ ТӨДИЙГҮЙ ЧИН СЭТГЭЛ ШААРДАГДАНА”
Муур асрах, хайрлах хүсэлтэй хүмүүст зориулсан сонирхолтой газар байдаг нь “Cat home cafe” юм. Энэ газрыг оюутнууд ажилуулдаг. Дотоод тохижилт нь “Муурны харш” гэж нэрлэхэд тохиромжтой. Ерөнхий зохион байгуулагч Б.Эгшиглэн “Монголд эзэнгүй, тэнэмэл муур, нохой маш олон байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Амьтан тэжээхэд хариуцлага, сахилга бат, мэдлэг, тууштай байдал төдийгүй чин сэтгэл шаардагдана. Хүн бүхнийг амьтан хайрлах сэтгэлтэй болгож хүмүүжүүлээсэй гэж хүсдэг дээ. Хүүхдийг багаас нь амьтантай хамт өсгөснөөр өрөвч зөөлөн, хүнлэг болж төлөвшдөг. Хууль хэрэгжүүлснээр хүмүүс амьтан тэжээхдээ илүү хариуцлагатай ханддаг болно. Цаашлаад тэнэмэл муур, нохойны тоо цөөрнө. Амьтантай эд зүйл мэтээр хандах хандлага үгүй болно гэж итгэж байна” гэв.
Ц.ЗОРИГЛОН: ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл УИХ-ын эцсийн хэлэлцүүлгийн шатандаа ирээд байна. Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт “Азтай савар” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглон багтсан юм. Хууль хэрэгжүүлж эхэлснээр ямар үр дүн гарах талаар түүнээс тодрууллаа.
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг яагаад санаачлах болсон бэ?
-2019 оноос “Азтай савар” ТББ-аас тэжээвэр амьтны тухай хуулийг санаачлах талаарх санал асуулгыг цахим сүлжээнд явуулахад 20 000 гаруй хүн дэмжсэн. Цаасан хэлбэрээр ч санал цуглуулсан. 2021 онд Монгол Улсад анх удаа гэрийн тэжээвэр амьтны цогц судалгааг гурван сарын турш хийсэн юм. Судалгаанд үндэслэн Монгол Улсад гэр тэжээмэл амьтныг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэйг тогтоож байлаа. Мөн онд УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай холбогдоод, есдүгээр сард нь10 хуульчтай ажлын хэсэг байгуулсан. Хүмүүс гэрийн тэжээвэр амьтны тухай хууль гэхээр зөвхөн амьтанд хамааралтай гэж ойлгоод байгаа. Энэ нь амьтны биш, нийгмийн асуудал. Амьтан тэжээдэг 220 000 өрх бий гэсэн судалгаа байна. Улаанбаатарт жилд 80 000-100 000 нохой устгахад 1.8-2 тэрбум төгрөг зарцуулдаг. Өглөө эрт хичээлдээ явж байгаа хүүхдүүд нохой устгах явцыг харчихдаг. Үүнийг харах нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Мөн буудуулсан нохдыг Цагаан давааны хогийн цэгт булж байгаа нь хөрсний бохирдол үүсгэж байна. Жилд 3500-4000 хүн нохойд хазуулснаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг. Үүний 40 хувийг 15-аас доош насныхан эзэлж буй зэргээрээ нийгмийн асуудал болж байгаа юм. 2017 онд 250 000 орчим эзэнгүй амьтан байгааг тогтоож байсан. 2023 оны нийслэлийн тооллогоор эзэнгүй нохой, муур 160 000 гаруй байна гэсэн дүн гарлаа. Энэ нь хэдэн жилийн өмнө эхлүүлсэн үржил хязгаарлах мэс ажиллаврын үр дүн юм.
-Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой асуудлыг өмнө нь бусад хууль тогтоомжоор зохицуулдаг байлаа. Бие даасан хуультай болох нь ямар давуу талтай вэ?
-Нохой, муурын үржүүлэг хяналттай болно. Хуулийн этгээд болж байж нохой, муур үржүүлэх эрхтэй болно. Ингэж хянаснаар амьтдыг гудамжинд хөсөр хаяхгүй. Гэрийн тэжээвэр бүх амьтныг бүртгэлжүүлнэ. Амьтдыг айлын хаяган дээр бүртгэдэг байсан. Тэгвэл энэхүү хуулиар эрх зүйн чадамжтай иргэн нохой, муур эзэмших эрхтэй. Нохой хүн хазаж гэмтээсэн тохиолдолд хариуцах эзэнгүй байдаг. Харин цаашид эзэмшигч нь хариуцлага хүлээнэ. Хуулийн зорилго нь амьтны эрх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах юм. Хуулийг сайн хэрэгжүүлэхийн тулд амьтдыг бүртгэх нь чухал. Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулах гэж байгаа 2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллого энэхүү хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болно.
-Үржил хязгаарлах мэс ажиллавартай холбоотой заалтуудыг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд тусгасан уу?
-Үржүүлэхийг хүсэж байгаа хүн зөвшөөрөл авна. Хүсэхгүй бол үржил хязгаарлах мэс ажиллавар заавал хийлгэх ёстой. Асрамжийн газар нэрээр амьтан үржүүлж болзошгүй тул байгууллагууд ч зөвшөөрөл авах заалт тусгасан.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн