Зам, тээврийн хөгжлийн сайд өнгөрсөн баасан гарагт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Еижбергентэй уулзаж, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх авто замын төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхээр тохирчээ. Энэ үеэр сайд С.Бямбацогт Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт ба ложистикийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэн батлуулна гэдгийг дурдсан байна. Уг төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам, найман байршил дахь төмөр бетон гүүрэнд ээлжит болон их засвар хийх аж.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Нутгийн зам төсөл”-ийн зорилтот найман аймгийн холбогдох сумдаас Дэлхийн банкны аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийн үр дүнгээр сонгож, Архангайн Булган сумыг холбох 35, Өвөрхангайн Есөнзүйл сум хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг шинээр барихаар төлөвлөснийг мөн хэлжээ. Түүнчлэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаан хоолой хэмээх газрын 50 км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замд их засвар хийж, барилгын ажлыг нь хангалтгүй хийсэн компанид хариуцлага тооцуулна гэдгийг илэрхийлсэн байна. Цаашид чанаргүй, гүйцэтгэл муу авто зам барьсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, их болон ээлжит засварт нь онцгойлон анхаарахыг дурдахын сацуу хуурай боомт байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодотгожээ. Дээрх банкны төлөөлөл Монгол Улсад зам барилгын ажлын хугацаа богино учраас төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал шуурхай ажиллаж, шийдвэрээ зөв гарган, бодлогын хувьд тогтвортой байх ёстойг онцолсон аж.
Бэлтгэсэн: Ц.Болор