НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс хүний эрхийн байгууллагууд “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж, өнөөдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум зохион байгууллаа. Тодорхой хэлбэл, симпозиумд Хүний эрхийн үндэсний комисс, “Монголын Эмнести интернэшнл” ТББ, Хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо зэрэг байгууллагын 130 гаруй төлөөлөл нэгджээ.
Тэд хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, арга зүйг сайжруулах, хэрхэн хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёл төлөвшихөд чиглэсэн санал санаачилга, шийдэл эрэлхийлж, зөвлөмж гаргах юм. Тус симпозиумын зорилго нь Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилготой.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн батлан 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр нь боловсролоор дамжуулан хүн бүрийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн эрхэм зорилго, амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг, улс үндэстнийг нэгдэж, хамтран ажиллахыг шаарддаг билээ.
Өнөө жил хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний бүхий л эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэс болохыг хүлээн зөвшөөрч, бүх түвшинд хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжиж, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд дахин цогц байдлаар хэрэгжүүлэхийг шаардаж буй.
Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Ингэснээр хүний эрхийн зөрчил болон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэгш эрх ба тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэйг цохон тэмдэглэж байна.
Боловсролоор дамжуулан Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд хүний эрхийг бодитой хангах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх арга зам болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.