Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдах болсон энэ үед манай улсыг нэг талаас “хохирогч” орон хэмээн ойлгож болох аж. Аж үйлдвэрлэл, фермийн аж ахуй өндөр хөгжсөн зарим оронтой харьцуулахад ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ бага учраас тэр. Харин бидэнд тулгарч буй гол асуудал нь цөлжилт, мөн нүүрснээс цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг зэрэг юм. Хэрэв айл өрх, аж ахуйн нэгж, улсын түвшинд нүүрсний хэрэглээгээ бууруулж чадвал Уур амьсгалын ногоон сангаас урамшуулал хүртэх боломж бий юм байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулан, байгальд ээлтэй амьдарч, ногоон эрчим хүч, дулааны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулж буйгаа нотолж чадвал дээрх байгууллагаас “шагнах” боломжтой гэдэг. Гэхдээ үүний тулд хамтрах, тогтолцоо бүрдүүлэх учиртай аж.
Энэ талаар Монголын ногоон санхүүжилтийн корпорацаас тодрууллаа. Тус корпорацын гүйцэтгэх захирал Ч.Дэлгэрмаа “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан, дулаанаа хангаж буй айл өрх, аж ахуйн нэгж бүр олон улсын сангаас мөнгөн урамшуулал авна хэмээн шууд ойлгож одоогоор болохгүй. Манай орны хувьд Засгийн газрын түвшинд Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, зорилт бий. Тэдгээрийг биелүүлснээр улсын хэмжээнд ногоон санхүүжилтийн хэмжээгээ өсгөх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах зэрэг давуу тал бий болно. Цаашид нүүрсний хэрэглээгээ халж, ногоон эрчим хүчний үүсгүүр ашиглаж эхэлж буй айл, аж ахуйн нэгжүүдийг Засгийн газар, эсвэл төрийн аль нэг байгууллага бүртгэлжүүлэн Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд ямар хувь нэмэр оруулж буйг дүгнэх хэрэгтэй. Ингэснээр урамшуулал хүртэх буюу ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх боломж бүрдэнэ. Үүний тулд манай корпорац үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор бид гэр хороолол дахь айлуудын байшин, гэрийг дулаалахад “Дулаан шийдэл” компанитай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлж буй. Хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч, дулааны хэмнэлт бий болгоход дулаалга маш чухал. Цаашид ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар ийм зээлийн тусламжтайгаар яндангийн тоог цөөлөх, нүүрсний хэрэглээг бууруулахад түлхүү анхаарах төлөвлөгөөтэй” гэв.
Манай улсад ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоо боловсронгуй болоогүй, ийм зээлийн хүртээмж бага байгааг Ч.Дэлгэрмаа мөн дурдлаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ногоон зээлийг 30 орчим иргэн л авчээ. Ногоон болон бусад зээлийн хүртээмжийг сайжруулж, ялангуяа гэр хорооллоос хамруулах өрхийн тоог олшруулж чадвал агаарын бохирдлыг багасган, эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөл бүрдэнэ. Гэтэл гэр хороололд өдгөө амьдарч буй айлуудын дийлэнх нь арилжааны банкуудын зээлийн шаардлагад нийцэхгүй, орлого багатай аж. Тиймээс өрхүүдийн санхүүгийн чадамжид нийцүүлсэн зээл бий болгох, дээр дурдсанчлан хүлэмжийн хийн ялгарал, нүүрсний хэрэглээг бууруулж буйгаа нотлох боломж бүрдүүлбэл олон улсаас авах ногоон зээлийн хэмжээг өсгөх юм байна. Гэхдээ эл ажлыг дан ганц Монголбанк, арилжааны банкуудын оролцоотойгоор шийдэж чадахгүй, цаг хугацаа, бодлого, төлөвлөлт багагүй шаардах гэнэ.
Тодруулбал, өрхүүдийн орлогыг өсгөх, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн чиг баримжаа олгон, ажлын байрыг олшруулах замаар иргэдийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, улмаар амьдрах орчныг нь сайжруулах боломж бүрдүүлэх учиртай. Тиймээс айл өрх, Монголын ногоон санхүүжилтийн корпорац, Засгийн газар хамтран ажиллаж, дунд, урт хугацааны зорилт боловсруулах хэрэгтэй аж. Ийн ажиллаж чадвал ногоон зээлийн экосистем бүрдэн, урт хугацаанд айл өрх, улс, улмаар олон улсын түвшинд үр дүн гарахыг мэргэжилтнүүд дурдлаа. Ногоон барилга барихад ч бага хүүтэй зээл авах боломжтойг зарим эх сурвалж онцлов. Харин өдгөө манай улсын хувьд ипотекийн зээлийн хүүгийн татаасанд жилд олон тэрбумыг зориулж байгаагаас гадна орон сууцын дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө зарцуулж буй.
Дээр дурдсанаас гадна олон улсын зарим байгууллагаас гэр хорооллын өрхүүд яндангаа цөөлсний төлөө татаас, дэмжлэг авах боломж бий аж. Тухайлбал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс нэг айлд 20 сая төгрөгийн татаас олгосон жишээ байгаа юм. Энэ талаар “Хайбрид хаус” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Улаанбаатарын гэр хороололд 220 мянга гаруй өрх амьдарч, нүүрс түлж агаарын бохирдол хотуудын дунджаас хэд дахин дээгүүр байдаг нь олон улсын анхаарлыг ихээр татдаг. Тиймээс олон улсын байгууллагууд гэр хороололд нүүрсний хэрэглээг багасгах, төвлөрсөн бус дэд бүтэц бий болгон, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эхлэхэд татаас олгож, урамшуулдаг.
Тухайлбал, манай компаниар ногоон байшин бариулсан гэр хорооллын 20 өрхөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс тус бүр 20 сая төгрөгийн татаас олгосон. Өөр компаниар бариулсан байшингийн эздэд ч өгсөн юм билээ. Эл санхүүжилт одоогоор хоёр шалтгааны улмаас тасалдсан. Нэгдүгээрт, Орос, Украины дайны улмаас Европын Холбооны орнуудын эдийн засгийн нөхцөл хүндэрч, зарим зээл тусламжаа танасан. Хоёрдугаарт, гэр хорооллын айлууд ногоон байшин бариулах сонирхол, мэдлэг одоогоор багатай байна. Айлуудын дийлэнх нь санхүүгийн боломж бага, эсвэл орон сууцад амьдрах сонирхолтой байгаа юм. Газраа орон сууцаар солих л бодолтойгоос дэд бүтцээ шийдвэрлэн, хашааныхаа газар дээр байшин барьж амьдаръя гэх нь цөөн. Бид хайж байж 20 айлд ногоон байшин барьж өгч, татаас олгуулсан. Нийслэлийн ЗДТГ-аас саяхан гэр хорооллыг орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулахаа ахин мэдээллээ. Миний бодлоор энэ бол оновчтой шийдэл биш.
Орон сууцын тоог нэмэгдүүлэхийн тулд нүүрс ашигладаг ДЦС-ынхаа хүчин чадлыг сайжруулж, төвлөрсөн дэд бүтэц бий болгох зайлшгүй шаардлагатай. Нүүрсний хэрэглээ багасахгүй л гэсэн үг. Тиймээс айл өрхүүд дангаар, эсвэл хэсэг бүлгээрээ хамтран ногоон эх үүсвэрээс цахилгаан, дулаанаа шийдвэрлэх, улмаар олон улсын байгууллагаас татаас авах орчин бүрдүүлэх нь чухал. Товчхон хэлбэл, утаагаа “зарж” мөнгө олох боломж их бий” хэмээн ярив. Жишээлбэл, Европын орнууд Орос, Украины дайнаас болоод ДЦС-аа сэргээж эхэлсэн. Тэнд ялгаруулж буй хүлэмжийн хий нэмэгдвэл Монгол дахь хэмжээг бууруулахад анхаарч, манай утааг “худалдаж” авах боломжтой гэсэн үг. Зарим эх сурвалжийн хэлснээр жилд 10 тонн нүүрс түлэхээ больж, тонн тутамд 50 ам.доллароор тооцвол 500 “ногоон” буюу 1.8 орчим сая төгрөгийн урамшуулал авах боломжтой бололтой. Үүнийгээ ногоон орон сууцын зээл төлөхдөө ч зориулж болох юм.
Нэгэн айл Баянзүрх дүүргийн XX хороон дахь Гачууртын зусландаа 70.4 ам метр талбайтай амины ногоон орон сууц бариулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Санхүүч мэргэжилтэй С.Эрдэнэцэцэг дээр дурдсан “Хайбрид хаус” компанийнхнаар манай улсын уур амьсгал, хэт хүйтэн хэмд тохирсон, дулаан хадгалах өндөр чадвартай, чийг үл нэвтрүүлэх материалаар байшингаа бариулж буй юм. Тус компанийн нэвтрүүлсэн технологийн тусламжтайгаар дулааны алдагдалгүй, дулааны эрчим хүчний 95-96 хувийн хэмнэлттэй амины сууц барих ажлыг эхлүүлээд өдгөө гурван сар болж байна. Эл ажлын явц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 30 орчим хувьтай байсан юм. Тэгвэл уржигдрын байдлаар 70 хувьд хүрчээ.
Дотор талаа дулаалж, гадна фасад, тусгаарлах хана болон цахилгааны холболтуудаа ч хийж дуусгажээ. С.Эрдэнэцэцэг “Ойр орчмын айлууд болон танилууд, найз нөхөд маань манай байшинг их сонирхон, биднээс асууж сураглаж байгаа нь олзуурхууштай. Манайх дулаан, цахилгааны хэмнэлттэй, байгальд ээлтэй, амины ногоон орон сууцад амьдарч, нэг ч гэсэн яндангийн тоог цөөлж, иргэдэд үлгэр дуурайл болохыг зорьж буй айл. Хэрэв илүү олон айл ийм байшин бариулбал агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэй” хэмээв. Тэд байшингаа ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Амины орон сууцдаа амьдарч эхэлмэгц эрчим хүч, дулааны хэмнэлтээ нарийвчлан тооцон, хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлаа харьцуулж, дата бүрдүүлж сонирхсон хүмүүст хүргэхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, орон сууцын ашиглалтын хугацаанд хүлэмжийн хий ялгаруулахгүй байхаас гадна барих хугацаанд ч ийм хий “үйлдвэрлэхгүй” байхыг улс орнууд зорьдог аж. Өөрөөр хэлбэл, тухайн байшинг барих явцад хэр их хүлэмжийн хий ялгаруулсан бэ гэдэг тооцоо маш чухал гэсэн үг. Дээр дурдсан амины орон сууцын хувьд хаана ч барих боломжтой тул шугам, хоолой зөөх, суурилуулахын тулд газрыг экскаватораар ухаж, их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулахгүй нь бас нэг давуу тал юм.