Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг тулаанч О.Пүрэвийн сүүлийн хүслийг биелүүлж, нэг сарын өмнө гэр бүлийг нь орон сууцтай болгох хандивын аяныг нэг дэвжээний нөхөд нь санаачлан өрнүүлсэн юм. О.Пүрэв агсны гэр бүлийг байртай болгох хандивын аянаа өчигдөр /2023.09.25/ зогсоожээ.
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос өнгөрсөн хугацаанд нийт 87 сая төгрөг цуглуулж чаджээ. Улмаар өчигдөр талийгаачийн гэр бүлд шинэ байрыг нь хүлээлгэн өгсөн байна.
Тулаанч О.Пүрэв 1991 онд Төв аймагт төрсөн. Багаасаа ямар ч ажлыг гололгүй хийж, амьдралд бууж өгөлгүйгээр шударгаар хөдөлмөрлөж ирсэн. "Ардын хүү" О.Пүрэв нь 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш тасралтгүй холимог тулаанаар хичээллэн, холимог тулааны Дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалагт шавь орж байжээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн болсон. Мөн 2014 онд зохион байгуулсан Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.