Монголын хамгийн анхны гэр театрынхан албан ёсоор патентаа авч, бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д. Болор-Эрдэнэ гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д. Энхгэрэлдээ бэлэг болгож хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
Улмаар хоорондоо маш удаан зөвлөлдсөний эцэст Монгол гэрийг орчин үеийн стандартад нийцсэн театр болгоё, цаашлаад дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж олон улсын франчэйз болгоё гэх алсын хараагаа тодорхойлж, гэр театраа байгуулжээ. Хайрын сэдлээр том зорилго, алсын хараатай үүссэн театр маань энэ зунаас анхныхаа тоглолтыг дотоод, гадаадын үзэгчдэд зориулан ардын урлаг, цирк хосолсон тоглолтоо эхлүүлж, өдгөө 105 дахь тоглолтоо хийгээд байна. Уран бүтээчид нь 100 хувь залуу буюу Z-gen үеийнхэн гэнэ.