Төвийн хэвлэлийн цөөн сэтгүүлч Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлтэй танилцав. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал Төв аймагт шилжин байрлаж, үйл ажиллагаагаа явуулж буй. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь энэ онд 100 жилийнхээ ойг угтаж буй.
Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр сэтгүүлчдэд Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдад орж буй сургалт бэлтгэл, соёл хүмүүжилийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Сэтгүүлчдийн зүгээс “Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд ямар дэмжлэг үзүүлж байна. Сүүлийн үеийн залуус буруу дадал хэвшлээс болж өвчлөмтгий болсон”, “Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах хугацааны хувьд өөрчлөлт орох уу” зэрэг асуултыг тавив.
Бригадын генерал Ч.Цогтжаргал “Монгол Улсын аюулгүй байдалд бүх нийтийн оролцоо хамгийн чухал. Тэр дундаа ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлахад сэтгүүлчид та бүхний үүрэг асар их. Энэ бол та бүхний эх орныхоо өмнө байгуулж байгаа гавьяа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, цэргийн алба иргэний нийгмээс өөр. Өдөр тутмын үйл ажиллагаа нь хүртэл тогтсон дүрэм журмын хүрээнд явагдаж, алба хаагчдаа болоод хугацаат албаны дайчдаа сургаж бэлтгэдэг. Тэгэхээр хугацаат цэргийн албанд анх татагдсан залууст албандаа дасах хүртлээ хэцүү санагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ халагдахдаа баярласнаа илэрхийлж, уйлаад л буцдаг. Энэ нь цэргийн нөхөрлөл, албаны үнэ цэн оршиж байна гэсэн үг” хэмээсэн юм.
“ОХУ, Украины сөргөлдөөнтэй дайны байдалд Монгол Улсын Зэвсэгт ямар үнэлэлт өгч, хэрхэн аюул ослоос сэргийлж байна” гэх асуултад албаныхан Зэвсэгт хүчин гэдэг зарим талаараа нууц байх ёстой. Дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин ч ялгаагүй. Бүх мэдээллээ дэлгээд байвал аюулгүй байдалд асар хор нөлөөтэй байдгийг сэтгүүлчид та бүхэн ойлгох ёстой гэх хариултыг өглөө.
Хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй ар гэрийнхэн нь танилцана гэвэл, харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, орон нутгийн удирдлага, үргэлж нээлттэй гэдгийг онцолж байлаа. Мөн Зэвсэгт хүчин хугацаат цэргийн алба хаагчдадаа олон боломж нэмэгдүүлж, хөгжиж дэвших, суралцахад нь дэмжлэг үзүүлж, ар гэрийнхэнтэй нь ч 14 хоног тутамд нь цахимаар “уулзуулдаг” аж.
Бид үргэлжлүүлэн Хуурай замын цэргийн командлалын байртай танилцсан. Тус байранд сургалт бэлтгэлийн танхимууд, бялдаржуулах төв, эмнэлэг, номын сан, музей, бүр кофе шоп ч байлаа.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаар зочилж дуусаад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд очсон. Тус нэгтгэлийн хугацаад цэргийн байр болон алдрын танхимыг сонирхов. Энэ үеэр Говьсүмбэр аймгаас татагдсан цэргүүдийн эцэг эхчүүд эргэлтээр ирсэн байгаатай таарлаа. Эцэг эхчүүд, цэргүүд маш сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн.
Цэргүүдийн төлөөллөөс цэргийн албаны талаар, төрсөн сэтгэгдэл, цаашдын зорилгын талаар Дэд түрүүч Б.Баатарнямаас тодруулхад “Анх орой тоо хийгээд ангийнхаа дууг дуулаад алхаж байхад нүднээс нулимс гарч байсан. Эх орноо батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэж байгаадаа өөрөөрөө бахархсан. Мөн тангаргийн баяраар зөндөө хүмүүс ирсэн бөөндөө, ураа орилоод зогсож байхад бас л нүднээс нулимс урсаад тогтохгүй, команд авчихсан байсан болохоор арчиж болохгүй дээрээс хүйтэн өдөр байсан болохоор нулимс хөлдсөн тэр мэдрэмж үнэхээр гоё байсан. Салбарынхаа 118 цэргээс шалгарсан долоон дэд түрүүчийн нэг болсондоо бахархдаг. Үүнийг дагаад том хариуцлага ирсэн. Цаашдаа энэ ангидаа ажиллахаар зорилго тавиад улирахаар саналаа өгсөн” хэмээв.
Дараа нь бид цэргүүдтэй нийлж багт хуваагдаж таван төрөлт буухиа тэмцээнд оролцсон. Энэ үед нэг цэрэг дуугаар мэндчилгээ дэвшүүлж, хариу болгож сэтгүүлчийн төлөөлөл авъяасаа үзүүлэв. Үүний дараа буудлагын талбай руу очиж, АК-47 болон ПМ гар буугаар гурав гурван сумаар буудаж цэц мэргэнээ сорилоо.