Финланд улсын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон, мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг нь “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ж.Амина. Монгол, Японы хамтарсан “Номт наран” сургуулийн 9а ангид сурдаг тэрбээр тус тэмцээний 16 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Мөн техникийн төрөлд анх удаа ур чадвараа сорьж, финалд шалгаран V байр эзэлсэн түүнтэй ярилцлаа.
-Тамирчид сонирхолдоо хөтлөгдөж спортод хөл тавьдаг. Мөсөнд авиралтаар хичээллэж богино хугацаанд амжилт гаргах амаргүй. Тэр хэрээр танаас мэдрэмж, ур чадвар, хурд шаардсан байх.
-Би 2014 оноос өнөөг хүртэл спорт авиралт, хаданд авиралтаар хичээллэж байна. Харин мөсөнд авиралтад хөл тавиад нэг жил болж буй. Уулчид өндөр оргилд авирахдаа хийморь сэргэж, юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж авдаг гэж ярьдаг даа. Хэдийгээр аль аль нь эрсдэл ихтэй, зориг, тэвчээр шаарддаг ч авирах тусам сэтгэл сэргээж, өөрийгөө сорих хүсэл төрүүлдэг. Би айлын том хүүхэд, гурван дүүтэй. Одоогоор гэрийнхнээсээ спортоор тууштай хичээллэж байгаа нь би. Дүү нар минь спорт авиралт сонирхдог л доо. Зургаан настай нэг дүү минь намайг ДАШТ-д оролцоод ирсний дараахан ээжээс “Ингэхэд Амина эгч дэлхийн аваргаас медаль яагаад авчихав. Их сонирхолтой санагдаад байна” гээд инээлгэж билээ. Ээж минь “Найрамдал” төвийн ойролцоо мөсөнд авиралтын хана босгох ажилд тусалсан юм. Монголын тамирчид тэнд долоо хоног бэлтгэл хийж, “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор явсан. Тэднийг хилийн дээс алхсанаас хойш хэн ч тэр хананд бэлтгэл хийсэнгүй. Цас хайлахаас өмнө ээж клубийнхэндээ мөсөнд авиралтын хана ямар байдгийг сонирхуулахаар амралтын өдөр тийшээалхахаялалзохионбайгуулав. Намайг нэг өдөр дагуулж яваад хананд авируулахад хамгийн өндөрт нь гарсан юм. Би буухдаа “Энэ ямар гоё спорт вэ, надад их таалагдлаа” гэхэд “Чи хичээллэмээр байна уу” гэж асуухад нь дуртай зөвшөөрч байлаа.
-Өнгөрсөн нэгдүгээр сард болсон 15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-д оролцохдоо та мөсөнд авиралтын төрлөөс мөнгөн медаль хүртэж байгаа харагдсан даа.
-Энэ жилийн УАШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгч орон нутгаас ирсэн тамирчид байв. Тэмцээн эхлэхээс өмнө гурван удаа бэлтгэл хийсэн тул өөрийгөө хэрхэн оролцох бол гэж их догдолсон. Тэр үед бусадтай ур чадвараа харьцуулахаас илүү өөрийнхөөрөө авиръя гэж зорьсон юм. Мөсөнд авиралтын төрөлд мөнгөн медаль хүртчихээд урам авч “Тууштай хичээллэвэл үүнээс ч илүү амжилт гаргах боломжтой юм байна” гэх бодол төрсөн шүү. Үүнээс гадна спорт авиралтын техник, хурд, боулдеринг төрөлд мөн удаалж, хүрэл медаль зүүлээ. Надтай өрсөлдсөн тамирчдаас “Сутайн бор” клубийн Б.Азбаяр эгч түрүүлсэн.
-Финланд улсад зохион байгуулсан мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ таны хувьд хилийндээс алхаж, ур чадвараа сорьсон анхны том тэмцээн байв уу?
-Тийм ээ, тус улсад зохион байгуулсан ДАШТ-ий хурдны төрөлд өрсөлдсөн тамирчдаас 60 секундэд амжиж авирсан нь финалд үлдэж, эхний гурван байрт шалгарсан юм. Би 58 секундэд авирч, хүрэл медалийн болзол хангасан хоёр тамирчны нэг нь байв. Эзэн орны тамирчин надаас нэг долиор хоцорсон тул медаль хараахан хүртээгүй. Тэмцээний хана Монголынхоос ялгаатай байсан. Бидэнд олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулж болохуйц бааз яалт ч үгүй хэрэгтэй юм билээ. Тэр дундаа техникийн авиралтын хана маш чухал. Финландын цаг агаар Монголынхтой төстэй. Тэнд цас их ордог ч уур амьсгал нь чийглэг, утаагүй, орчин нөхцөл нь цэвэр, бас нам гүм. Хүмүүс нь инээмсэглэж, ямар ч хүнтэй найрсаг харилцдаг нь гоё санагдсан.
Манай багийнхан үндэсний уламжлалаар урласан “Хадлан” дээл өмссөн юм. Биднийг гадаадын тамирчид хараад “Та нар Монголын тамирчид уу” гээд халуун дотно угтаж авсан нь таатай сэтгэгдэл төрүүлсэн шүү. Финланд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орны нэг юм билээ. Тиймээс дараа нь тэмцээнд оролцохдоо өөртөө таарч, тохирох хоол хүнс зэхэж явах нь зөв болохыг ойлгосон. Бид тэмцээн болж буй газраасаа 88 км-ийн зайтай газарт байрласан. Гэсэн ч зам нь түгжрэлгүй тул тэмцээн эхлэхээс өмнө амжиж очдог байв. Залуучуудын ДАШТ-д Ази тивээс оролцсон ганц улс нь манайх байсан. ХаринЕвропын АШТ-д Азиас Япон, Хонконгийн тамирчид ирж оролцсон. Тэнд мөсөнд авиралтын Европын АШТ, залуучуудын ДАШТ зэрэг болсон юм. Эмэгтэйчүүдийн ангиллаас би, эрэгтэйчүүдийнхээс АНУ-ын Ландерс Гайдош хамгийн бага настай нь байв.
-Оулу хотыг ямар бодолтой зорив?
-Тэр үед “Намайг ДАШТ-д оролцуулахаар ах, дүүс, аав, ээжийн болон миний найз нөхөд зардлын мөнгө бүрдүүлсэн. Олон хүн амжилт гаргана гэж итгэж найдаад үлдлээ. Тиймээс сэтгэлийг нь гонсойлгохгүйг хичээж оролцох сон” гэж их бодсон доо. Гэрийнхэн минь “Элдэв зүйл битгий бод. Тэмцээний үед сэтгэл зүйд дарамт болно” гэж захиад, зардлын мөнгөний ихэнхийг нь гаргасан. Тамирчин хүн гадаадад очоод нэрээ бус, улсаа хамгийн түрүүнд боддог юм билээ. Мэргэжлийн дасгалжуулагч яваагүй учраас надад манай багийн тамирчин Б.Мөнхбаатар тэмцээний үед зөвлөгөө өгч тусалсан. Түүний хувьд дүн шинжилгээ хийхдээ сайн. Тамирчдын бүс рүү нэвтрэхэд малгай, зориулалтын хамгаалах хувцас заавал өмсөх ёстой.
Монголоос очсон таван хүний хоёр нь малгайтай тул тамирчнаа авирах үед нэг нь орно. Б.Мөнхбаатар намайг авирахад “Алив урагшлаарай. Яачихав аа, яваач ээ” гэж хашхираад, яг л дасгалжуулагч нь шавиа зоригжуулж буй мэт санагдсан. Үзэгчид “Монголын тамирчин яваарай, урагшлаарай” гээд урам өгч байв. Тухайн үед 40 секундэд амжлаа гэж бодсон. Бууж ирээд цагаа хартал 58 секунд байхаар нь “Би ийм удаан авирсан гэж үү” гэж гайхахад тэмцээн зохион байгуулагчид “Зүгээр ээ, та 60 секундэд амжиж авирлаа” гэв. Спорт, мөсөнд авиралтын тамирчдын амжилт минут, секунд, долиор хэмжигддэг. Авирах хугацаа нь богино байх тусам медаль хүртэх магадлал өндөр.
-ДАШТ-д оролцоход ээж тань Спорт авиралтын хорооны дарга С.Даваабаярын хамт багийн менежерээр явсан гэсэн. Та нарт тэмцээний үед их түшиг болсон биз?
-Тэнд бүх талаар тусалж, зөвлөсөн ээж, С.Даваабаяр эгчдээ маш их баярладаг. Тэд ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулдгийг дэргэдээс нь харж, багагүй судалсан гэсэн. Миний ээжийг М.Цолмон гэдэг. Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мөсөнд авиралтын холбооны даргаар ажилладаг юм. Энэ удаагийн ДАШТ-д олон тамирчин өрсөлдөхөөр төлөвлөсөн ч зардлын асуудлаас болоод оролцож амжаагүй. Тухайн үед амжилт гаргана гэж олон хүн төсөөлөөгүй байх. Биднийг медальтай ирэхийг хараад энэ спортоор хичээллэдэг үеийн тамирчид дараагийн тэмцээнд оролцоно гээд ярьж байв. Финландад хөл тавиад олон зүйлийг дэргэдээс нь ажиглахдаа бүх зүйлээ эртнээс төлөвлөж, тухайн улсын соёл, хөгжил, эдийн засгийг сайтар судлах ёстойг ойлгосон. Ер нь их зүйл сурч мэдсэн минь том туршлага болсон гэж боддог.
-Б.Мөнхбаатар тэндхийн мөсний бүтэц Монголынхоос өөр, авирахад тун хэцүү байсан талаар өгүүлсэн шүү.
-Санал нэг байна. Мөс нь зөөлөн, хурдтай авирахад бутарч унаад тун амаргүй байлаа. Бусад орны тамирчид тухайн улсын орчин нөхцөлд тохирсон эд зүйл, тоноглол хэрэглэдэг болохыг тэр үед харсан. Тэд гуталдаа тусгай ир захиалж, хутга шиг ирлэдгийг анзаарлаа. Бид гутлынхаа ирийг нь сайн ирлээгүйгээс хананд зоогдохгүй, хий гишгээд байв. Финалын шатанд оролцохдоо Японы тамирчнаас зөвлөгөө авч, гутлыг нь өмссөн. Түүний гутлын ир хурц, шүргэх төдийд зоогдож байсан нь сэтгэлд тод үлджээ. Монголын тамирчид ихэвчлэн хурдны төрөлд өрсөлддөг. Манайханд авирах зориулалтын хана байхгүй, техник, тоноглол хомс, төлбөр нь өндөр үнэтэй. Би 2023 онд Францад болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Ч.Мандахбаяр тамирчны удирдлагад бэлтгэл хийж оролцсон.
-Та Япон, Монголын хамтарсан “Номт наран” сургуульд сурдаг гэл үү. Сургуулийн тань багш нар хүрэл медальтай ирсэн тамирчнаа хэр сэтгэл өндөр угтав?
-Би тус сургуулийн 9а ангид сурдаг. Намайг ДАШТ-д оролцохыг сургуулийн хамт олон, ангийн нөхөд, ойр дотнын минь хүмүүс эхэндээ мэдээгүй. Анх удаа өрсөлдөх болохоор туршлага хуримтлуулъя гэж бодоод хэлээгүй юм. Намайг медаль аваад ирэхэд сургуулийн жижүүрээс эхлээд захирал, багш нар, сурагчид баяр хүргэж угтсан.
-Танд мөсөнд авиралтын аль төрөл нь илүү таалагддаг вэ?
-Надад хурдны төрөл таалагддаг. Хойшид шаргуу бэлтгэл хийнэ. Монголд хэрвээ техник авиралтын ханатай болбол давхар хичээллэж болно л доо. Дэлхийд өвлийн улиралтай орон цөөн. Манай улсад өвөл урт үргэлжилдэг. Бид энэ улирлыг даанч уйтгартай өнгөрүүлээд байх шиг санагддаг юм. Мөсөнд авиралт, техник авиралтын ханыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулбал эх орноо сурталчилж, тивийн болон ДАШТ-ийг зохион байгуулах боломжтой гэж боддог. Гадаадын тамирчид монголчуудыг Чингис хаан, тэр дундаа түүх, соёл, нүүдэлчдийн амьдралаар нь сайн мэддэг юм билээ. Тэд “Монгол манайх шиг өвлийн улиралтай гэл үү. Тэнд олон морь байдаг тухай сонссон” гэж байв. Монголд өвлийн спортын тамирчдын бэлтгэл хийдэг нэгдсэн баазтай болбол эрчимтэй хөгжих байх. Манайд зөвхөн спорт авиралтын хурдны төрлийн ханыг энэ спортод сэтгэлтэй хүмүүс өөрсдийн хүч хөрөнгөөр босгож байна шүү дээ. Үүнээс гадна техник, боулдеринг төрлийн хана уг нь байх ёстой. Учир нь спорт авиралт олимпын наадмын төрөлд багтлаа. Одоогоор манай улсад олон улсын стандартад нийцсэн техникийн болон боулдеринг авиралтын ханатай заал алга. Монголын төр, засаг анхаарал тавивал бид амжилт гаргахад ойрхон байна.
-Саяхан Олон улсын уулын холбооны 10 онцлох үйл явдалд Монголын мөсөнд авиралтын тамирчдыг онцолж дурдсан байна билээ.
-Манайхан Азийн орнуудаас хүчтэй өрсөлдөгч болж, энэ төрөлд хүч түрэн орж ирж байгаад их баярладаг. Үүнийг Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс медальтай ирсэн тамирчдын амжилт батална. Миний хувьд энэ спортод амжилт гаргасан ах, эгч нараасаа хичээнгүйлэн суралцаж, олимпын аварга болно гэж зорьж байгаа. Би дулаан өдөр алхах дуртай. Өнгөрсөн жилээс албан ёсоор “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин болсон. Надад байгалиас энерги авч, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээс гадна хүсэл, сонирхол нэгтэй хүмүүстэй ярилцаж, мэдээлэл солилцох нь сайхан байдаг юм.
-Залуу тамирчин Ц.Анараас амжилт гаргах ирээдүй харагдсан. Тэрбээр бэлтгэлээ шаргуу хийвэл дараагийн тэмцээнээс медаль хүртэхээр санагдлаа.
-Ц.Анар эгч 19 насныхны ангилалд оролцохдоо финалын тэмцээнд хүрэл медаль хүртсэн тамирчнаас ганцхан секундээр хоцорч, IV байрт шалгарсан юм. Тэрбээр эгчийн хувьд сайн зөвлөдөг. Мөсөн хананд хоёр сар бэлтгэл хийсэн гадаадын тамирчдыг хараад бэлтгэл хийх баазтай бол тэднээс дутахгүй амжилт гаргах юм байна гэх бодол тээж ирсэн. Тэдний авирах техник үнэхээр сонирхолтой. Бид техник, тоноглол хэрэгслээ эртнээс зэхэж, хөнгөн, чанартайг нь сонгон захиалахаар ярилцаж байгаа.