Даамын спортын ахмад дасгалжуулагч Т.Пүрэвдорж багш эрэл зураглалын геологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос 100 буудалт даамаар хичээллэж, насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, ахмадынхаас таван алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийслэлийн АШТ-д долоон удаа түрүүлжээ. Эх орондоо даамын спортыг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ харамгүй оруулж, олон улсын чанартай тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажилласан юм. Дасгалжуулагчаар 30 гаруй жилажиллахдаа өсвөр үеийнхэн, залуучуудыг уйгагүй бэлтгэл хийлгэж, 500 орчимшавь төрүүлжээ. Тэдний дотор ОУИМ найм, Дэлхийн даамын холбооны мастер 12, спортын мастер цолтой 50 гаруй тамирчин бий. Тив, дэлхийн аварга цолтон цөөнгүй бэлтгэн, даам сонирхогчдод зориулан 20 ном хэвлүүлж, олны хүртээл болгосон түүнийг зочноор урилаа.
-Монголд даамын тив, дэлхийн цолтой тамирчин цөөнгүй бий. Харин хүмүүс энэ спорт манай улсад хэрхэн хөгжсөнийг төдийлөн мэддэггүй юм билээ.
-Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэл байв. Миний хувьд А.Шагж докторын орчуулсан В.Гиляровын “100 буудалт даам” номоос даам бие даан сурч, багын найз Н.Эрхэмбаатартайгаа ихэд сонирхон тоглодог байлаа. 1969 онд хотын АШТ-д оролцохдоо II байр эзлэн урамшиж, тууштай хичээллэсэн юм. Би Биеийн тамир, спортын улсын хороонд Даамын холбоо байгуулахаар гурван удаа хүсэлт тавьж, мэргэжилтнүүдтэй ярилцсанаар 1986 онд 100 буудалт даамыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Ингээд Монголын даамын холбоог 1988 онд байгуулсан түүхтэй. Монголд одоогоор 30 гаруй мянган даам сонирхогч тэмцээнд оролцдог гэсэн судалгаа бий.
-Тив, дэлхийн аварга, ОУИМ цолтой тамирчдын олонх нь таны шавь байх юм.
-Би анхны шавь нараа 1988 оноос бэлтгэсэн. Тэдний дунд Гавьяат тамирчин цол хүртсэн тоглогч бий. Анх 10 гаруй хүүхэд хичээллүүлснээс Р.Манлай, Д.Эрдэнэбилэг, Ц.Балжинням, С.Батсүх нарын спортын мастер төржээ. Хүүхдүүд даамын бодлого их сонирхдог. Тэд уран сэтгэмжийн нууцлаг ертөнцийн гайхамшгийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг учраас нэг дурлаад тогловол гарч чаддаггүй. Даамаар хичээллэсэн хүүхдийн анхаарал төвлөрч, хичээлдээ, тэр дундаа тооны хичээлд мэдэгдэхүйц сайжирдаг. Даам тоглох явцад сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээ системтэй хөгжихийн зэрэгцээ хүнд зайлшгүй байх зан чанарууд төлөвшиж бүрэлддэг нь батлагдсан. Оюуны чадавх өндөр монгол хүний гений онцлогт тохирдог тул хүүхдүүд 100 буудалт даамыг сайн сурч, тив, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргасаар байна.
-Азиас өмнөд хөршийнхөн даамын спортыг эрчимтэй хөгжүүлж, дэлхийн аваргатай боллоо. Танд анх санал тавьж, тамирчдадаа 64, 100 буудалт даам заалгасан гэл үү?
-Тийм ээ. Бээжинг 2007 онд зургаан их мастер шавийнхаа хамт зорьж, 20 гаруй залууст нэг сарын хугацаатай даам заасан юм. 2008 онд оюуны спортын анхдугаар их наадам болохтой холбогдуулж зохион байгуулагч орон БНХАУ-аас ийм арга хэмжээ авсан. Наадмын хөтөлбөрт орсон шатар, го, бриж төрөлд тус улсын тамирчид медаль авах бүрэн боломжтой ч даамын спорт огт хөгжөөгүй байв. Тиймээс даамын төрөлд яаралтай суралцах хэрэгцээ гарсан хэрэг. Бид 100 буудалт даам ямар гайхамшигтай тоглоом байдгийг зааснаар өмнөд хөршийнхөн улсдаа хөгжүүлж эхэлсэн. 2008 оны хавар 64 буудалт даам заалгахаар намайг дахин сарын хугацаатайгаар урив. Миний орчуулагчаар ажилласан ӨМӨЗО-ы дасгалжуулагч А.Гансүх Монголд 2011 онд болсон өсвөрийн Азийн АШТ-д тамирчидтайгаа ирж, “Таван цагариг” сонинд зочноор уригдахдаа “БНХАУ-д одоо хоёр сая хүн даам тоглож байна” гэж билээ. Түүнээс таван жилийн дараа тэд өсвөрийн дэлхийн аваргатай болсон. Тэгвэл одоо ДАШТ-д ОУИМ цолтой тамирчдаа сойж байна.
-Дасгалжуулагчдынх нь тамирчдаа бэлтгэх арга барил, ухаан манайхаас өөр биз?
-Тэд тамирчдаа өдөр бүр зургаан цагийн бэлтгэл хийлгэснээр ур чадвар нь хурдан ахисан. Хөдөлмөрч, сахилга бат, дэг журамтай байдал нь тэднийг амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Манайд долоо хоногт гурван удаа хоёр цагийн бэлтгэл хийдэг дугуйлангийн хэмжээний суурь мэдлэгтэй хүүхдүүд тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж хождог. Энэ бол монгол хүний аливааг хурдан тусгаж авдаг сэтгэлгээний давуу талтай холбоотой. Монгол Улс ДАШТ зохион байгуулдаг Европ тивээс алс оршдог тул тамирчид зардлаа хувиасаа гаргах амаргүй. Хятадын даамчид шиг улсынхаа дэмжлэгээр оролцож, Беларусь, Латви, ОХУ шиг их мастеруудаар системтэй бэлтгэл хийлгэвэл манайхан дэлхийд тэргүүлэх байр луу дөхөх нь гарцаагүй. Сүүлийн үед ОУИМ цолтнуудаас Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, Р.Манлай, Ц.Сүхбат, Д.Баттулга нар амжилт гаргаж буй авьяаслаг хүүхдүүдтэй тулж ажиллан, бэлтгэл хийлгэсний үр дүнд өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-ий үндсэн төрөлд дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, бусад төрөлд 20 гаруй медаль эх орондоо авчирлаа. Энэ эрчээ алдахгүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Хүрсэн түвшин, эзэлсэн байр сууриа хадгалахгүй нэг хэвийн байвал урд хөршийнхөнд гүйцэгдэж магадгүй.
-Оюуны спортыг хөгжүүлж, шилдгүүдийг бэлтгэдэг улсаас Монголын тамирчид хамгийн дэмжлэг муутай нь санагддаг юм.
-Тийм шүү. Төр, засгийн удирдлагууд даамын спортод анхаарал хандуулах хэрэгтэй юм. Манайхан одоохондоо даамаар тивдээ тэргүүлж буй. Гэхдээ санаа амарч хэрхэвч болохгүй. Монголын даамын холбоо дорвитой арга хэмжээ авахгүй бол хүний нөөц ихтэй, шаргуу хөдөлмөрч өмнөд хөршийнхөнд тэргүүлэх байр сууриа алдах магадлал ойрхон. Ингэж эмээж байгаагийн учир нь тэд эмэгтэйчүүдийн дэлхийн аваргатай болж, багийн дүнгээр эхний таван байрт жагсаж байна. Дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн аварга Г.Валнерис нарыг урьж, өсвөрийн тамирчдаа 10-аад жилийн өмнөөс бэлтгэл хийлгэж эхэлсэн шүү дээ.
-Хүүхдүүдийг даамаар хичээллүүлж, сайн тамирчин болгоход ямар зан чанар их нөлөөлдөг бол?
-Тухайн хүүхэд аливааг түргэн ойлгох, багшийн заасныг хурдан сурах, бодлого комбинацыг бодож чадах ой сайтай байх ёстой. Эхний үед цээжлэх арга хэрэгтэй ч тэр олон бодлогыг нэгбүрчлэн тогтоох боломжгүй тул ямар байрлалд ямар арга хэрэглэж байгааг нь мэдэх хэрэгтэй болдог. Авьяастай ч залхуу, оролдлого муутай бол амжилт гаргахгүй. Багшийн заасныг гэртээ давтахгүй байвал ур чадвар нь ахихгүй. Хүүхдүүд тэмцээнд амжилт гаргавал сонирхол нь нэмэгдэж, хичээх хандлагатай болдог. Үүнээс гадна эрүүл мэнд муу, хичээлдээ сайнгүй, ар гэрийн боломж тааруу бол эхлээд амьдрах, дараа нь хичээлээ давтах ёстой гээд дааманд цаг зав гаргахгүй. Хэрэв энэ гурван нөхцөл биеллээ олсон бол даамаар тууштай хичээллэхэд өндөр амжилт гаргана.
-Спортын хөгжлийн түүхийг тамирчид амжилтаараа бичдэг. Таны шавь нар хэрхэн амжилт гаргаж байсан талаар сонирхуулаач.
-Миний шавь нар даамаар нэг жил хичээллээд ур чадвар нь өмнөхөөсөө илүү сайжирсан. Тухайн үед өнөөгийнх шиг компьютер байгаагүй тул дөрвөлжин дэвтрийн цаасан дээр даамын хөлөг зураад бодлого бодуулна. Хүүхдүүд бодлого сонирхож бодсоор дааманд дуртай болдог. Д.Эрдэнэбилэг даамтай нөхөрлөхөөсөө өмнө шатрын дугуйланд нэг жил хичээллэсэн байв. Ц.Балжиннямыг дагаж дугуйланд ирсээр байгаад даамаар хичээллэж билээ. Шавь нар минь одоо өөрсдийн клубээ байгуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэж байна. Монгол Улс Дэлхийн даамын холбоонд 1991 онд элссэн. Өсвөрийн даамчдын ДАШТ-д Д.Баттулга анх оролцохдоо медалийн оосроос атгаад алдсан юм. Энэ алдааг залруулж, Латви улсад 1992 онд болсон, өсвөрийн ДАШТ-ээс Г.Ганжаргал мөнгө, 1993 онд Д.Эрдэнэбилэг хүрэл медаль хүртэж, даамын ертөнцийнхнийг шуугиулж байлаа. 2007 онд Г.Гэрэлболд Нидерландын гурван даамчинтай, 2016 онд М.Шийравжамц ОХУ-ын гурван тоглогчтой ана мана үзэлцэж, өсвөрийн дэлхийн аварга цол хүртсэн. 2022 онд өсвөрийн дөрвөн дэлхийн аваргатай болсныг харахад монгол хүүхдүүд Европын туршлагатай, шилдэг даамчдаас дутуугүй сэтгэн, тоглож байна. Гадаадын тэмцээнд анх оролцохдоо өрсөлдөгчдөө сайтар судлан, туршлага чамгүй хуримтлуулж, хойтон жил нь медаль заавал хүртдэг зүй тогтол Монголын даамчдаас ажиглагддаг. Оюуны спортоор хичээллэсэн хүүхдүүд амьдралд хөл алдахгүй зөв төлөвшиж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэн, ажиллаж буй салбартаа тэргүүлэх нь их. Тэд хичээллэдэг спортынхоо онцлогоос хамаарч, шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр бус, олон талаас нь эргэцүүлэн бодож дүгнэдэг.
-Тамирчдын хөлөг дээрх нүүдэл, өрсөлдөгчөө хожих арга барил, техник, сэтгэл зүй нь өөр байдаг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, миний шавь нараас Р.Манлай онолын мэдлэг сайтай, ямар ч байрлалаар тоглох чадвартай. Өрсөлдөгчийнхөө өчүүхэн алдааг ч ашиглан хожиж, нягт нямбай тоглолт гаргадаг шилдэг тамирчдын нэг. Тэгвэл Г.Гэрэлболд ямар ч нөхцөлд уран комбинац хийхийг эрмэлзэж тоглодог. Түүний хувьд туршлага чамгүй хуримтлуулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүртлээ ур чадвар нь өссөн. Францын Турнефеул хотод болсон, өсвөр үеийнхний ДАШТ-д тэрбээр амжилттай өрсөлдөж, аварга болсон юм. Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг стратеги, тактикийг зөв хослуулж, богино хугацаанд хурдан тооцоолох чадвартай. Хүүнүүдийг зөв байршуулж чаддаг тоглолтын өвөрмөц арга барилтай. Энэ ур чадварынхаа үр дүнд хэзээ ч муу байрлал авдаггүй, “универсальный” тоглогч гэж дүгнэж болно. Дэлхийн алдартнуудаас эмээлгүй хожихын төлөө эцсээ хүртэл тэмцдэг чанар нь түүнийг шилдгүүдийн хэмжээнд хүргэсэн. Нөхдөөсөө Г.Ганжаргал мөн л өөр арга барилтай. Тэрбээр тэмцээнд оролцохдоо онолын ном үзэж, бэлдээд байдаггүй, зөвхөн өөрийн оюун ухаан, мэдрэмжид найддаг. Хоёр, гурван тавил тоглосны дараа тоглолт нь чамбайраад явчихна. Түүнд байгалиас заяасан ер бусын содон авьяас бий. Алдаа бараг гаргадаггүй тул муу байрлал цөөн авдаг. Муу байрлалыг ч хамгаалахдаа гарамгай. Ээдрээтэй, төвөгтэй байрлал байх тусам хувилбаруудыг хурдан хугацаанд зөв тооцоолдог. Ямар ч байрлалд стратеги, тактикийг сайн хослуулдаг тул түүний эсрэг тоглох маш хэцүү.
-Монголын дасгалжуулагчдаас таныг судалгааны олон ном бичсэнийг спортын хүрээллийнхэн онцолдог шүү.
-Монголын дасгалжуулагчдаас таван ном бичсэн хүн, даамын спортод ОУИМ цолтон төрүүлсэн багш ховор. Миний бэлтгэсэн шавь нараас найм нь ОУИМ цолтой болжээ. Спортын төв сургуульд сурч байсан хүүхдүүдээс Б.Мөнхжин 2019, Ц.Сүхбат 2022 онд ОУИМ цол хүртсэн. 2012 оноос насанд хүрэгчдээс гадна өсвөр үе, залуучуудын дунд Азийн АШТ-ийг жил бүр зохион байгуулж, Дэлхийн даамын холбооноос насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн тамирчинд ОУИМ цол хүртээдэг болсон юм. Миний хувьд даам сонирхогчдод зориулж олон ном бичсэн. Үүнээс цол зэрэгтэй даамчдад “Хөлөг дээр бичсэн түүх”, “Даамын дэлхийн аваргууд”, “Монголын даамчид дэлхийн дэвжээнээ I, II” зэрэг судалгааны ном хэвлүүлж, И.Куперманы “100 буудалт дээрх гарааны комбинац”, “100 буудалт дээрх байрлалын тоглолт”, М.Кацын “100 буудалт дээрх стратегийн хичээлүүд” зэрэг ном орчуулж, олны хүртээл болголоо. Хамгийн сүүлд 2018 онд “Хөлөг дээр бичсэн түүх” гэсэн 20 дахь номоо хэвлүүлэв.
-Шавь нараа яриад өөрийнхөө амжилтын талаар нэг их өгүүлсэнгүй. Таныг дотоод, гадаадын томоохон тэмцээнд оролцож, амжилт гаргасан тухай дуулсан.
-2016 онд хэвлүүлсэн “Миний мэдэх даам” номдоо өөрийнхөө тухай өгүүлсэн. Тэр номд амжилтынхаа талаар цухас дурссан байдаг юм.
-Сонсъё, сонирхолтой түүх өгүүлнэ гэдэг тань итгэлтэй байна.
-Би “Замчин” спорт хорооны дасгалжуулагчаар ажилласнаас хойш хүүхдүүдэд даамын сургалт явуулах болсон. 1988 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд даамын улс, хотын болон олон улсын чанартай тэмцээн зохион байгуулж, ерөнхий шүүгчээр ажиллах гээд ачаалалтай болсон тул тоглох боломж бараг гараагүй. Залуудаа УАШТ-д 1990 он хүртэл тасралтгүй оролцохдоо хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж байв. Улаанбаатар хотын АШТ-д долоон удаа түрүүлжээ. БНХАУ-д 2010 онд болсон И Чунийн олон улсын “Нөхөрлөл” тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын даамчид оролцсон юм. Тэнд Хятадын Хубэй мужийн тамирчдыг дасгалжуулсан дэлхийн 10 удаагийн аварга А.Чижовыг манай гурван тамирчин ардаа орхиж, эхний гурван байрт шалгарсан. Тэр тэмцээнд би 11 дүгээр байр эзэлсэн нь 66 настай хамгийн ахмад даамчны хувьд боломжийн амжилт гаргасан гэж боддог. Мөн Латвийн Рига хотод 2013 онд зохион байгуулсан, ахмад даамчдын ДАШТ-д 15 улсын 49 даамчин швейцар системээр есөн өрөг тоглож, тус улсын их мастер Л.Залитисийн ялалтаар өндөрлөсөн юм. Латви улс анхны дэлхийн аварга цолтноо өлгийдөж авсан нь тэр. Би ахмадын Азийн АШТ-д гурван удаа өрсөлдөж байв. Узбекистаны Ташкент хотод 2015 онд болоход нь түрүүлж, дараагийн хоёрт нь удаалсан. Тэр жил 55-аас дээш насны ахмад даамчдын тэмцээн зохион байгуулахад би рапид төрөлд хүрэл, блицэд мөнгө, стандартад алтан медаль хүртэж байлаа.
-Бид тэргүүлэх байр сууриа өмнөд хөршийнхөнд алдахгүйн тулд яах ёстой вэ?
-2008 оноос хойш БНХАУ мужууддаа I, II шигшээ баг байгуулснаар Азийн АШТ-д манайхны гол өрсөлдөгч болсон. Өмнө нь дундад Азийн таван орны даамчид монголчуудтай эн тэнцүү өрсөлдөх хүчтэн байв. Хятадын тамирчдын ур чадвар маш хурдан ахихад улсынх нь бодлого, дэмжлэг их нөлөөлсөн. Тэд зөвхөн шатар, даам гэлтгүй спортын бүх төрлийг сайн хөгжүүлж байна. Тамирчид нь гаргаж буй амжилтаараа дэлхийд эхний байруудад шалгардаг боллоо. Шатрын спортоор ОХУ-ын дараа бичигддэг. Сахилга бат, хөдөлмөрч зан, хөрөнгө харамгүй зарцуулдаг нь спортод тэргүүлэгч болоход хөтөлсөн гол зүйл нь. Монгол Улс оюуны спортын тамирчдаа ер дэмждэггүй. Долоо хоногт гурван удаа хоёр цагаар бэлтгэл хийдэг хүүхдүүд дэлхийн шилдгүүдийн энд хүртэл удна. Монголчууд даамаар долоон дэлхийн аваргатай боллоо. Беларусь, Латви улс шатрын шаталсан сургалттай. Хүүхдүүд нэг багшийн арга барилд олон жил хичээллэхэд ур чадвар нь төдийлөн ахихгүй. Тиймээс амжилтаа ахиулахын тулд дараагийн багшийг сонгодог.
-Монгол Улс даамаар тивдээ тэргүүлэгч гэдгээ 2020 онд болсон “Үндэстнүүдийн цом” тэмцээндОХУ, Беларусь, Украины шилдгүүдийг хожиж, түрүүлсэн амжилтаар харуулсан гэж боддог.
-Манай даамчид тус тэмцээнд гаргасан амжилтаараа тэр жил Монголын спортын онцлох 10 үйл явдалд зүй ёсоор багтсан шүү дээ. Харин одоо төр, засаг улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдаа өмнөд хөршийнхөн шиг дэмждэг болоосой. 100 буудалт даамыг хөгжүүлэхэд зориулж, БТСУХ-ноос анхааран, жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжилт өгч байвал их сайн. Монголын даамын холбоо ивээн тэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулж, хөрөнгө мөнгө олох талаар анхааран, спортоо сурталчлах ажил зохион байгуулах нь чухал. Дотооддоо олон улсын тэмцээн, өсвөрийн даамчдын ДАШТ-ийг ирэх жил улсдаа зохион байгуулах хэрэгтэй. Залуучуудын шигшээ баг байгуулж, насны ангилал бүрт ДАШТ-ээс медаль авах боломжтой хүүхдүүдийг сонгон, ОУИМ цолтнуудаар хичээл заалгаж, дэлхийд өрсөлдөх залуу үеийг системтэй бэлтгэх шаардлагатай байна.