Монголын ширээний теннисний үндэсний шигшээ баг, “Тэнгис синема” клуб, “Итгэлт” санхүүгийн группийн тамирчин Ч.Эрдэнэбаярыг спортын хүрээллийнхэнд танихгүй хүн ховор. Ур чадвар, техникээрээ үзэгчдийн сонирхлыг татдаг тэрбээр улсдаа зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдээс олон медаль хүртсэн.Монголд шилдэг 12 тамирчны цомын төлөөх тэмцээн анх удаа болоход тэрбээр хүрэл, эх орондоо энэ спортыг үндэслэгчдийн нэг, шигшээ багийн дасгалжуулагч, спортын мастер Д.Санжмятавын нэрэмжит Холбооны цомын АШТ-ээс мөнгөн медаль зүүж байв. Амжилтаараа шилдгүүдийн эгнээнд багтсан түүнд тэр үед улсын аварга болоход ганц алхам дутуу байлаа. Тэгвэл тэр хүслээ Монголын бүх ард түмний XV спартакиадын ганцаарчилсан төрөлд тэргүүлж биелүүлсэн юм. Теннисчдээс хэн нь түрүүлэх бол гэж олныг догдлуулж, тааварлуулдаг дээд лигийн тэмцээн одоо ид өрнөж байна. 15 дахь удаагийн тэмцээнд долоон багийн тоглогчид ана мана өрсөлдөж буй. Түүний харьяалагддаг “Итгэлт” санхүүгийн группийн багийнхан дөрвөн хожил, 32 оноотой тэргүүлж явна. Дээд лигт оролцсон аваргуудаас чансааны оноогоор цойлж буй түүнтэй ярилцлаа.
-Таныг багийнхантайгаа дээд лигт амжилтаараа тэргүүлж яваа гэж сонслоо.
-Би ширээний теннисний дээд лигт оролцолгүй гурван жил завсарласан. Миний хувьд хоёр дахь лигтээ өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн лигт багаараа IV байр эзэлсэн бол энэ удаа тэргүүлж явна. Цар тахлын улмаас тэр үед бэлтгэл дорвитой хийж амжаагүй, багийн хувьд ч сайн бүрдээгүй оролцсон. Лигийн тэмцээн энэ жилээс өөрчлөгдсөн. Багууд өмнө нь II тойрог тоглодог бол одоо I тойргоор өрсөлдөж байгаа. Тоглолт ч өндөрлөх дөхлөө. Миний хувьд өнгөрсөн намар зохион байгуулсан бүхард түмний XV спартакиадын тэмцээний ган цаарчилсан төрөлд түрүүлэхдээ амаргүй учраануудтай таарсан. Аваргын төлөө ОУХМБ.Билэгт ахыг 4:2-оор хожсоноос хойш бэлтгэлээ өдөр бүр шаргуу хийж лигт оролцлоо. Багууд бэлтгэлээ сайтар базаасан тул эн тэнцүү өрсөлдөж байна. Хэн ур чадвараа илүү харуулж, ухаан зарцуулна тэр багаа хожилд хөтөлнө. Одоогоор аль багийнхан аваргаар тодрох нь тодорхойгүй. Дээд лиг өндөрлөсний дараа УАШТ эхэлнэ. Энэ жил дахин түрүүлэхээр хичээж байна даа.
-Сүүлийн үед энэ спортод шинэ үе хүч түрэх боллоо. Шигшээгийн тамирчдаас та улсын аваргаар шалгарсан санагдана.
-Би өмнө нь улсын аварга болж үзээгүй. БНСУ-аас ирснийхээ дараахан УАШТ-д оролцохдоо анхныхаа түрүүг авч, үндэсний шигшээ багт нэгдсэн юм. БНСУ-ын Кан Дон Хүн дасгалжуулагчийн удирдлагад үндэсний шигшээ багийнхан бэлтгэл хийснээс хойш ширээний теннист дэвшил гарсан гэж боддог. Тэрбээр нутаг буцахаасаа өмнө шигшээгийнхнийг оюутны ДАШТ, Азийн наадамд оролцуулахаар зорьсон ч төлөвлөсөн тэмцээнүүд хойшилсны улмаас амжаагүй. Манайхан өмнө нь гадаадын орнуудтай дүйцэх хэмжээний бэлтгэл хийдэггүй байснаас олон улсын тэмцээнд амжилт төдийлөн гаргаагүй. Тэр үед дэлхийд 67 дугаар байрт бичигддэг байв. Бидний өрсөлдөх хамгийн ойрын тэмцээн долдугаар сард болох оюутны ДАШТ.
-БНСУ-д сурахдаа ширээний теннисний сургууль, клубт бэлтгэл хийдэг байсан уу?
-Тэнд өсвөр үеийн шилдэг шигшээ багийнхантай бэлтгэл хийдэг байхдаа ур чадвар дутмагаа ойлгож, амжилт гаргах хол санагддаг байлаа. Тэгвэл Кан Дон Хүн дасгалжуулагч бидэнд дутагдаж байсан тэр орон зайг нөхсөн. Намайг хүүхэд байх үед БНСУ руу Монголоос олон тамирчин явдаггүй, хувийн журмаар, эсвэл гэрээний дагуу очиж бэлтгэлд хамрагддаг байв. Шигшээ багийнхан тус улсын Суван хотыг өнгөрсөн жилийн наймдугаар сард зорьж, ширээний теннисний клубүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийснээр илүү сайжирсан. Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчидтай Кан Дон Хүн дасгалжуулагч түлхүү ажилласны ачаар олон улсад чамлахааргүй өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно. Бид Зүүн Азийн наадамд амжилттай оролцох зорилго тавьсан. Одоохондоо Япон, БНСУ, өмнөд хөршийнхөнтэй эн тэнцэхээр өрсөлдөнө гэж хэлэхгүй. Ур чадвар ойролцоо улсуудын багтай таарвал чансаагаа шалгах бодол бий.
-Ширээний теннисээр олон жил тууштай хичээллэж байгаа тамирчдын нэг нь Та. Амжилт гаргахад эмээ тань багагүй нөлөөлсөн гэж боддог шүү.
-Миний хувьд “Болох зүйл болох цагтаа болдог” гэж боддог. Би энэ спорттой 18 жил нөхөрлөж байна. Эмээг минь Д.Оюунчимэг гэдэг. Ширээний теннисний дасгалжуулагч. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, дэд хурандаа цолтой. Биднийг багаас минь бие даалгаж өсгөсөн. Тэрбээр насаараа теннис тоглосон ч улсын аварга болж чадаагүй. Тиймээс эгчийг минь үүгээр хичээллүүлж, УАШТ-ээс хүрэл медаль атгуулсан. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг дээ. Эмээ, эгч хоёрынхоо хүсэл, мөрөөдлийг биелүүлж, 17 жилийн дараа улсын аварга болж баярлууллаа. Гэрийнхэн минь энэ мөчийг олон жил хүлээсэн. Эмээ намайг УАШТ-ий аваргын төлөөх тоглолтод дасгалжуулсан юм. Тэр мөч амьдралд минь тохиосон хамгийн сайхан агшин байв. Би Монголд болсон олон тэмцээнээс медаль хүртсэн ч УАШТ-д л түрүүлдэггүй байлаа. Насанд хүрэгчдийн УАШТ-д 14 настайдаа анх өрсөлдөж, шилдгүүдээс ОУХМ Б.Баярмагнай ахыг хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Түүнээс хоёр жилийн дараа ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө ОУХМ Э.Лхагвасүрэн ахтай таарч удаалсан. Тамирчин хүн спортын оргилд амархан хүрдэггүй. Хичээллэх явцдаа ялалт, ялагдлын аль алийг нь мэдэрч, амжилтаа ахиулдаг.
-БНАСАУ-ын дасгалжуулагч Чо Юн Хогийн удирдлагад өмнөх шигшээгийнхэн ур чадвараа сайжруулсан гэдэг. Та тэдэнтэй хамт бэлтгэл хийдэг байсан тухайгаа сонирхуулаач.
-БНАСАУ-аас Чо Юн Хо багшийг Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхныг дасгалжуулахаар ирэхэд эмээ намайг хамт бэлт гэл хийлгэсэн юм. Түүний бэлтгэлийн ачааллыг даах эхэндээ хэцүү санагддаг сан. Тэрбээр идэр есийн хүйтэнд нимгэн цамцтай гүйлгэнэ. Ханиад хүрвэл эм уулгахгүй. Хөлсийг нь гартал гүйлгэж, биеийнх нь дархлаагаар эдгээнэ. Бидний хувьд ням гараг хоног тоолон хүлээдэг аз жаргалын өдөр байв. Тэрбээр хатуу, зарчимч зантай. Тэр хэрээр өндөр шаардлага тавина. Тамирчин хүн тэвчээр хатуужилд суралцаж, сахилга баттай байхыг жинхэнэ утгаар нь заасан. Түүний удирдлагад ахнартайгаа хамт бэлтгэл хийж, ур чадвараа хөгжүүлсэндээ баярладаг.
-Шигшээгийнхэн тэр үед “Оч” клубт бэлтгэл базаадаг байв уу?
-Тийм ээ. Тэрбээр бэлтгэлтэй өдрүүдэд гар утас хураачихна. Бид сошиал ертөнцөөс хагас жил хол байсан. Тэр үед ямар үйл явдал хаана өрнөж буйг мэдэх боломжгүй тул мэдээллээс хоцорсноо дараа нь мэддэг байв. Чо Юн Хо багш биднийг амжилт гаргуулахын тулд зөвхөн бэлтгэлд анхаарлыг нь хандуулж, өөр зүйлээс хол байлгасны үр дүн хожим гарсан. Би тэр үед 13 настай, тамирчдаасаа хамгийн бага нь байлаа. Намайг жаахан хүүхэд гэж тал засахгүй ахнартай адилхан бэлтгэл хийлгэнэ. Өглөө кросст гүйхдээ эгч нарыг гүйцдэггүй болохоор багш намайг дан цамцтай гүйлгэнэ. Нэг өдөр хатгаа авч, халуураад хэвтлээ. Эмээ зээ хүүгээ хараад өрөвдөж, түүнээс хэд хоногийн чөлөө олгохыг хүссэн ч зөвшөөрсөнгүй. Миний хөнжлийг хуу татаад “Одоо бос” гээд бэлтгэл хийлгэхээр гаргасан. Түүний хатуу зан тэсэхэд бэрх, халширмаар санагддаг ч одоо эргээд бодоход хамгийн зөв байсныг ойлгосон. Жилийн дараа би өмнөхөөсөө огт өөр хүн болсон байв. Намайг тэгж их өөрчлөгдсөнийг аав хараад их гайхаж билээ. Мяраалаг цагаан жаал чийрэг хүү болоод гэртээ ирсэн. Тэр үеийн тамирчдаас Ж.Мөнхзориг ах бид хоёр шигшээ багт тоглож байна. Бид БНАСАУ-д болсон тэмцээнд оролцохдоо багшийнхаа сургийг гаргахаар асуусан ч олдоогүй.
-Хатуу, зарчимч багшийн удирдлагад зээ хүүгээ бэлтгэл хийлгэх зориг гаргасан эмээдээ одоо баярладаг биз?
-Баярлалгүй яах вэ. Багш намайг насаар бага болохоор хааяа эрхлүүлнэ. Өглөө эрт гүйлгэж, өмнөх өдрийн бэлтгэлээс сайжирсан байвал өөрийнхөө хийсэн гарын хоолоор шагнана. Түүний хааяа нэг дайлдаг байсан хоолных нь амтыг одоо ч санадаг. Хэрвээ бэлтгэл тааруухан хийвэл “Өрөө рүүгээ яв” гээд дурамжхан хэлдэг байлаа. Түүний удирдлагад бэлтгэл хийсний ачаар улсын аварга болтлоо хичээж зүтгэжээ.
-Хүний сурсан бүхэн хаана ч явсан алхам тутамд хэрэг болдог гэдэг дээ.
-Тамирчин хүн явсан газраасаа заавал нэг зүйл сурч ирдэг. БНСУ-д байхдаа өөрийнхөө хэмжээнд сурсан зүйл чамгүй бий. Энэ спортоор хичээллэдэг хүүхэд олон ч нэг бүрчлэн тулж ажиллах багш ховор байна. Тиймээс өөрийн клубээ нээж, хүүхдүүдэд ширээний теннис зааж байгаа. Тамирчин хүнийхээ хувьд толгойд буй мэдлэг, сурсан бүхнээ хүүхдүүдэд өвлүүлж үлдээх зорилготой. Би хэрэгтэй цагт, хэрэг болох газарт нь өөрийн хувь нэмрийг харамгүй оруулъя гэж боддог. “Тэнгис” кинотеатрын удирдлага, хамт олон заал гаргаж өгснөөр 5-12 насны зургаан хүүхдийг бэлтгэл хийлгэдэг юм. Миний хувьд хоёр компанийн нэрийн өмнөөс тоглодог. Нэг нь“Тэнгис” кино театр, нөгөө нь“Итгэлт” санхүүгийн групп. Тус группийнхэн шавьнарт минь тус дэм болдог шүү. Нэг шавь минь надтай хамт дээд лигт тоглож, хоёр хожилтой яваа. Тамирчин болоод олон багшийн гар дамжсан. Намайг өсвөр насанд ОУХМ Т.Энхтөр, Ц.Галбадрах багш нар түлхүү дасгалжуулж, бэлтгэл сайн хийлгэсэн. Бага байхад хүүхдүүдээс илүү харилцдаг болгохын тулд П.Гантөмөр багш зааж, зөвлөдөг байв. Түүний дараа япон багшийн удирдлагад нэг хэсэг хичээллэж “Mongolia open” тэмцээнээс хоёр жил дараалж хүрэл медаль гардсан шүү.
-БНСУ-ын хүүхдүүд бага, дунд, ахлах анги гэсэн шаталсан сургалтаар теннисний хичээл заалгаж, мэргэжлийн тамирчнаар бэлтгэгддэг гэл үү?
-Тухайн хүүхэд нэг багшийн удирдлагад олон жил бэлтгэл хийсэн ч ур чадвар нь өмнөхөөсөө төдийлөн ахидаггүй. Тиймээс багш нь дараагийн шаталсан сургалтад шилжүүлдэг юм. Бага ангидаа сайн тогловол ахлах анги руу дэвшдэг тохиолдол бий. Гэхдээ тухайн хүүхдийн хичээл зүтгэл их хамаарна. Тэд ахлах ангиа төгсөөд оюутны шигшээ багт тоглож, үндэсний шигшээд багтах сууриа тавьдаг.
-Та дэлхийн шилдгүүдээс хэнийх нь тоглолтоор бахархдаг бол?
-Гадаадын шилдэг тамирчдын бичлэгүүдийг үздэг ч тэр бүр шүтээд байдаггүй. Намайг өдий зэрэгтэй амжилт гаргахад нэг жил чанга гараар бэлтгэл хийлгэсэн Чо Юн Хо багшаараа их бахархдаг. Түүний өндөр шаардлагад би зөв хүн болж төлөвших сууриа тавьсан. БНСУ-д ахлах сургуулийнхантай бэлтгэл хийхэд өдөр бүр гүйнэ. Тэднээс эхний гурван байрт орсонд нь будаа, шөл өгдөг юм. Хоолгүй хоцорсон удаа надад олон бий. Тэнд хамт сурсан хүүхдүүдтэй одоо ч холбоотой байдаг. Ахлах сургуулийн найзуудаас дэлхийд цахиур хагалж, олонд танил болсон Чо Дэсоны бэлтгэл хангагч нь би байлаа. Тэрбээр саяхан болсон олон улсын нээлттэй тэмцээнд дэлхийн шилдэг тоглогчийг хожиж харагдсан. Түүнээс гадна оюутны шигшээ багт тоглодог найзууд ч бий.
-Шигшээ багт хөл тавиад тамирчидтай хэр ойр дотно нөхөрлөж байна вэ?
-Шигшээгийн тамирчдаас Э.Тэмүүлэнтэй сүүлийн долоон жил тоглож байна. Тэднээс Ж.Мөнхзориг ах хүүхэд байхдаа эгчтэй минь хамт тэмцээнд оролцдог байсан. Эгчийгээ зодог тайлахад би үргэлжлүүлээд тоглосон юм. Эгч минь одоо БНСУ-д амьдардаг. Тэнд магистрын зэрэг хамгааллаа. Шигшээ багийнхан дээд лиг, клубүүдийн АШТ-д харьяалагддаг байгууллагаа төлөөлж өрсөлддөг. Бид нэгнээ ялж, ялагддаг ч тэмцээний дараа өмнөх шигээ сайхан нөхөрлөдөг юм. Тухайлбал, би Ж.Мөнхзориг ахад цомын АШТ болон шилдэг 12 тамирчин оролцсон тэмцээнд хожигдсон бол дээд лигт түүнийг ялж байх жишээтэй. Шигшээ багийнхан ямар ч тэмцээнд таарсан өгөө, аваатай байдаг.
-Шигшээгийн тамирчдын олонх нь их, дээд сургуульд сурдаг юм билээ.
-ҮБТДС-д багш дасгалжуулагч мэргэжлээр сурах бодол бий. БНСУ ширээний теннисний сургуулиудтай. Тамирчин судлал, багш дасгалжуулагч, спортын сэтгэлзүйч гээд олон мэргэжил бий. Тэндхийн их, дээд сургуулийн төлбөр нь өндөр. Миний хувьд солонгос хэл сайн сурсан ч их, дээд сургуульд элсэх санхүүгийн боломж хараахан бүрдээгүй юм. Би тэнд хаана ч очсон солонгос хүнтэй ярилцаад өөрийгөө аваад явчих хэмжээнд мэдлэг эзэмшсэн. Солонгосчууд дэг жаяг их баримталдаг. Тэнд сурсан бүхэн минь одоо хэвшил болжээ. Би шигшээ багийн тамирчдыг бэлтгэдэг ахлах сургуульд сурдаг байв. Тус сургуульд гадаадын хүүхдүүд сурахаар ирдэг. Германы тамирчин хагас сар бэлтгэл хийхдээ олон сая төгрөг төлөхийг хараад бэлтгэл үнэгүй хийж байгаа өөртөө их баярлаж билээ. Тус сургуульд гурван сар хичээллэсний дараа миний амжилт сайжирч, медаль хүртэх болсон доо.