Монголд зохион байгуулж буй, Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны шайбтай хоккейн АШТ энэ сарын 11-нд “Степпе арена”-д эхэллээ. Дэлхийн хоккейн холбоо манай улсад зохион байгуулах эрхийг олгосноор тивийн томоохон тэмцээнийг үзэгчдэд анх удаа хүргэж, хоккейн спортын 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Тэмцээний салхи хагалж АНЭУ, Тайландын шигшээ багийнхны тоглолт эхэлсэн. I үеийн тоглолтын явцад АНЭУ-ын 12 дугаартай тамирчин эсрэг багийнхны хамгаалалтын алдааг тун чадварлаг ашиглаж, анхны гоолыг оруулсан юм. Тайландчууд сөрөг довтолгоо хийсэн ч өрсөлдөгч багийнх нь хаалгач сайн хамгаалж байлаа. АНЭУ-ын шигшээ багаас Александр Семинов хоёр дахь гоолын дараа өрсөлдөгчийнхөө хаалгачийг анхааралгүй байхад нь шайбыг чиглүүлж шидсэнээр онооны харьцааг 3:0 болгов. Тэд II үед эсрэг багийнханд гоол хийх боломж олгохгүй довтолсоор онооны харьцааг 5:0 болгож өндөрлүүллээ. III үеийн тоглолт эхлэхэд Тайландын багийн гол тоглогч 44 дугаартай тамирчин алдаа гарган торгуулийн суудалд шилжсэнээр хоёр багийнхан тус бүр таван тамирчинтай тоглосон. Тоглолт үргэлжлээд удаагүй байтал АНЭУ-ын хаалгачийг эсрэг багийн тоглогч хүчтэй түлхсэнээр зодоон эхэлсэн. Европын хоккейн лигт иймэрхүү дүр зураг харагддаг. Хоккейн тэмцээний үеэр “нударга зөрүүлэх” нь олны сонирхлыг татдаг нь одоо ч хэвээрээ. Шүүгчид даруй арга хэмжээ авснаар нанчилдааныг зогсоож тоглолтыг үргэлжлүүлэв. АНЭУ-ын тоглогчдыг өөр хоорондоо ярилцахыг эсрэг багийнхнаас 24 дугаартай тамирчин овжин ашиглаж, анхны гоолоо хаалганд нь хийсэн. Дараагийн гоолыг тоглолт дуусахаас зургаан секундийн өмнө тус багийн 55 дугаартай тамирчин оруулж, оноог 6:2 болгов. Мөсөн өргөөнд эхэлсэн анхны тоглолт АНЭУ-ын хоккейчдын хожлоор өндөрлөсөн юм.
Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд хоккейчид өдөрт гурван тоглолт хийнэ. Тойргийн хоёр дахь тоглолт Узбекистан, Туркменистаны тамирчдын хооронд ширүүхэн өрнөсөн. Тоглолтыг дөнгөж эхлүүлээд л илүүрхсэн узбекистанчууд эхний хоёр гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд төвөггүйхэн хийчихэв. Тэд тоглолтоо амжилттай эхлүүлсэн ч тамирчдаас нь хоёр нь торгуулийн суудалд шилжсэн юм. II үеийн тоглолт эхлэхэд тамирчдын хооронд бага зэргийн маргаан өрнөөд амжсан. Хаалгачтай ойрхон тоглосон Узбекистаны тамирчныг шүүгчид мөн л торгов. Хоёр багийнхны дунд маргаан дэгдэж, нударга зөрүүлэхэд зохицуулахаар очсон шүүгчид ч тоглогчдод “балбуулж” харагдсан. Узбекистанчууд III үеийг гурван гоолтой эхлүүлж, дахин хоёрыг оруулснаар тоглолтыг 5:0 харьцаатай дуусгав.
Тэмцээний нээлт болсны дараа гурав дахь тоглолт Монгол, Ираны шигшээ багийнхны хооронд үргэлжилсэн юм. Монголын хоккейн өсвөрийн шигшээ багийнхан дасгалжуулагч, ОУХМ А.Мэргэний удирдлагад тоглож, хоёр ч ширүүхэн довтолгоог хийсэн ч хаалга ч амжилттай зогсоосон. Манай тоглогчдын холын цохилт үнэхээр гайхалтай байлаа. Шигшээ багийн довтлогчдоос Э.Ариунбилэг таван тоглогчийг хуурч, хаалга руу шайбыг шидэж, хурд, техникээр илүү, бэлтгэл сайн базааснаа харуулсан. Манайхан гоол оруулахаар хэдэн удаа хүчтэй довтолсон ч Ираны багийн хаалгач хамгаалсаар байлаа. М.Чинзолбоо хаалгачийн эсрэг дамжуулснаар У.Цэнгэл анхны гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлэв. Тэрбээр маш хурдан сэтгэж, дамжуулалтыг хаалганы урдуур өгсөн юм. Эсрэг багийн төв рүү ирсэн дамжуулалтыг хаалгач Б.Содбилэг амжилттай хамгаалав. Монголын хоккейчид I үеийн тоглолтод Ираны багийн хаалга руу 15 удаа довтолж, нэгийг нь амжилттай гүйцэтгэсэн юм. Тоглолтын 32 дахь минутад ахлагч Д.Лхагвадорж дараагийн гоолыг оруулснаар хүчирхэг тоглогчдоор багаа бүрдүүлснээ өрсөлдөгчдөө төвөггүйхэн ойлгуулсан. Манайхан II үеийн тоглолтыг 4:0-ээр дуусгаж, тэмцээнийг нэг ч хожигдолгүй тэргүүлж эхэлсэн юм. Тэмцээний төгсгөлд тав дахь гоолыг М.Чинзолбоо оруулж, багаа ялалтад хөтлөн, үзэгчдийг баярлууллаа. Эхний өдрийн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан тэрбээр энэ сарын 23-26-нд болох шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д аав Н.Мишигсүрэнгийнхээ хамт шигшээ багийнхантай нэгдэж тоглох юм. Азийн АШТ-ий хоёр дахь өдрийн тоглолт Тайланд, Туркменистаны тоглолтоор эхэлсэн. Энэ удаа туркменистанчууд эсрэг багийнхныг 4:3-аар ялж, анхны хожлоо авснаар гурван оноотой болов. Тэгвэл одоогоор тайландчууд хоёр хожигдоод байна. Өнөөдөр Тайланд-Ираны багийн тоглолт 13.30, АНЭУ-Туркменистаных 17.00, Монгол-Узбекистаных 20.30 цагт болох нь.