Олон улсын уулын холбоо (UIAA)- ноос Финланд улсын Оулу хотод өнгөрсөн сарын 24-26-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин ур чадвараа сорив. Тэднээс Увс аймгийн Улаангом сумын цогцолбор нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагч, Монголын уулчдын үндэсний холбооны спорт авиралтын тамирчин Б.Мөнхбаатар хурдны төрөлд 12.25 секундийн амжилтаар II байрm шалгаран мөнгө, техник, хурд хосолсон төрөлд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр үүнээс гадна спорт авиралтаар хичээллэдэг. Спортын 15 холбооны нэгдсэн УАШТ өнгөрсөн нэгдүгээр сард “Степпе арена”-д болоход спорт авиралтын боулдеринг, мөсөнд авиралтын хурдны төрөлд тус бүрхүрэл медаль зүүсэн түүнтэй ярилцлаа.
-Та Финланд улсыг зорихоосоо өмнө спорт холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож хүрэл медаль хүртсэн. Шагнал тань урам өгч, залуучуудын ДАШТ-д өрсөлдөх зориг төрүүлсэн байх.
-Увс аймгийн удирдлага, ОБЕГ-тай хамтран цар тахлын хөл хорионоос хойш нутагтаа спорт, мөсөнд авиралтын хана босгосноор тамирчид бэлтгэл хийж эхэлсэн юм. Бид өнгөрсөн нэгдүгээр сард болсон спорт холбоодын нэгдсэн УАШТ-д Улаанбаатар хотын болон орон нутгийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Миний хувьд сонирхож хичээллэдэг спортынхоо аль аль төрөлд хүрэл медаль хүртсэн минь Финланд улсыг зорих урам зориг хайрлалаа. Аймгийнхаа тамирчдаас УАШТ-д ганцаараа медаль хүртэхэд сургуулийн удирдлага, багш нар, ангийн хамт олон сэтгэл өндөр угтсан шүү.
-Дасгалжуулагч Б.Пүрэвсүрэн багшийн удирдлагад та мөсөнд авиралтаар хичээллэж, богино хугацаанд амжилт гаргалаа.
-Багш уулын спортоор хичээллэдэг. Түүний удирдлагад спорт авиралтаар долоо, мөсөнд авиралтаар таван сар хичээллэж байна. Тэрбээр нэг зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь заавал үздэг зантай. Шавь нараа бэлтгэл хийлгэхдээ тууштай хичээллэж, амжилт гаргах талаар байнга зөвлөж, ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллан, санаа бодлыг нь сонсдог. Тэмцээний өмнө “Өрсөлдөгчөө мундаг гэж эмээх хэрэггүй. Тэд та нартай адилхан. Хичээвэл хэн ч амжилт гаргана” гэж зоригжуулдаг юм. Аав минь бөхийн спортод сонирхолтой. Аймагтаа болон бүсэд зохион байгуулсан тэмцээнд чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейболын төрөлд оролцож, цөөнгүй медаль хүртсэн. Би аавынхаа медалиудыг харж бахархдаг ч тоолж байгаагүй. Намайг мөсөнд авиралтаар хичээллээд эхний тэмцээнүүддээ оролцохыг аав хараад “Чи техникээ сурлаа. Одоо хурдаа ахиулж, ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Тамирчин хүн саад бэрхшээлийг сэтгэлийн хат, тэвчээрээр даван туулдаг юм шүү” гэж байв. Гэрийнхэн минь тал бүрээс дэмжиж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулахыг зорьдог.
-Хилийн дээс анх удаа алхсан танд ДАШТ зохион байгуулсан орны орчин, нөхцөл ямар санагдав?
-Финландын уур амьсгал нь Монголынхтой төстэй. Агаар нь цэвэрхэн, хаашаа л харна ой модоор хүрээлүүлсэн, орчин нөхцөл нь нам гүм байсан нь таатай санагдсан. Тэнд өвлийн спорт өндөр хөгжсөн нь анзаарагдлаа. Дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харах ховорхон тохиох боломж байв. Мөсөнд авиралтаар олон жил хичээллэсэн Европын тамирчдыг хараад эхэндээ сүрдэж, амжилт гаргах болов уу гэж бодож байлаа. Азиас ганц улс өрсөлдсөн нь Монгол. Тэмцээн өндөрлөсний дараа бид туйлын туяа харахыг хүссэн ч харамсалтай нь гараагүй. Хилийн дээс алхахаасаа өмнө аймгийнхаа Биеийн тамир, спортын газарт хандаж, зардлын дэмжлэг хүсэхэд “Чи энэ удаа амжилт гаргаад ир. Дараа оролцох тэмцээнд тань дэмжлэг үзүүлье” гэсэн. Миний хувьд гэр бүл, багш, хамт олныхоо, итгэл найдварыг дааж, амжилттай өрсөлдөхийг их хичээлээ. Тамирчны хувьд зорилгоо биелүүлж, эх орондоо медальтай ирсэндээ сэтгэл өндөр байна.
-Тамирчдын амжилт секунд, долиор хэмжигддэг. Аварга болоход ойрхон байв уу?
-Би түрүүлсэн тамирчнаас нэг секундээр хоцорч, мөнгөн медаль хүртсэн юм. Түүнээс хол зөрүүгүй удаалж, аварга болж чадаагүйдээ сэтгэлээр унасан. Дараагийн ДАШТ-д оролцохдоо аварга болно гэж өөртөө амлан, том зорилго тээж ирлээ. Хүрэл медалийг Швейцар улсын тамирчин зүүсэн. Шагналын тавцанд медаль зүүгээд Монголын тамирчин гээд дуудуулж зогсохдоо өөрийн эрхгүй огшиж, эх орон, аав, ээж, багш, нутгийнхаа олноор бахархсан. Тамирчин хүний баярын нулимс дуслуулдаг хамгийн сайхан мөч бол улсынхаа нэрийг гаргах гэдгийг мэдэрсэн дээ.
-Медаль хүртчихээд багштайгаа холбогдож, баярт мэдээгээ түрүүлж дуулгасан гэж сонссон.
-Тамирчид мөсөнд авиралтын тэмцээнд олон улсын дүрэм, дэлхийн стандартын дагуу оролцдог. Монголын стандартаар бол тухайн тамирчин хананаасаа салсан бол тэмцээнээ өндөрлүүлдэг юм. Тэгвэл дэлхийн стандартад хананаас салсан тохиолдолд нэг боломж олгодог. Сүүлийн авиралтад намайг хананаас салахыг багш хараад медаль хүртэхгүй ч гэсэн ДАШТ ямар болдгийг өөрийн нүдээр үзэж, туршлага хуримтлуулаад ирэг гэж бодсон юмбилээ. Би өөрийгөө медаль хүртэнэ гэж төсөөлөөгүй. Биднийг ахалж явсан Монголын уулын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мөсөнд авиралтын холбооны дарга М.Цолмон, Спорт авиралтын хорооны дарга С.Даваабаяр нар багшид уламжлахад “Шавьдаа баяр хүргэе, сайхан амжилт гаргалаа” гээд урам хайрласан. Аав, ээж намайг тэмцээнд хэрхэн оролцох бол гэж догдолж сандраад үзэж амжаагүй гэнэ билээ. Тэдэнд минь багш хэлснээр ах дүүс, найз нөхөд, нутгийн олон манайд цуглаж, баярыг минь хуваалцсан гэсэн. Би айлын ууган хүү. Хоёр дүүтэй. Спортоор хичээллэдэг нь одоогоор би.
-Таныг Улаанбаатартирэхэд ээж, багш тань хадаг, сүүтэй угтаж харагдсан.
-Эх орондоо хөл тавиад угтан авсан хүмүүсээс багш, ээж хоёроо хараад их баярласан. Надтай багш холбогдохдоо “Би энд ажил ихтэй байна. Чамайг угтаж амжихгүй байх” гэсэн юм. Тэгсэн шавиа баярлуулахаар гэнэтийн бэлэг барьсан юм билээ. Би Финландыг зорихдоо газар үзэж, ДАШТ хэрхэн болдгийг оролцохдоо мэдрээд ирье гэсэн бодолтой явсан. Таван сар бэлтгэл хийсэн надад тэр үед ур чадвар, туршлагаар шилдгүүдтэй эн зэрэгцэхгүй байх гэсэн бодол төрөөд байлаа. Европынхонтой өрсөлдөхдөө хойшид хөдөлгөөнөө уян хатан болгож, авирах техникээ сайжруулан, бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх хэрэгтэйг ойлгосон.
-Мөсөнд авирагчид амжилт гаргана гэсэн төрөлд л оролцдог юм билээ.
-Монголын тамирчид хурд, техникийн аль, аль төрөлд өрсөлддөг. Би анх удаа техникийн төрөлд хурд сорилоо. Мөнгөн медаль хүртчихээд зогсож байтал хүрэл медаль дахин гардуулахад эхэндээ их гайхаж “Эндүүрэл гараагүй байгаа даа” гэж бодсон. Тэгтэл техник, хурд хосолсон төрөлд онооны нийлбэр дүнгээр III байрт шалгарсан байв.
-Нэгдсэн УАШТ-ээс хүртсэн хүрэл медаль араасаа шагналын буухиа дагуулсанд бэлгэшээв үү?
-Амжилтад хүрэх жим гаргасан болохоор их бэлгэшээж байгаа. Хэрвээ мөсөнд авиралтаар хичээллэж, УАШТ-д оролцоогүй бол ийм амжилт гаргахгүй шүү дээ. Медаль минь намайг зорилго, зоригтой болгож, Монголд энэ спорт хөгжиж буйг дэлхийд харуулсан гэж бодож байна. Миний хувьд 2023 он аз, амжилт, хийморь далласан өөдрөг жил байлаа. Би УАШТ-ээс зүүсэн таван медальтай, үүнээс хоёр нь алт. Өнгөрсөн жил УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан юм. Сургуулийн удирдлага, багш нар намайг ойлгон, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлж оролцуулдаг. Нутгийнхан минь тэмцээний өмнө “Аварга болоод ирээрэй” гэж ерөөсөн.
-Увс аймагт мөсөнд авиралтын спорт хэр хөгжиж байна вэ?
-Спорт болон мөсөнд авиралтаар хичээллэхэд суурь болж их нөлөөлсөн шүү. Бид ур чадвараараа бусад клубийнхнээс нэг их дутахгүй. Говь-Алтай аймагт спорт авиралтын олон улсын стандартад нийцсэн 15 метрийн өндөр хана бий. Биднийг нэгдсэн УАШТ-д оролцсоны дараа хамтарсан бэлтгэл хийхээр урьсан. Тэмцээнд оролцох гэж хэдэн сар бэлтгэл шаргуу хийсэн болохоор хичээлдээ анхаарал хандуулах шаардлага гарсан тул очиж амжаагүй. Зун амралт эхлэхээр Тонхил сумыг зорьж, тамирчидтай нь бэлтгэл хийх бодолтой байгаа. Спорт авиралт олимпын наадмын төрөлд багтсан. Миний зорьж байгаа зүйл бол олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртэх.
-Азийн шилдгүүдээс Японы Томоа Нарасакигийн ур чадвараар их бахархдаг гэж сонслоо.
-Тийм ээ. Тэрбээр Токиогийн олимпын наадамд спорт авиралтаар өрсөлдөж, аварга болсон юм. Хичээл зүтгэлтэйгээс гадна уйгагүй хөдөлмөрч. Дуртай спортоороо тууштай хичээллэж амжилтад хүрсэн. Нарасаки бусад тамирчнаас илүү хурдтай, сэтгэлийн хат, тэвчээртэй. Спорт авиралт, мөсөнд авиралтын тамирчид тэсвэр хатуужилтай байж амжилтад хүрдэг. Саадтай тулгарах үед заримынх нь зориг мохож, халширна. Мөсөнд авиралт хатуужил тэсвэрийн спорт. Би хичээллэдэг спортдоо хайртай. Надад шантрах бодол төрдөггүй. Хэцүү санагдах тусам улам хичээдэг. Увс аймаг Хархираа, Дэглий цагаан зэрэг ноён оргилтой. Нутгийнхаа өндөр уулсыг харах тусам хийморь сэргэж, эрч хүчтэй болсон мэт санагддаг. Багш минь уулын спортын мастер. Тэрбээр нутгийнхаа ноён оргилуудын олонход нь гарчээ. Өнгөрсөн жил Алтай Таван Богдын Хүйтэн оргилд авирсан.
-Танд гадаадын тамирчид шиг олон улсын стандартад нийцсэн хананд бэлтгэл хийх сэн гэх бодол төрдөг үү?
-Манайд техникийн хана байдаггүй. Европынхон ДАШТ-д дасгалжуулагчаасаа гадна том багтай ирж оролцдог юм билээ. Гэтэл Монголын гурван тамирчин дасгалжуулагчгүй өрсөлдсөн. Багш минь дэргэд байж, зоригжуулсан бол аварга болох байлаа гэх бодол төрсөн. Тамирчин хүн гадаадын тэмцээнд дасгалжуулагчгүй оролцохын хэцүүг тэнд мэдэрлээ. Бидэнтэй хамт явсан М.Цолмон, С.Даваабаяр эгч нар ч үүнийг ойлгож “Тамирчдаа дараагийн тэмцээнд дасгалжуулагчтай нь оролцуулах хэрэгтэй юм байна” гээд ярьж байлаа. Намайг эмэгтэй тамирчдадаа тэмцээний үед зааж, зөвлөхийг харсан хүмүүс “Чи дасгалжуулагч нь уу, түүнийг дахиж авируулах уу” гээд асууж байв. Тэр үед багшийнхаа ажлын амаргүйг бага ч гэсэн ойлгосон шүү. Финланд манай улсаас олон цагийн зөрүүтэй. Монголын уулын үндэсний холбооны сэтгэлзүйч тэмцээний өмнө олон хүнтэй холбогдох нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж зөвлөсөн тул багштайгаа холбогдож амжаагүй.
-Улс бүрийн мөсний бүтэц өөр. Тэндхийн мөс авирахад хэр амаргүй санагдсан бэ?
-Финландад болсон ДАШТ-ий мөс зөөлөн, зам нь овгор товгор ихтэй. Авирах явцад бутарч, зай гарч, ангал үүссэн. Тамирчид секунд, дольтой уралддаг. Зарим нь зай гарсан хэсэгт хий гишгэж хугацаа алдаж байгаа харагдсан. Монголын мөс хатуу бүтэцтэй. Хүч, бяр их шаарддаг. Хатуу мөсөнд багажаа зоовол дараа нь авахад хүндрэлтэй байдаг. Мөсөнд авиралтын хувцас, багаж хэрэгсэл өндөр өртөгтэй. Тэмцээнд оролцохын өмнө багш надад шинэ гутал авч өгсөн юм. ДАШТ-д оролцох үед гутал маань их гологдсон. Техникийн төрөлд өрсөлдөхөд миний гутал мөсөнд зоогдохгүй байхаар нь их гайхлаа. Тэгтэл бусад орны тамирчдын гутал хутга шиг хурц, мөсөнд сайн зоогдож байв. Европын тамирчид их найрсаг санагдсан. Тэд миний гутлыг хараад “Чанар муутай гутал мөсөнд зоогддоггүй юм. Чи дараа ийм гутал сонгож аваарай” гэж зөвлөсөн. Тамирчид тэмцээний үед нэгнийхээ жаргал, зовлонг их ойлгодог. Францын тамирчин миний өрсөлдөгч хэрнээ надад гутлаа өгөөд тэмцээнд оролцуулахад их баярласан шүү. Тэнд техникийн төрөлд Европын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн болсон юм. Манай эмэгтэй тамирчдад Хонконг, Японы авирагчид гутлаа өмсүүлээд оролцуулахад Ж.Амина 60 секунд авирахаас 58 секундэд амжиж, хүрэл медалийн болзол хангасан. Энэ ташрамд намайг ямар ч үед дэмжиж ирсэн аав, ээж, багшдаа, ДАШТ-д хэрхэн амжилт гаргах талаар зөвлөсөн Ч.Мандахбаяр ахдаа их баярлалаа. Увс аймгийн Улаангом сумын цогцолбор нэгдүгээр сургуулийн удирдлага, багш, хамт олон, ангийн нөхөд, нутгийхандаа талархсанаа илэрхийлье.