Малчид, ялангуяа баруун аймгийнхан хаврыг хүндхэн угтаж байна. Өнгөрсөн зун нийт нутгаар газрын гарц тааруу, гантай байсан, улмаар өвөл цас их орж, хүйтэрсэн зэрэг нь хаваржилт хүндрэхэд нөлөөлжээ. Албан ёсны буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өдгөө таван аймгийн 18 сум цагаан зудтай байна. Үүнд баруун бүсийн Баян- Өлгий, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн сумууд хамрагдаж байгаа аж. Түүнчлэн есөн аймгийн 17 сумд зуд болох, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр бөгөөд мөн л баруун аймгуудын сумуудыг голчлон хамарч байна. Дээрх газруудад өнгөрсөн өвөл цас их орж, улмаар нягтарч хатуурсны улмаас мал бэлчээх аргагүйд хүрчээ.
Энэ хаврын “өнгө”-ийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад ямар байгаа, ялангуяа орон нутаг, малчдад хүндрэл бэрхшээл хэр тулгарч буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодруулахад “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хаваржилт тааруу байна. Учир нь 2021 онд зуншлага сайн байснаар малчид өвөл, хаврыг хүндрэл багатай давсан юм. Мөн өвс, тэжээлийн хангамж ч сайн байсан. Харин өнгөрсөн зун гантай байснаас энэ жилийн өвөл, хавар нөхцөл байдал хүндэрлээ. Өвс, тэжээл ч дутагдалтай байгаа. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 480 000 гаруй мал хорогдсон. Энэ нь өнгөрсөн жил хорогдсон нийт малын тооноос ч олон байна. Хорогдсон малын дийлэнх нь бог буюу 191 000 гаруй нь ямаа, 160 000 орчим нь хонь. Завхан, Увс, Архангай, Ховд зэрэг аймагт хамгийн олон мал хорогдсон. Өдгөө нийт нутгаар дулаарч, зудтай аймаг, сумын тоо буурч байгаа. Гэсэн ч эрсдэл арилаагүй, цаашид ч цаг агаар хүндрэхийг үгүйсгэхгүй учраас бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй. Тиймээс хаваржилт хүндэрсэн газруудад ажиллаж, малчидтай уулзан, шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүргийг яамнаас орон нутгийн удирдлагуудад өгсөн” гэв.
Өвөл, хаврыг өнтэй давахын тулд жил бүрийн намар аймаг, сумууд өвс, тэжээл нөөцөлдөг. Түүнчлэн малчид ч өөрсдөө тодорхой хэмжээний нөөц бүрдүүлдэг билээ. Энэ жилийн тухайд аймаг, сумуудын, бас малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц ч шавхагдахад хүрсэн гэнэ. Тухайлбал, улсын хэмжээнд аймаг, сумуудын өвс, тэжээлийн аюулгүйн нийт нөөцийн 66 хувийг зарцуулаад буй аж. Ялангуяа хаваржилт хүнд байгаа баруун аймгуудын зарим сум нөөцөө бүрэн шавхжээ. Түүнчлэн малчдын өөрсдийн бэлтгэсэн нөөцийн 80 хувь нь дууссаныг ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм. Ийм нөхцөлд өвс, тэжээлийн хангамжийг хэрхэн сайжруулах, энэ чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа, эсэхийг Д.Батмөнхөөс лавлахад “Баруун бүсийн Ховд, Увс, Завхан зэрэг аймгийн малчид харьцангуй эрт буюу өнгөрсөн нэгдүгээр сараас малаа тэжээж эхэлсэн. Үүнээс шалтгаалан өвс, тэжээлийн нөөц багасаж, зарим газрынх дууслаа. Гэтэл ногоо ургах цаг хараахан болоогүй, цаашид ч өвс, тэжээл хэрэгтэй байгаа. 3-4 дүгээр сарыг дуустал малаа тэжээх шаардлагатай. Тиймээс Завхан аймагт гэхэд нөөцөө шинээр бүрдүүлж эхлээд байна шүү дээ. Харамсалтай нь, цас ханзарсан ч бэлчээр бага, газрын гарц тун муу байгаа. Нөгөө талаар газрын гарц харьцангуй сайн газруудад энэ хавар цаг агаар муудаж, салхи шуурга ихтэй байвал үлдсэн жаахан бэлчээр сүйдэх эрсдэл өндөр. Тиймээс өвс, тэжээлээ сайн бэлтгэх нь чухал юм. Хаваржилт хүндэрсэн баруун бүсийнхэн зүүн аймгуудаас өвс татан авч буй. Мөн Баян-Өлгийгөөс тэжээл авч байгаа. Тус аймаг дахь Цагааннуурын боомтоор тэжээл хангалттай хэмжээгээр импортолж байна. Ийнхүү хангамж сайжирснаар үнэ ч буурч байгаа. Тухайлбал, 50 кг-аар савласан хорголжин тэжээл 37 000-38 000 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 32 000 болсон” хэмээлээ.
Хаваржилтын нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн нь нэг талаар байгаль, цаг уураас шалтгаалсан ч нөгөө талаасаа хүний буруутай үйл ажиллагаа, малын хэт өсөлттэй холбоотойг албаныхан хэлж байлаа. Тухайлбал, “Өнгөрсөн зун ихэнх нутагт ган болсон учраас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв хэдийн гарсан байсан. Тиймээс холбогдох байгууллагуудаас малчдад хандан малынхаа тоо толгойг цөөлөх зөвлөмж өгсөн юм. Малчид ч ийм сонирхолтой байлаа. Гэсэн ч орон нутагт үнэ ханш бага, хот, суурин газар луу тээвэрлэж ирэхэд хүндрэлтэй зэрэг шалтгаанаар малчид мал, махаа хангалттай хэмжээнд борлуулж чадаагүй” хэмээн мэдээлж байв.
Хаваржилт хамгийн хүнд байгаа аймгуудын нэг Завханы Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням ч малын тоо хэт олширсон талаар онцоллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард тус аймагт ихэд хүйтэрч, агаарын температур -50 градусаас давсан нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болсон билээ. Энэ нь хаваржилтын нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн гэж Э.Балжинням дурдав. Тэрбээр “Аймгийн хэмжээнд 70 000 гаруй мал хорогдоод байна. Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол гараагүй юм. Өнгөрсөн зун аймгийн нийт нутгийн 85 хувь нь гантай байлаа. Үүнээс шалтгаалан мал төдийлөн тарга хүч авалгүйгээр намар, өвөлтэй золгож, улмаар зудыг тэсвэрлэж чадахгүй байна. Түүнчлэн өнгөрсөн өвөл эрс хүйтэрсэн нь ч үүнд нөлөөлсөн. Тухайлбал, 30 градусаас давж хүйтэрсэн хоногийн тоо өнгөрсөн өвөл 50-иас давлаа. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан бүх сумд хаваржилт хүндэрсэн. Манай аймаг 24 сумтай, 9900 малчин өрхтэй. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд уг нь аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг Засгийн газрын тогтоолд зааснаас хоёр дахин давуулан бэлтгэсэн. Гэсэн ч хавар дөнгөж эхэлж байхад л дуусчихлаа” гэв. Түүнчлэн малын тоог цөөлөх, бэлчээрээ хамгаалах шаардлагатай талаар тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг олон шалтгааны улмаас бэлчээрийн гарц муудсан. Хамгийн гол нь үүнд малын тоо хэт олширсон нь нөлөөлж байна. Малчид ч үүнийг ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн зун, намраас л мал, махаа экспортлоход төр, засгаас дэмжлэг үзүүлээч гэж хүссэн. Өөрөөр хэлбэл, малаа цөөлөх, борлуулах хүсэлтэй малчин олон бий. Цаашлаад ашиг шим өндөр, цөөн тооны малтай болох сонирхолтой. Хүндрэлийг хэрхэн даван туулахаа шийдэхийн тулд бид саяхан аймгийн болон улсын сайн малчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ үеэр ч малчид малаа экспортлох сонирхолтойгооилэрхийлсэн. Одоо малын тарга хүч муудсан учраас ирэх зун, намраас ийм боломж бүрдүүлэхийг төр, засгаас хүслээ” хэмээв.
Хаваржилт хүнд байгаа аймгуудын нэг нь Баян-Өлгий юм. Тус аймагт энэ он гарснаас хойш 17 000 гаруй мал хорогджээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулантай холбогдоход бас л малын тоо толгойг цөөлөх шаардлага бийг тодотгосон. Баян-Өлгий аймаг 13 сумтайгаас Толбо, Буянт, Өлгийгөөс бусдад нь хаваржилт хүндэрсэн гэнэ. “Өнгөрсөн өвөл их хүйтэн, цас ихтэй байлаа. Өчигдөр ч (уржигдар) цас нэмж орсон. Энэ нь хаваржилт хүндрэхэд нөлөөлж байна. Нөгөө талаар малын тоо олширч, бэлчээр талхлах болсон нь сөргөөр нөлөөлж буй. Манай аймгийн нутаг дэвсгэр уг нь 3.5 сая га бэлчээртэй гэдэг юм. Харин өнгөрсөн оны сүүлчээр эл үзүүлэлт 2.7 сая га гэж гарсан. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 1.4 сая мал л бэлчээх хэмжээний талбай гэж болно. Гэтэл одоогийн малын тоог хонин толгойд шилжүүлэхэд дээрхээс гурав дахин илүү байгаа. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац ийм хэмжээгээр хэтэрсэн. Зарим сумд малын тоо бэлчээрийн даацаас тав дахин хэтэрсэн нь ч бий” гэв.
Бэлчээрийн даацын тухайд зөвхөн дээрх хоёр аймагт ч бус, манай орны ихэнх нутагт хэтэрсэн гэхэд болно. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүн шинжилгээгээр бол энэ хавар манай орны нийт нутгийн 40 орчим буюу тал хүрэхгүй хувьд нь бэлчээр хүрэлцээтэй гэнэ. Харин үлдсэн 60 хувьд нь даац хэтэрсэн гэсэн дүн гарчээ. Байгалийн араншин ийнхүү бэлчээрээ хамгаалахыг бидэнд сануулсаар. Энэ үзүүлэлт цаашид илүү нэмэгдэхээс өмнө арга хэмжээ авч, бэлчээрээ хамгаалахгүй бол жил бүрийн өвөл, хавар малчид хүндрэлтэй тулгарсаар байх нь.
Бэлтгэсэн М.Оч