Хамар, нүдний хэлбэр өөрчилж засдаг нэгэн эмнэлгийн хагалгааны дараалал энэ он дуустал бичигджээ. Зөвхөн хагалгаа хийлгэх буюу эмчийн үзлэгийнх нь цагийг авахаар хэдэн долоо хоног хүлээх жишээтэй. Гоо сайхны салонд янз бүрийн тарилга тариулах, ядаж хөмсгөө шивүүлэх хүмүүс ч тасардаггүй. Үйлчлүүлэгч олонтой, хөрөнгө мөнгө ч чамгүй эргэлддэг пластик мэс засал, гоо сайхны ажиллаврын чиглэлийн мэргэжилтэн, мэргэшсэнэмч, сувилагч, гоо засалч тэгвэл манайд хэр олон байдаг бол. Гоо сайхны мэс засал хийх эрхтэй хэдэн эмчтэй, тэд нь иргэддээ хүрэлцэж буй, эсэх, салбарын үйл ажиллагаанд аль байгууллага хяналт тавьдгийг тодрууллаа. Мөн гоо сайхны мэс засал хийлгэсэн зарим хүний сэтгэгдлийг чсонссонюм.
Жишээ нь Хан-Уул дүүргийн иргэн 40 настай М тогтмол үйлчлүүлдэг Баянголын XI хороонд байрлалтай гоо сайхны салонд хагалгаанд оржээ. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард урд хөршөөс нэгэн эмч ирж, тухайн салоны нэг өрөөнд цөөнгүй бүсгүйн нүдэнд давхраа хийсэн аж. Давхраа хийлгэсний дараах хэд хоног М нүдээ аньж, унтаж чадахгүй зовуурилан, хятад эмчид хэлтэл “Ийм зовуурь үүсдэг, өвчин намдаах эм уу” гээд ойшоолгүй орхижээ. Хагалгаанаас хойш цөөнгүй жил өнгөрсөн ч М нүдний хэлбэртээ сэтгэл дундуур хэвээр гэнэ. Энэ талаар тэрбээр “Миний нүдний дээд зовхийг хэт хонхойлгон, мөн дээшээ татсан шиг байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам хонхойж, одоо дүүргэлт (филлер) хийлгэхгүй бол эвгүй харагддаг болсон. Бас зовхийг хэт татсанаас салхитай өдөр нулимс их гоождог” хэмээв.
Баянзүрх дүүргийн иргэн 27 настай Х “Би Монголд нэр хүндтэйд тооцогддог гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамраа өндөрлүүлсэн. Эмч нь имплант тавьж болно гэсний дагуу тавиулсан. Харин ямар эрсдэл үүсэх талаар хэлээгүй. Гэтэл хамрын имплант маань томдоод жилийн дотор үзүүр нь улайж, бүр арьс нь цоорсон. Тиймээс имплантынхаа хэмжээг багасгаж, жижигрүүлэхээр хоёр чудаа хагалгаанд орсон. Миний бодлоор эмч нь ямар хэмжээ, хэлбэртэй хамарт ямар хэмжээтэй имплант тавихаа мэддэггүй юм байна лээ” гэж ярилаа.
38 настай Г “2021 онд “Гранд плаза” худалдааны төвд байрлалтай гоо сайхны салонд нүүрэндээ утас суулгуулсан. 40 ширхэг утсыг (хоёр см хэртэй, биед шимэгддэг мяндсан утас) нэг бүрийг нь 25 000 төгрөгөөр суулгуулсан. Арьсны өнгө засарч, хялгасан үрчлээ тэнийнэ гэсэн ч төдийлөн үр дүн гараагүй. Мөн утаснууд нь нүүрний энд, тэндээс цухайснаас 3-4- ийг нь өөрөө сугалж хаясан” гэсэн юм. Энэ бол гоо сайхны мэс засал, гоёлын мэсажиллавархийлгүүлээд түүндээ сэтгэл дундуур байгаа хүмүүсийн наад захын жишээ. Өөх соруулах, хамрын хэлбэр өөрчлүүлэх, арьс татуулах зэргийн улмаас эрүүл мэнд, санхүү, амиараа хохирсон хүн ганц хоёроор тогтохгүй.
Гоо сайхны мэс заслыг тусгай зөвшөөрөл бүхий эмнэлэгт, мөн зөвшөөрөлтэй эмч нар хийх ёстой. Энэ тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын дарга С.Сүнчин “Салбарын яам бол төрөлжсөн, томоохон эмнэлэгт зөвшөөрөл олгодог. Тэдгээр эмнэлэг эмчилгээ, үйлчилгээний олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гоо сайхан, нөхөн сэргээх хагалгаа хийх нь бий. Мэдээж эмч, ажилтнууд нь зөвшөөрөлтэй, орчин нь стандартын шаардлага хангасан. Яамны зөвшөөрөлтэй эмнэлгүүд гадаадаас эмч урьж мэс засал хийлгэх бол мөн зөвшөөрөл авна. Зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийлгэсэн гоо сайхны мэс заслын улмаас иргэд хохирсон гэсэн гомдол сүүлийн жилүүдэд ирээгүй. Харин гоо сайхны мэс засал, арьсны эмчилгээгээр дагнасан эмнэлгүүд нийслэлийн болон орон нутгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг. Удахгүй бид пластик мэс засал, гоо сайхны ажиллавар хийдэг бүх эмнэлгийг бүртгэж, цахим систем үүсгэхээр ажиллаж байна” гэв. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан “Манайхаас комисс томилогдон мэргэжлийн эмч, сувилагч, бусад ажилтны боловсролын үнэмлэх, ажлын байрны стандартыг харгалзан гоо сайхны болон арьс заслын эмнэлгүүдэд зөвшөөрөл олгодог. Одоогоор улсын хэмжээнд гоо сайхны буюу пластик мэс заслын 14, арьсны эмчилгээний 88 эмнэлэг үйл ажиллагааявуулж буй. Тэдгээрт шаардлагатай боловсон хүчин бий гэж ойлгож болно. Харин тухайн эмчийн ур чадвар, туршлагаас шалтгаалж асуудал үүсэх нь бий. Бид зөвшөөрөл олгосон эмнэлгүүддээ гэнэтийн болон төлөвлөгөөт шалгалт хийдэг. Ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд засаж, залруулах арга хэмжээ авхуулдаг. Иргэд үйлчлүүлэхээр сонгосон эмнэлэг болон эмчийн зөвшөөрөл, эмчийн туршлагыг харгалзан үзэххэрэгтэй” гэв.
Олон нийтэд нэлээд нэрд гарсан гоо сайхны мэс заслын нэгэн эмнэлгийг үүсгэн байгуулагч, (нэрээ нууцлав) эмч “Би гэхэд нөхөн сэргээх, пластик мэс засал хийгээд 20 гаруй жил болохдоо жил бүр, эсвэл хагас жилд нэг удаа өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж ирсэн. Анагаахын шинжлэх ухааны суурь мэдлэг, мэс засалчийн ур ухаанаас гадна пластик мэс засал хийхэд мэдрэмж, техник, туршлага шаарддаг. Гэтэл шүдний эмчээр 5-6 жил суралцаж төгсөөд, эсвэл БНСУ-д 1-2 жил мэргэжил дээшлүүлсэн хүмүүс хүний нүд, хамар, нүүр царайгаар “оролдоод” байгаа нь харамсалтай. Манай эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн цөөнгүй нь зарим эмчийн хийсэн гажгийг засуулахаар ханддаг. Монголд гоо сайхны мэс засал хийх чадвартай, мэргэшсэн, алдаа дутагдал гаргахгүй гэж болох эмч 10-аас хэтрэхгүй бий. Миний мэдэхээр гоо сайхны томоохон эмнэлэг бүрт мэдээгүйжүүлэгч эмч байхгүй. Ийм эмч нар эмнэлгүүд дунд явж ажилладаг нь нууц биш. Гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслынх гэлтгүй манайд бүх чиглэлийн эмч дутагдалтай учраас хаана хаанаа хэцүү шүү дээ” гэсэн юм.
Салбарын яам, газраас өөрсдийнх нь олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд сайн ажилладаг, иргэдээс ямар нэгэн гомдол, санал ирүүлээгүй хэмээн дуу нэгтэй хэлж байна. Мөн зөвшөөрлөө мэргэжлийн эмч, боловсон хүчнийг нь шалган, нягтлаад олгосон гэнэ. Харин пластик мэс заслын чиглэлээр олон жил ажилласан, туршлагатай эмч салбар нь хүний нөөц муутай, зарим эмнэлэг чанаргүй хагалгаа хийдэг, түүнийг нь засаж залруулахаар ажилладаг гэдгийг нуухгүй хэллээ. Давхраа хийлгэх, хамрын хэлбэр засуулах дундаж ханш одоогоор 1.5, нүүрний арьс татуулахад зургаа, өөх соруулж, биеийн хэлбэр өөрчлүүлэхэд 10 саяас дээш төгрөгийн ханштай байна. Ийм хагалгаа нь нарийн төвөгтэй, мэргэжлийн ур чадвар шаардсан, үйлчлүүлэгчийн амь насанд ч эрсдэл учирч мэдэхээр. Гэтэл ийм хагалгаа хийдэг эмнэлгүүдэд зөвшөөрөл өгөх төдийгөөр л зөнд нь хаячихаж. Эмчийн туршлага, хэдэн жил хаана суралцсан, ямар үйлчилгээ үзүүлж чадах, эсэхийг хянадаг, шалгадаг байгууллага алга. Зөвшөөрөл өгөхдөө л бүгдийг нь магадалсан, иргэд өөрсдөө хаана, хэнээр үйлчлүүлэхээ сайтар нягтал гэж байгаа нь харамсалтай.